Ахмад настны тухай хуулийн төсөл парламентын босго давлаа

Мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151 мянга гаруй байсан бол 2013 онд 170 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх настны тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151 мянга гаруй байсан бол 2013 онд 170 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсруулснаа танилцуулсан юм.


Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон гэж Засгийн газар үзэж буй юм байна.

Гишүүдийн хувьд ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээл авах хугацаанд хязгаар тавих, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг шийдвэрлэх, мөн ахмадын хиймэл шүд, протез хийх зардлыг төрөөс даадаг хугацааг богиносгох түүнчлэн хэрэгтэйг онцлов. Түүнчлэн хөдөө орон нутагт амьдарч байгаа настнуудад нийтийн тээврийн хөнгөлөлт олгох, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрах чадваргүй ахмад настны асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг илүүтэй сонирхож байв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаанаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 650 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад 15 хувийн хүүтэй байршуулах талаар ярилцсан. Тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавих асуудлыг ярилцаж байгаа. Тэтгэврийн зээлийн 18 хувийн хүүг 15, 12, ес гээд үе шаттайгаар бууруулахаар чиглэл өгөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд тэтгэврийн асуудалд нэгдсэн аян зохион байгуулна. Учир нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авдаг, тогтоосон хэмжээнээс бага тэтгэвэр олгож байгаа нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой хууль бус ажиллагаанд хяналт шалгалт хийх юм. Энэ нэгдсэн аяныг Хууль зүй, дотоод хэргийн яам, хүчний байгууллагатай хамтран хийхээр төлөвлөж байна. Үүний дараа ижил хугацаанд, адилхан нөхцөл байдалд ажил хийсэн ч тэтгэвэр нь зөрүүтэй байдаг ахмадуудын асуудлыг судлан шийдвэрлэнэ. Түүнчлэн нийт ахмадуудын 67.5 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг нь судалгаагаар тогтоогдсон. 2005 онд баталсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль нь нийгмийн халамжид чиглэсэн байдаг. Тиймээс Шинэчилсэн найруулга хийх болсон гол шалтгаан нь ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал байв. Энэ харилцааг зохицуулахаар тусгайд нь есдүгээр зүйл болгон оруулж байгаа. Мөн энэхүү хуулийн төсөлд аймаг, нийслэл харгалзахгүй ахмад настнууд таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих заалтыг оруулсан. Харин таван жилд нэг удаа ахмадууд хиймэл шүд, протез хийх төлбөрийг төрөөс даадаг хугацааг богиносгох шаардлагагүй” гэлээ.

Улсын хэмжээнд бие даан амьдрах чадваргүй ахмад настан 7000 байгаа аж. Гэвч улсын хэмжээнд ахмадын асрамжийн есөн газар байдаг бөгөөд нийт 243 ортой юм байна. Тиймээс энэ тал дээр анхаарал хандуулахыг салбарын сайд нь хүслээ.

Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэн юм. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
САНАЛ БОЛГОХ