Залхаан цээрлүүлдэг нийтийн тээвэр

Нийтлэл

Автобусуудыг жижиг тэргүүд орлох боллоо

Нийтийн тээвэр 07.00-22.30 цаг хүртэл иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Гэвч өвлийн улиралд гэгээ тасармагц автобусуудын бараа сураг алдарч, иргэд олон цагаар буудал дээр хонох нь хүлээх болов. Тэр дундаа захын хорооллын чиглэлийн автобусууд бараг өдрийн од шиг ховорхон болсон гэхэд хилсдэхгүй.

Төрийн албаны ажилтнуудаас бусад нь буюу хувийн хэвшлийнхэн зарим тохиолдолд арваас дээш цаг ажиллах шаардлага гардаг байна. Гэтэл тэдний ажил тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээ зогсчихдог. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагаар явуулах хүсэлтийг иргэд байнга тавьдаг.

Саяхныг хүртэл автобус зогссон үед микронууд явдаг байсан учир тийм ч их асуудал дагуулдаггүй байж. Гэтэл микронуудыг насжилт нь дууссан шалтгаанаар үйлчилгээнээс халсан. Уг нь нийслэлийн Тээврийн газраас микроны оронд жижиг оврын автобус явуулна гэсэн боловч өнөөг хүртэл тодорхой чиглэлүүдэд нэмэлт тээврийн хэрэгсэл явахгүй байгаа юм. Үүний үр дүнд иргэд хохирч, хэдэн цагаар хамаагүй автобус хүлээж, буудал дээр жиндэж зогсох боллоо. Зарим нь даарч зогсож байхаар гээд хэдэн буудал хэртэй алхах нь энүүхэнд.

Үүнээс гадна, автобусуудыг жижиг тэргүүд орлох боллоо. Автобусны буудал бүр дээр шахам жижиг тэрэг эгнээ дараалан зогсож, жолооч нар нь микроны кондуктор шиг явах чиглэлээ чангаар зарлах жишээтэй. Тэд хол, ойрын чиглэлээс хамаарч, нэг хүний 1000-3000 төгрөгийн үнээр үйлчилж байна. Нэг талаар шүүмжлэл дагуулдаг ч иргэдэд өөр сонголт үгүй учир хувийн машинаар нийтийн тээвэрт явах бизнес улам тэлсээр байна. Эндээс харахад, нийтийн тээврийн соёл ямар хэмжээнд байгааг үнэлж болохоор. Уг нь цахим карт нэвтрүүлж, гаднын жишиг рүү ойртож байгааг сайшаах нь зүйтэй. Гагцхүү микронуудын орон зайг нөхөх зохицуулалт хэрэгтэй боллоо. Тиймээс энэ асуудлыг нэн даруй зохион байгуулалтад оруулах цаг нь болжээ. Үүний тулд үйлчилгээнд гарч байгаа бүх автобусны жолооч нарыг хоёроос дээш ээлжтэй болгох, үйлчилгээний цагийг нэгээс дээш цагаар сунгах нь илүү оновчтой арга зам хэмээн иргэд хэлж байгаа юм. Бусад улс орны жишгээс харахад шөнийн автобус гэж явдаг. Энэ мэтчилэн нийтийн тээврийн ачааллыг бууруулахад зайлшгүй зохицуулалт хэрэгтэй байна.


ЗГМ Тодруулга:
“Оройн цагаар үйлчлэх автобусны тоог нэмсэн”

Энэ асуудлаар нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мягмарсүрэнгээс тодрууллаа.

-Өвлийн улирал болоод иргэд олон цагаар автобус хүлээж байна гэсэн гомдол тасрахгүй байна. Үүнд ямар нэг зохицуулалт хийж байна уу?

-Иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу нийслэлийн Засаг дарга манайд үүрэг өгсөн. Бид нийтийн тээврийн 86 чиглэлд зорчигч урсгалын судалгааг хийсэн. Судалгааны дүнд 35 чиглэлийн зорчигч урсгал өдрийн цагаар буурдаг гэж тогтоогдсон. Мөн 35-аас дахин шүүлт хийж, давхцалгүй буюу ганцхан автобус явдаг чиглэлүүдийг хасаж, 15 чиглэлийг сонголоо. Ингээд өдрийн цагаар зорчигчийн тоо буурдаг 15 чиглэлийн тээврийн хэрэгслийг цөөлж, эсрэгээрээ орой буюу зорчигчийн урсгал нэмэгдэх цагаар нэмэлтээр гаргах зохицуулалтыг энэ сарын 6-наас нэвтрүүлж эхэллээ.

-Өнөөдрийн байдлаар 86 чиглэлд хэчнээн автобус үйлчилж байгаа вэ. Зарим холын чиглэлд ганцхан автобус явж байна. Энэ чиглэлийн автобусны тоог нэмэх боломжтой юу?

-Нийтийн тээврийн зорчигч урсгал 10.00 цагаас эхэлж буурч, автобусууд 13.00-16.00 цагийн хооронд хоосон явдаг. Тэгэхээр өмнө нь жигд 86 чиглэлд 554 тээврийн хэрэгсэл явдаг байсан бол дээрх зохицуулалтын хүрээнд 15 чиглэлийн өдрийн цагаар явдаг байсан автобусуудын тоог цөөлөөд тэдгээрийг оройн цагаар нэмэлтээр гаргаж байгаа юм. Холын чиглэлийн тухайд НИТХ-ын тогтоолоор машин цагийн зардлыг баталсан байдаг юм. Жишээлбэл, энэ онд тэдэн автобус төчнөөн цаг ажиллана гэж санхүүжилт нь баталсан учир төсөвтөө тааруулж ажиллаж байгаа. Өдрийн цагаар цонхлоод, орой нь ажиллуулахаар тухайн жолоочийн ажиллах цагийн баланс таарч байгаа юм. Ингэж төсөвт суусан мөнгөндөө тааруулж ажиллаж байгаа тул нэмэх боломжгүй.

-Нийтийн тээврийн ажиллах цагийн хуваарийг хойшлуулах боломж бий юү?

-Ер нь бол автобус 22.30 цаг хүртэл явах ёстой. Энэ цагийн хуваарийг хойшлуулах боломжгүй. Гэхдээ зохицуулалтаар оройн цагаар ажиллах тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Мөн автозамын түгжрэлтэй холбоотойгоор автобус хоорондын хүлээгдэл нэмэгдэж байна.

САНАЛ БОЛГОХ