Африк дахь уул уурхайн хур туршлага-1

Судлаачийн үг

Үндсэн сэдэвтээ орохоос өмнө хоёр тайлбар, хоёр ижилсэл буйг тэмдэглэе. Хоёр тайлбар гэдэг нь 1) Монголд улс төрийн тогтвортой байдал эрсдэх аюул бодитой, тэр нь нийгмийн ба шударга ёсны учир шалтгаантай: 2) Харин Африкт улс төрийн тогтвортой байдал эргэлзээтэй, хямрал мөргөлдөөн зарим улсад нь тасрахгүй, тэр нь нийгмийн ба шударга ёсны гэхээсээ угсаатан- шашны учир шалтгаантай.

Хоёр ижилсэл гэдэг нь 1) Монголд уул уурхайг шүтсэн, түүнгүйгээр өөдлөн дэвжих боломжгүй эдийн засаг төлөвшсөн: 2) Африкт уул уурхайн баялаг ба тэсрэлт нь хөгжил бус хямрал мөргөлдөөн дагуулсан хур туршлага буй, хэрэв Монголд эдийн засгийн бүтцээ нэн даруй өөрчлөхгүй бол Африкийн өмнөх замаар яалт ч үгүй орох, ийм оршлыг эхэнд нь хийе!

Африкийн өмнөд ба тропикийн хэсэг нь газрын баялгаар нэн арвин. Зэс, алт, нефть, алмааз, боксит, фосфат гээд арилж өгнө. Хөрсөн дороо арвин буй ч үлэмж ихийг олборложээ. Үндэсний гэхээсээ гадаадын компаниуд олборлоно. Гадаад компанид ажиллах нь африкийн уугуул иргэдийн хувьд аз завшаан. Уурхай, нефтийн үйлдвэрүүдэд африк иргэд үй түмээрээ бий. ӨАБНУ нь Африктаа үлэмж хөгжингүй орон. Аж үйлдвэр өндөр хөгжсөний дүнд цалин хангамж сайтай. Өмнөд Африкийн уул уурхайд очиж ажиллах нь хөрш африк орнуудын цагаачдын цорын ганц хүсэл нь. Апартеидын үед цагаан арьстан хамаагүй давуу эрхтэй, хэт өндөр цалин авч байсныг ӨАБНУ-д залруулсан. Аль ч арьстан чадвараасаа шалтгаалан тэгш эрхтэй цалинжина.


Өмнөд Африкийн араас нефтийн салбарт Нигериа, Конго, Габон гайгүй сайн үзүүлэлттэй яваа. Жижиг Габон гэхэд л нефтийн орлогоо зөв нөөцлөөд зөв хуваарилаад аж байдлын дээшлэлтийн жинхэнэ соёлжсон африк стандартыг тогтоож чаджээ. Энэ улсад хүн ам тутамд ногдох жил тутмын дундаж орлого 3000 ам.доллар. Нигериа, Конгод ч ийм үзүүлэлт гайгүй хангагдаж байна. Нигериа бол маш олон хүн амтай, Конго нь социалист чиг баримжаагаар замнаж байсан. Харин одоо уул уурхайн холланд өвчнөөсөө бүрэн салсан. Замби улс өнгөт металл, нефтиэр баялаг, эрчим хүчний сайн баазтай. Замбид эдийн засгийн өсөлт өндөр, харин хүн амын амьдралын түвшин нэг их чинээлэг биш. Ардчилсан Конго буюу хуучны Заирт Катангад нь аж үйлдвэрийн төв байна. Тэнд уул уурхай жинхэнээсээ цэцэглэсэн, зэс, кобальт, цинк, төмөрлөг үйлдэрлэдэг, харин хүн амын амьдралын түвшин доогуур. Намиби (зэс, цинк, ураан, алмааз), Ботсван (алмааз, өмгөт метал), Либери (төмрийн хүдэр, алмааз) улсад хүн амын амьдралын түвшин харьцангуй өндөр.

Хөрсөн дор буй өнгөт төмөрлөг, газрын тосноос гадна Африк бол тарьдаг, ургуулдаг, зардаг гэж үзэх асар их мод, ургамалтай. Түүнийгээ ч үнэт баялагт тооцно. Кот-д’Ивуар улаан модоороо алдартай, Гана нь какао-боб, Кени нь кофе, цай, Камерун нь какао-боб, кофе, каучук, Сенегал нь арахис самар, Мозамбик нь кешь гэх ургамал экспортлоно.

Африкийн орнууд ерөнхий утгаараа сайн тал руугаа урагшилж явна. Байгалийн баялгийн хараал хүрдэг үеэ өнгөрөөсөн. Хүн ам багатай боловч байгалийн түүхий эдийн экспортоосоо гайгүй сайн орлого олдог гэдгээр Реюньон, Сейшел, Маврикийг нэрлэнэ. Тэнд нефть оргилоод, зэс нүүрс бялхаад байсангүй, харин чихрийн нишэнгэ, ваниль, тамхи, цай тариалаад, загас агнуураа хөгжүүлээд л болох нь тэр. Чихрийн нишэнгэ, тамхи, хөвөн зарж жилдээ хүн ам тутамдаа 700 ам.доллар олдог Свазиланд улс гэхэд л сайны жишээ болж явна.

Тэгэхдээ экспортолж байж л хөгжинө. Экспортлох байгалийн түүхий эдгүй бол хоцрогдоно, ядуурна. Гэхдээ сүүлийн 10 гаран жилийн үзүүлэлтийг нь ажвал Африкт эдийн засгийн өсөлт харьцангуй гайгүй яваа. 1970-аад онд таван хувь, 1980-аад онд 3-4 хувьтай байсантай харьцуулаад тэр шүү дээ. Экспорт нь л гол локомотив болсны гавьяагаар тэр. Гэхдээ Африкийн бүх улс баялгаар хахаагүй, ихэнхи нь хөгжлийн альтернатив зам эрэлхийлж яваа. Байгалийн баялаггүй бол хөгжил үгүй гэдгийг тропикийн Африкийн улсууд харууллаа.

Халуун бүсийн (тропикийн) Африкт 28 улс байна гэхэд тэдгээр нь НҮБ-ын судалгаагаар дэлхийн хамгийн хоцрогдсон 42 улсын тоонд орж байна. 1980-аад онд Африкийн хагас зуун улс орон ДНБ-ий нийлбэр үзүүлэлтээрээ 150 тэрбум aм.долларт хүрч байсан нь тэр үеийн ганц Бельгийн бүтээгдэхүүний үзүүлэлт байсан баримт нэгийг хэлэх мэт. Байгалийн баялаг хомс, эсвэл өөрсдөө эзэмшиж чаддаггүй, эзэмших хөтлөн явуулах үндэсний боловсон хүчин байхгүй зэрэг шалтгаан нь зарим талаар Монголынхтой төстэй ч юм шиг. Одоо ч ийм гачлан Африкт хэвээрээ.

Африкийн хоцрогдсон орнуудад дэд бүтэц маш сул хөгжсөн. Худалдаа, ахуй үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэр гэвэл нойл заана. Тэр хэрээрээ Африкт хээл хахууль, авлига цэцэглэсэн. Transparency International-ын 2011 оны илтгэлд явж байсан санагдана. Эмчлэгдэх аргагүй болсон хорт хавдартай зүйрлэн бичсэн байсныг би олж уншсан. Тэр байдал энэ 2016 онд эмчлэгдчихээгүй л байгаа болов уу. Африкийн нийгэмд сая саяараа ядуурсан нь тийм хорт хавдраас угшилтай. Өмнөд Африкаас Египетийг хүртэл коррупцын савар сүлжилдсэн ба “Арабын хавар” гэх нийгмийн хувьсгал бол авлигалын эсрэг нэг ёсны тэсрэлт байсан хэрэг. Африкийн Холбооны тооцоолсноор, $ 148 тэрбумыг жил болгон улсын сангаас лидерүүд нь, төрийн албан хаагчид нь хулгайлдаг аж. Африкт түгээмэл болчихсон нэг зуршил бол Засгийн газрын ба төрийн түшмэдийн үнэгүй эдэлж хэрэглэх үйлчилгээ, барааны урт жагсаалт. Энэ нь улсын төсвийг сүйднэ. Forbes-ын бас нэг судалгаа байна. Хамгийн ихээр авлигажсан 16 улсын эхний ес нь Африкийнх байна.

Африкийн орнуудад төрсний гэрчилгээ, паспорт авахад цаад албаны хүмүүс нь заавал мөнгө авч байх бичигдээгүй хуультай. Замын цагдаа нь автобусны жолооч, таксистуудаас мөнгө авч байх хуультай. Гаалийн байгууллагууд нь импорт, экспорт эрхлэгчдээс заавал төлбөр авна. Африкт хэрэгждэг ихэнхи төслүүд авлигалд идэгдсэн захиалагчаар дамжин хэрэгжинэ. Төслөөс хувьдаа заавал ямар нэгэн юм салгана. Төсөл болгон гурав дахин их өртгөөр бүтнэ. Татвар төлөгчдөд хүнд нь бууна. Энэ нь Монголынхтой төстэй биш гэхэд ойролцоо ч юм шиг.

Африкт тендер зарлана гэж бараг байхгүй. Компаниудтай контракт байгуулна гэдэг ямагт хаалттай, төрийн түшмэдэд комисс төлнө гэж барагдахгүй. Канадын инженерийн Эйкерс гэх компани Лесотогийн Дээд шүүхэд дуудагдан буруутгагдаад $ 260 000 хахуульд төлсөн ба африкийн энэ жижиг улсад $ найман тэрбумын контракт байгуулахдаа төлсөн мөнгө нь тэр аж. Сомалийн нутаг дэвсгэрийн усанд үйлдвэрийн хаягдлаа хадгалах гэж швейцарь, италийн компаниуд Сомалийн шилжилтийн Засгийн газрын албаны хүмүүст асар их мөнгө хахуульдаж байв. Америкийн нэг компани Нигериад $ 10 тэрбумын шатдаг хийн завод барих контрактандаа 180 сая долларыг нь авлигад зарцуулжээ. Ийм жишээг жагсаагаад баршгүй.

Надад өөрт тохиолдсон нэг жишээ. Миний ажиллаж амьдарч байсан Египетэд (Африк ба Арабын тэргүүлэх шүү дээ!) болсон нэгэн явдлыг эргэж саналаа. ЭСЯ-ныхаа албан хэрэгцээнд зориулан АНЭУ-аас худалдан авсан шинэ микробус, суудлын машиныг Каирт оруулж ирэн ашиглах квотыг бүтэн гурван сар хүлээсний эцэст Египетийн ГХЯ, Сангийн яам, Гаалийн газраас аваад Порт Саидын боомтын гаалиас машинуудаа авахаар очсон хэрэг. Боомтын гаалийн зогсоолын төлбөр дийлдэхдээ больсон, олон шатны хүнд суртлын дамжлагыг дамждаг гэдэг утгаар зарим нэг хөнгөлөлтийг бидэнд үзүүлж магадгүй гэж тооцоолон Элчин сайд би өөрийн биеэр очиж, нөгөө талд хүндэтгэл үзүүлэн хөөцөлдөхөөр шийдвэрлэсэн нь амьдын там туулсантай адил явдал болж даамжирч билээ. Юун нөгөө Элчин сайдын хөнгөлөлт, ЭСЯ- ны тамга тэмдэг. Тэр их хүнд суртал, тоос шороо, машин, дуу чимээ. Нэг брокер олж аваад дотогш нь оруулаад тэр тоос шороон дунд бид гурван цаг хүлээлээ. Юу ч бүтээгүй байж байтал боомтын ажил тарлаа. Манай ЭСЯ боомтод бүртгэлгүй тул регистр хийлгэж байж харьц гэсэн гэв. Миний даралт ихсээд хэвтлээ. Тэр там дунд хоёр машинаа салгаж авахаар манай залуус үзэж таарлаа, дараа нь илтгэх хуудас төвдөө бичнэ, хүн итгэхэд бэрх, зүүд зэрэглээ шиг юм бичигдэж таарна. Порт Саидын боомтоос бид өөрийнхөө юмыг авах гэж явдал суудал үлэмж ихээр шаардсан, эрсдэл дагуулмаар аюулын дор ажиллалаа. Долоо хоногийн сунжирсан ажил өрнөлөө. Холбогдох бичиг баримт, гарын үсэг дуусч, хоёр машинаа салгаж авах нь авсан. Олон шатны хүнд суртлын цаана гарах нь гарсан. Бүлэг дээрэмчдээс өөрсдийнхөө эд юмыг салгаж авах гэж байгаа янзтай, тийм сэтгэгдэлтэйгээр, сэтгэхүйн их дарамтыг ЭСЯ-ны хоёр ажилтан амсаж, би ч бас Каирт шаналж суулаа. Бүтэн долоо хоног зөвхөн тэнд нь хөөцөлдөж, олон мянган ам.доллар хахуульд төлж байж салгаж авсан даа. Энэ бол Африкт түгээмэлжсэн авлигалын сонгодог жишээ нь.

Африкт төрийн сан гэдэг бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн нэгний хувийн өмч мэт байдаг. Эсвэл тэдний гэр бүл, найз нөхөд, улс төрийн намынх нь өмч. Төрийн ба эрх баригч намын хариуцах өмчийн ялгаа гэж байхгүй. Коррупцыг дээр доргүй тэвчихээс аргагүй. Африкт нефть, алт, алмаз, боксит, колтан, ураан, марганц, элдэв мод экспортлоод байдаг. Гэтэл Африк нь ертөнц дээрх хамгийн ядуу нутаг хэвээрээ үлддэг. Учир нь экспортоос ирж ирдэг хамаг орлого нь авлигажсан түшмэдийн хувийн данс, төр засгийн түшмэдийн халаас руу урсаж байдаг учраас мөнхөд ядуугаараа байдаг. (Үргэлжлэл бий).
САНАЛ БОЛГОХ