Маргаантай арлуудын асуудлаар хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад санал нэгдэв

Мэдээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар маргаантай байгаа дөрвөн арлын асуудлаар эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад санал нэгдлээ. Дэлхийн II дайны энхийн хэлэлцээрт нэгдэхэд саад болсон арлын маргааныг талууд энэ удаагийн уулзалтаар эцэслэх зорилго тавиад байсан юм. Харин уулзалтын дараа Шинзо Абэ талуудын дунд "нухацтай яриа" өрнөснийг онцолж "Арлын маргаан болон энхийн хэлэлцээрийн хүрээнд эдийн засгийн хамтарсан тусгай, системчилсэн арга хэмжээ авахаар болсон" гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Бид хоёр улсын дунд үүссэн асуудал болон олон улсын өргөн цар хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцсэн. Олон улсын асуудалд ОХУ-ын үүрэг хэр чухал болох, мөн эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд Япон болон ОХУ хэрхэн хамтарч ажиллах талаар бид ярилцсан. Маргаантай байгаа дөрвөн арал руу өмнө нь оршин сууж байсан япончууд визгүй очих талаар бид нээлттэй, маш нухацтай ярилцаж чадсан гэж бодож байна. ОХУ-тай маргаантай дөрвөн арлын асуудал мөн энхийн хэлэлцээр байгуулах тал дээр эдийн засгийн хамтарсан тусгай, системчилсэн арга хэмжээ авна гэж ярилцлаа” хэмээн мэдэгдсэн байна.

Дэлхийн II дайны үед Курилийн бүлэг арлын бүрэлдэхүүнд багтах Эторофу, Шикотан тэргүүтэй дөрвөн арлыг ЗХУ өөрийн эзэмшилдээ авч, арал дээр амьдарч байсан 17 мянган япончуудыг албадан гаргасан байдаг. Хэдий тийм боловч Японы зүгээс эдгээр арлууд анхнаасаа өөрсдийнх нь эзэмшил байсан гэж маргаан дэгдээсэн юм.

Энэхүү маргааныг эцэслэх зорилготой уулзалт 95 минут орчим үргэлжилсэн байна. Уулзалтын үеэр Владимир Путин, Шинзо Абэ нар дээрх асуудлаар "Эдийн засгийн хамтарсан арга хэмжээ авах нөхцөл, хувилбарыг тодорхой заасан төлөвлөгөө боловсруулахыг албаныханд үүрэг болгосон" гэж Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдэгдсэн байна. Тэрбээр “Эдгээр арлууд нь ОХУ-ын эзэмшил учраас холбогдох бүх асуудал ОХУ-ын хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэнэ” гэж онцолжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр Токио хотноо хэлэлцээгээ үргэлжлүүлнэ.




САНАЛ БОЛГОХ