TRQ: Ирэх онд “Оюу Толгой”-ийн бүтээгдэхүүний гарц буурна

Уул уурхай

“Оюу Толгой” компани 2017 онд олборлох нийт баяжмал дахь металлын агууламж нь 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт байх төлөвтэй байгаа талаар “Turquoise Hill Resources”-ээс танилцууллаа. Харин 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт олборлох баяжмал дахь агууламжийн хэмжээ 175-195 мянган тонн зэс, 255-285 мянган унц алт байх төлөвтэй гэдгийг өмнө нь танилцуулж байсан юм. Мөн “Оюу Толгой” компани 2018 оны дунд үе гэхэд IV үеийн өндөр агууламж бүхий алтны давхаргад хүрнэ гэсэн тооцоотой байна. Харин 2017 онд IV үеийн А хэсгийн хуулалтад голчлон төвлөрч ажиллах юм байна.

Түүнчлэн ирэх оны бүтээгдэхүүний гарц буурч байгаагаас хамаарч тээвэр логистикийн зардал нь буурах учраас бэлэн мөнгөний зардал нь 720 сая ам.доллар болно гэж харж байгаа талаар “Turquoise Hill Resources” мөн танилцууллаа. Уурхайн олборлолтод 100 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтад 825-925 сая ам.доллар зарцуулах тооцоотой байгаа ажээ. Үүнээс өмнө “Оюу Толгой”-ийн баяжмалыг 2016, 2017 онд БНХАУ-ын 20 гаруй хайлуулах үйлдвэрт нийлүүлэхээс гадна Японд туршилтаар тээвэрлэхээр төлөвлөж байгаа талаар “Rio Tinto” мэдээлсэн юм.



САНАЛ БОЛГОХ