Амжилт ба бүтэлгүйтэл
Технологийн цаг
Прайвеси, аюулгүй байдлыг хангахад үнэмлэхүй дэвшил гарсан
Улирч буй оны хувьд өдөр тутмын хэрэглээнд тулгуурласан технологийн ололтыг гялалзсан гэж дүгнэхэд арай хэтийднэ. Гар утас, "hoverboard" буюу ухаалаг скүтерээс эхлээд нийгмийн сүлжээнд тархсан хуурамч мэдээлэл гээд программ, техник хангамж, цахим орон зайд сайжруулах шаардлагатай бүтэлгүйтэл олон бий.
Гэхдээ энэ жил бүхэлдээ бүтэлгүйтлийн шуурганд өртсөн гэвэл худлаа. Wi-Fi, VR болон нууцлалын систем зэрэгт дэвшилттэй жил байв. Энэ талаар тоймлон хүргэе.
БҮТЭЛГҮЙТЭЛ
Цэнэг хураагуур: Литийн ионыг өдөр тутмын технологийн хэрэгслүүдийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлд олон жил ашигласан. Гэвч эвдрэлтэй цэнэг хураагуурын улмаас ухаалаг скүтер, “Samsung”-ийн гар утас дэлбэрсэн билээ. Технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт гэх уг хоёр төхөөрөмж харамсалтай нь аюулгүй байдлын хувьд шаардлага хангасангүй.
Үүний улмаас ухаалаг скүтерийг сургуулийн орчинд хэрэглэхийг хориглож, “Samsung” компани 2.5 сая “Note7” гар утсаа зах зээлээс буцааж татахаар болсон. Түүгээр ч барахгүй технологийн салбарынхан цэнэг хураагуурын үйлдвэрлэлийн дараагийн үеийг эрэлхийлж, хийхэд хямд, хялбар литийн ионоос татгалзах, эсэх талаар ярилцаж эхлэв.
Хуурамч мэдээлэл, хүчирхийллийн талбар: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр “Facebook”, “Twitter”, “Google” зэрэг “томчууд” америкчуудын сонголтод нөлөөлөх хуурамч мэдээлэл цацаж байна гэдэг шүүмжлэлд их өртсөн. Үүний зэрэгцээ “Twitter” ч хүчирхийлэл, арьсны үзлийг дэвэргэсэн бичлэгний эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй байна гэх үндэслэлээр ширүүхэн шүүмжлэлийн бай болов. Гэхдээ энэ бүхний дараа нийгмийн сүлжээний платформууд хуурамч мэдээлэл, хүчирхийлэлд турхирсан үг хэллэгийг нийтлэхгүй байх хэд хэдэн алхам хийсэн.
Виртуаль туслах: “Amazon”-ий ухаалаг чанга яригч болох “Echo”-ийн өрсөлдөгч болгон танилцуулсан “Google”-ийн “Allo” хэмээх ярьдаг мессежний аппликейшн хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хөгжилд нэг шат ахисан технологи байлаа. Гэвч энэ нь бие даасан гэхээсээ илүү виртуаль технологийн хавсарга төдий болсон юм.
Хиймэл оюун ухааны технологид “Google”-ийн “Assistant”, “Apple”-ийн “Siri” болон “Amazon” компанийн хөгжүүлсэн “Alexa” гээд олон тоглогч гарч ирсэн. Гэвч эдгээр нь энгийн үйлдэл хийхдээ ч бүтэлгүйтэж буй нь олон туршилтаар тодорхой болов. Тухайлбал, “Alexa” л гэхэд Америкийн хөлбөмбөгийн дээд лигийн тоглогчдыг хэлж чаддагүй байв. Харин “Google”-ийн “Assistant” зоогийн газарт болон хоол хүргэлтийн захиалга өгч чадахгүй байгаа бол “Siri”-ийн алдаа өгөгдлийн дагуу зам заахад илэрч буй аж.
ДЭВШИЛ
Утасгүй интернэтийн орчин: Өдөр тутам хэрэглэж буй технологийн хөгжил, дэвшлүүд дундаас энэ онд хамгийн өөдрөг, тоймтой байгаа нь интернэтийн утасгүй орчин болж байна.
“TP-Link”, “Asus”, “Netgear” зэрэг сүлжээний төхөөрөмжийн сайжруулсан шинэ загваруудын ачаар утасгүй сүлжээ илүү хурдтай болж, ухаалаг хөдөлгөөнт хэрэгсэлд утасгүй сүлжээ дамжуулах боломж сайжирч, орон зайн хувьд ч нэмэгдэв.
Түүнчлэн, “Google” болон “Eero” стартап компани утасгүй сүлжээг техникийн багахан нөү-хаугийн тусламжтай илүү хялбарчилсан байна. Виртуаль бодит байдал: Энэ технологи өөрийн голдирлоо олоход багагүй хугацаа шаардагдах нь. Энэ жилийн хувьд HTC, “Facebook”-н “Oculus”, “Sony”-н “PlayStation” болон “Google”-ийн хөгжүүлсэн VR технологиуд зөвхөн видео тоглоомын талбарт л амжилттай нэвтрэв. Гэхдээ энэ нь өндөр өртөг бүхий өмсгөлтэй уг технологийн хэрэглээг хязгаарлах нэг хүчин зүйл болж байна. Мэдээж онцгой дэвшил гарсныг тэмдэглэх хэрэгтэй бөгөөд ирээдүй нь ч гэрэлтэж буй.
Нууцлал: АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон “Apple”-ийн хооронд өрнөж буй дайныг харвал технологийн компаниуд ба засгийн газруудын дунд үүссэн зөрчлийн шалтгаан нь прайвеси, аюулгүй байдалтай холбоотой. Холбооны мөрдөх товчоо “Apple”-ийг “iPhone” утасны нууцлалыг сулруулахыг шаардсан юм. Ингэснээр жил гаруйн өмнө Калифорни муж улсын Сан- Бернардинод олон хүний аминд хүрсэн гэмт хэрэгтний “iPhone” гар утас ямар мэдээлэл агуулж буйг мэдэх боломжтой болно гэж үзэж буй. Хариуд нь “Apple” зөвхөн нэг мөрдөн шалгалтын улмаас нууцлалыг сулруулах нь бусад бүх хэрэглэгчийг эрсдэлд оруулна гэсэн байр суурь илэрхийлсэн.
Энэхүү үйл явдлын улмаас технологийн бусад компани нууцлалаа сайжруулах шаардлага тулгарч буйг даруй ухамсарлажээ. Өөрөөр хэлбэл, энэ жил хэрэглэгчдийн прайвеси, аюулгүй байдлыг хангахад технологийн салбарт үнэмлэхүй дэвшил гарсан.
Видео стриминг: Гар утсаараа хийж буй бичлэгээ түгээх нь цоо шинэ ойлголт мэт байсан цаг саяхан. Учир нь шууд стриминг үйлчилгээний хөгжүүлэлт практикт нэвтрэхэд арай эрт, яг таг болоогүй байсан юм. Харин өнгөрсөн жил “Twitter”-ийн “Periscope”, “Facebook”-ийн “Live” үйлчилгээний ачаар видео стриминг нийтийн хэрэглээ болж чадлаа.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар “Periscope” аппликейшнээр өдөрт 110 жилтэй тэнцэх хэмжээний урт видео дамжин түгэж байв. Энэ нь нэг жилийн өмнөхөөс 40 жилээр уртассан үзүүлэлт юм байна. Харин “Facebook”- ийн “Live” видеог өдөрт найман тэрбум удаа үздэг аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй