Шинэ хуудас нээх сунгаа

Нийтлэл

Дэнчингийн мөнгөө дутуу төлсөн гэх шалтгаанаар нэг нэр дэвшигчийг хасав

Ажин түжин буй Ардчилсан намын байр хөл хөдөлгөөнд дарагдаж, хийрхлээр дүүрэх цаг айсуй. Энэ сарын эхээр тус намын Их хурал хуралдаж, намын даргаа нийт гишүүний саналаар сонгохоор болсон. Энэ дагуу АН- ын даргын сунгаанд өрсөлдөхөөр Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ж.Батзандан, М.Чимэддорж нар бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ өнөөдөр авснаар сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлнэ. Гэхдээ дэнчингийн мөнгөө дутуу төлсөн гэх шалтгаанаар сонгууль зохион байгуулах хороо “Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс нэр дэвшсэн М.Чимэддоржийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан байна.

Ингэснээр 40 хоногийн хугацаанд орон даяар сонгуулийн кампанит ажил өрнүүлсэн таван нэр дэвшигчийн нэг ирэх оны нэгдүгээр сарын 29-нд болох санал хураалтаар тодорно.

Олон фракцтай, тэр хэрээрээ эрх ашгийн зөрчилтэй Ардчилсан намыг удирдана гэдэг тийм ч амар ажил биш. Тиймээс тус намын дарга асуудлыг зөвшилцөж чаддаг, нэр цэвэр, улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Тэгвэл намын даргын сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хувьд улс төрд өөр өөрсдийн орон зай, өнгө төрхийг бий болгосон хүмүүс. Тухайлбал, цөөнхийн үүрэг гүйцэтгэж байсан Ардчилсан намыг өнгөрсөн парламентад олонх болоход гол ачааг үүрсэн Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар намын даргын сунгаанд өрсөлдөж буй.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд азтай, одтой хүн гэж хэлэхэд хилсдэхгүй. 1996 оноос хойших нэг сонгуульд нь ялалт байгуулж, нэгд нь хамгийн олон суудал авч, гуравт нь хамтарсан засаг барилцсан Ардчилсан намын амжилтын бүх цаг үед тэрбээр сайдаар ажилласан цорын ганц хүн учраас ийн тодорхойлоход хүрч байна. Бүр тав дахь Засгийн газарт тэрбээр Ерөнхий сайд болж дэвшсэн юм. Улс төрийн карьер нь үргэлж өөдөө дээшилж, төрийн өндөр албан тушаалыг толгой дараалан хашихад түүний тэргүүлдэг “Алтан гадас” фракцын нөмөр нөөлөг чухал байр суурь эзэлнэ. Гэхдээ Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа намын эв нэгдлийг хангаж чадалгүй, намын эрх барих дээд байгууллагад салхи нэвтрүүлж, шинэчилж чадаагүйн улмаас өнөөгийн ялагдалд хүргэсэн гол хүн хэмээн бас буруутгадаг.

Харин Д.Эрдэнэбатын хувьд Ардчилсан намын “гал тогоо”-г авч явсан туршлагатай нэгэн. Орон нутгаас намын удирдах байгууллагад дэвшин ирсэн цорын ганц боловсон хүчин гэдгээрээ Үндэсний зөвлөлдөх хороонд дэмжлэгтэй хүн. МҮДН фракцын ганц төлөөлөл болох тэрбээр Ардчилсан намын гол цөмийг удирдахдаа фракцын бус, намын багийн тоглолттой гэдгээ харуулсан. Өнгөрсөн парламентад үнэмлэхүй олонх биш ч УИХ-д хамгийн олон суудалтай байсны хувьд эвслийн Засгийн газар байгуулах санаачилга, санал тавих эрхтэй байсан Ардчилсан намын суудлыг ердөө ес болгон бууруулсан буруутнуудад тухайн сонгуулийн дараа хариуцлага хүлээсэн. Ингэснээр тус намын ҮЗХ хуралдаж, Д.Эрдэнэбатыг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Таван сарын хугацаанд намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа орон нутгийн сонгуулийг удирдахын зэрэгцээ Их хурлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд бүрэн хэмжээний ялагдал хүлээгээд байсан Ардчилсан нам орон нутгийн сонгуульд 100 гаруй сум, гурван дүүрэгт ялалт байгуулсан юм.

Олон фракцтай АН-ыг удирдана гэдэг хэцүү

Нэр дэвшигч Ж.Батзандангийн хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах МАН-ын бүлгийн тогтоолын төсөлд гарын үсэг зурсан Ардчилсан намын цорын ганц гишүүн юм. Түүгээр ч зогсохгүй огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэхэд дэмжиж, кноп дарсан байдаг. Гэхдээ намын даргын сунгаанд нэр дэвшихээ зарлахын зэрэгцээ Ардчилсан намыг авлигачдаас нь салгах, Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сунгаанд сойхоо ил тодоор илэрхийлсэн нь түүнд нэмэх оноо авчирна гэх таамаг байгаа

Харин С.Эрдэнийн хувьд Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад Ж.Батзандан шиг гар бие оролцоогүй. Гэхдээ нүдээ аньж, чихээ даран тусалсан гишүүдийн нэг хэмээн тодорхойлж болно. Учир нь чуулганы танхимд ирээгүй зургаан гишүүний нэг билээ. Тэрбээр одоо УИХ дахь Ардчилсан намын есөн гишүүнтэй бүлгийг удирддаг. Түүнийг намын дарга болох мөнхийн мөрөөдөлтэй гэж хэлж болно. Мөн одоогийн удирдлага З.Энхболдын ойрын хүн гэдгээрээ “Шонхор” фракцын дэмжлэг авна. Нөгөө талаар, “Шонхор” фракцынхан нам доторх нөлөөллөө алдахгүйн тулд С.Эрдэнийг намын даргад зүтгүүлж байгаа юм.

Ардчилсан намын даргад нэр дэвшихээ албан ёсоор зарласан хүмүүсийн нэг бол Л.Гантөмөр. Тэрбээр Ардчилсан намыг шинэчлэхийг хүсэхгүй байгаа бүлэг гишүүнээс дайжиж, ийм шийдвэр гаргасан гэдгээ ч тайлбарласан юм. Ингэхдээ өөрийн тэргүүлдэг “Нэг Ардчилал” фракцыг татан буулгаж байгаагаа зарласан тэрбээр Ардчилсан намын залуучуудын төлөөлөл.

Ямартай ч, Ардчилсан нам анх удаа намын даргаа нийт гишүүдийн саналаар тодруулахаар болж буй нь энэ. Дээр дурдсан эрхмүүдийн хэнийг нь тус намын гишүүд, дэмжигчид сонгох нь одоогоор таамаг төдий л байна. Сонгогчдын хувьд намын эв нэгдлийг бататгаж, шинэчлэл хийхийг хамгийн ихээр хүлээж буй. Эцсийн дүнд, үйл явц нь өргөн агуулгаар өрнөх намын даргын сунгаанд гишүүдийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгож, батламжилна. Ирэх оны хоёрдугаар сарын 12-нд товлосон энэхүү VII Их хурал Ардчилсан намын түүхэнд нэгэн шинэ хуудас нээх биз ээ.

САНАЛ БОЛГОХ