Нэг тэрбум ам.доллараар газрын тос боловсруулах үйлдвэр барина

Мэдээ

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэхүү үйлдвэрийг барихаар сонгосон байна. Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцоолжээ.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4, 5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн авто бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой аж. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орой зай нэмэгдэнэ.

Мөн үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт нэг тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ. Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, хими цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолжээ.




САНАЛ БОЛГОХ