Монгол Улс 14.3 тонн алт, 1.4 сая тонн зэсийн баяжмал, 117 мянган тонн цайр экспортлоод байна
Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх үнийн дунджийг Ашигт Малтмал, Газрын Тосны газраас танилцууллаа. Лондоны металлын биржийн дундаж ханшаар нэг тонн зэсийг 5442.7 ам.доллараар тооцож байгаа бол цайрын ханш 2565 ам.доллартай тэнцэж байна. Монгол Улсын хувьд оны эхний 11 сард 1.4 сая тонн зэсийн баяжмалыг 1.49 тэрбум ам.доллараар экспортолсон талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн юм. Зэсийн баяжмалын гол экспортлогчдын нэг “Оюу Толгой” компани 12 дугаар сард Монгол, БНХАУ-ын хилийн боомт дахь өөрчлөлтөөс болж түр зогсоогоод байсан ч дахин сэргээж хэвийн үргэлжлүүлж байна. Харин оны эхний 11 сард Монгол Улс 117 мянган тонн цайр экспортолж, нийт мөнгөн дүн нь 134 сая ам.доллар болжээ.
Монголбанкны албан ханшаар нэг грамм алтыг 96 мянга 908 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд экспортод гаргасан алтны хэмжээ өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байгааг статистик мэдээллээс харж болохоор байна. 2015 оны эхний 11 сард 9.5 тонн алт экспортолж байсан бол 2016 оны эхний 11 сард 14.3 тонн болж нэмэгджээ. Мөнгөн дүн нь 61 хувиар өсөж, 576.7 сая ам.долларт хүрсэн байна. Харин нүүрсний 11 дүгээр сарын дундаж ханш чанараасаа хамаараад өөр байгаа ажээ. Тухайлбал, коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 125 ам.доллар байгаа бол сул коксжих болон коксжих чанаргүй нүүрсний ханш 33-49 ам.доллар байна. Мөн баяжуулсан сул коксжих нүүрсний ханшийг 84 ам.доллар байхаар тооцсон гэж Ашигт Малтмал, Газрын Тосны газраас мэдээллээ.
12 дугаар сард “Энержи Ресурс” компани нэг тонн нүүрсийг 107 ам.доллараар, “Эрдэнэс Таван Толгой” компани 50 ам.доллараар нийлүүлэхээр болсон талаар өмнө нь мэдээлж байв. Хэдий тийм боловч 12 дугаар сарын нэгнээс эхлэн БНХАУ-ын тал Ганц модны боомтын хураамжийг нэмснээр нүүрсний уурхайн амны үнэ 0.9 ам.доллараар буурна гэсэн тооцооллыг “Эрдэнэс Таван Толгой” компани танилцуулаад байна. Эргэн сануулахад, БНХАУ-ын тал Ганц модны боомт дээр өмнө нь нэг тонн бүтээгдэхүүнд таван юанийн хураамж авч байсныг найман юань болгон нэмэгдүүлж, автомашин тутмаас 10 юанийн хураамж авахаар болсон юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй