Ази руу үлээсэн ханшийн шуурга

Дэлхийн хандлага

АНУ тэгээс нэг рүү дэвшихээр шийджээ

АНУ бодлогын хүүгээ чангалж, төв банкных нь тэргүүний дуу ч чангарч байна. Сүүлийн найман жил мөнгөний зөөлөн бодлогод нэгдсэн улс зангаа хувиргаж буй нь энэ. Тэд тэгээс нэг рүү дэвшихээр шийджээ. Тиймээс бодлогын хүүгээ 0.25 нэгжээр өсгөж, 0.75 хувьд хүргэв. Ингээд зогсохгүй ирэх онд ч өсгөхөө эртнээс мэдэгдлээ. 2017 онд бодлогын хүүг багаар бодоход гурван удаа нэмж, 1.4 хувьд хүргэнэ гэж Холбооны нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен амлав. Хатагтай Йеллений энэ мэдэгдэл зарим оронд хатуухан сануулга болж байна. Ялангуяа их хэмжээний зээлтэй, хөгжиж буй орнуудад “ногоон”-ы ханшийн өсөлтөд бэлэн байхыг анхааруулсан дохио боллоо.

Та анзаарав уу? Бүс нутаг маань “живж” байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд S&P 200, “Kospi”,“Shanghai Composite” гээд Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүд уруудлаа. Зөвхөн хөрөнгийнх биш, санхүүгийн зах зээлийг ч нөмрөв. Урд хөршийн мөнгөн тэмдэгт доод түвшинд хэлбэлзэж байна. Үүнтэй зэрэгцэн Малайз, Энэтхэг зэрэг орны мөнгөн тэмдэгтийн ханш ч уруудлаа. Малайзын ринггитийн ханш гэхэд сүүлийн 20 орчим жилийн доод цэгт хүрчээ. Энэ нь Азийн 1998 оны хямралаас хойших ёроолын цэг болохыг “Bloomberg” уламжлав.

Харин энэ завсар ам.долларын ханш “галзуурч” байна. Ноён “ногоон”-ы ханш 14 жилийн дээд цэгт хүрчээ. Ам.доллар Ази руу үлээсэн ханшийн шуурга "нисч", Ази "живж" байна. Хоёр тив ийнхүү бие биендээ нөлөөлж байна. Ази, АНУ-ын харилцан хамаарлыг илтгэх олон тоо, баримт бий. Америкийн төв банк бодлогын хүүгээ нэг хувиар өсгөхөд Азийн хөгжиж буй орнуудаас гадагшлах мөнгөн урсгал 45 хувиар нэмэгддэг. Мөнгөн урсгал Дорноос “дүрвэж”, өрнийг зүглэж буй нь энэ.

Дахин нэг үзүүлэлт. Америкийн бондын өгөөж нэг хувиар өсөхөд хөгжиж буй орнуудынх 1.06-1.44 хувиар дээшилдэг гэх Дэлхийн банкны тооцоо бий. Олон улсын зах зээлд гаргасан манай бондуудын ханш сайнгүй. Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай Чингис бондын ханш 85.799, таван жилийнх нь 96.566 нэгжид хүрээд байна.

Америкийн төв банкны шийдвэр хөгжиж буй, үлэмж хэмжээний өр, зээлтэй орнуудад хүчтэй нөлөөлөхийг шинжээчид сануулсаар байгаа. Олон улсын валютын сангийн тооцоогоор хөгжиж буй орнуудын өр түүхэн дээд түвшинд хүрсэн. Эдгээр улсын гадаад өр зээлийн хэмжээ 2000 оноос гурав дахин өсөж, 6.8 их наяд ам.доллартай тэнцжээ. Тэрчлэн түүхий эдийн ханш өндөр байх үед их хэмжээний санхүүжилт татсан орнуудын төлбөр төлөх хугацаа улам ойртож байна. Яг энэ үед ам.долларын ханш чангарсан нь цөөнгүй улсад сорилт болов.

Үлэмж хэмжээний өртэй, эдийн засаг нь зогсонги байдал шилжсэн манай улсад энэ нь чихэнд чимэгтэй мэдээ биш. Сангийн яамнаас мэдээлснээр Монгол Улсын Засгийн газрын өр, зээлийн хэмжээ энэ оны эцсийн байдлаар 24.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Хувийн хэвшлийн өр, төлбөрийг нэмвэл энэ дүн хоёроор үржигдэнэ.

Монгол Улсын энэ онд хийх зээлийн эргэн төлөлт, хүү, үйлчилгээний төлбөр 6.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Манай улсын нэгдсэн төсвийн орлого зургаан их наяд төгрөгтэй тэнцдэг. Бид энэ онд орлогоосоо давсан төлбөрийг зээлтэй холбоотой зардалд зарцуулахаар байна. Дээрээс нь хагас тэрбум ам.долларын төлбөрийн хугацаа хоног хоногоор ойртсоор. Монгол Улс гурван сар хүрэхгүй хугацааны дараа Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөрийг төлөх үүрэг олон улсын өмнө хүлээсэн. Өр төлөх хугацаа ойртохын хэрээр төлбөр тооцоо хийх мөнгөн тэмдэгтийн ханш өссөөр байна. Бас 2018, 2019 онд ч ирэх оныхоос дутахааргүй төлбөр хүлээгдэж байгаа. Монгол Улсад хаягласан энэ бүх төлбөр тооцоо ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс хамаарч хэлбэлзэнэ. Ертөнцийн нөгөө мухарт гарсан шийдвэр талын Монголд ийн нөлөөлөх нь.

Ингэхэд манай урд хөршид хэрхэх бол. Хятадын компаниуд ахиу хэмжээний ам.долларын зээлтэй. “Ногоон” ханшийн өсөлт тэдэнд ч бас дарамт болох нь. Үүнээс гадна манайд нүүрлээд буй нэг эрсдэл урд хөршийг ч нөмөрч болзошгүй байна. Юанийн ханш 2008 оноос хойших доод цэгтээ хүрчихээд байгаа. Энэ сул ханш улам доройтож, өмнөд хөршид ханшийн уналт нүүрлэж магадгүйг “Goldman Sachs” хэдхэн өдрийн өмнө сэрэмжлүүлсэн. Урд хөрш найтаахад манайд юу болдгийг сүүлийн хэдэн жил хангалттай харуулж байгаа. БНХАУ-ын эдийн засаг тавгүйтвэл дам байдлаар бидэнд ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй.
» Монгол Улс гурван сар хүрэхгүй хугацааны дараа 580 сая ам.долларын төлбөр төлнө.
» Ертөнцийн нөгөө мухарт гарсан шийдвэр талын Монголд нөлөөлөх нь.
»АНУ бодлогын хүүгээ 0.25 нэгжээр өсгөж, 0.75 хувьд хүргэлээ.
» 2017 онд бодлогын хүүг багаар бодоход гурван удаа нэмж, 1.4 хувьд хүргэнэ гэв.
Гэхдээ эергээр нөлөөлөх улс ч байна. Тухайлбал, манай худалдааны түнш Японы эдийн засгийг дэмжих төлөвтэй. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа иенийн ханш найман хувиар суларсан. Энэ нь “Toyota”, “Honda”, “Sony” зэрэг томоохон компаниудын борлуулалтыг дэмжсэн байна. Экспорт өсмөгц, эдийн засаг ч сэргэсэн. Японы сэргэлт Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан Монгол Улсад гэгээтэй мэдээ.

АНУ-ын мөнгөний бодлого тодорхойлогчид шинэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хөрсийг нь бэлдэж байна гэж шинжээчид үзэж байгаа. Ерөнхийлөгчид сонгогдоод буй Дональд Трамп татвар танаж, бизнес, эдийн засгийг эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Үүнээс үүдэн инфляцийн түвшин нэмэгдэх төлөвтэй. Тиймээс үнийн өсөлтийг хазаарлаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд ийм шийдвэр гаргасан гэж судлаачид үзэж байгаа юм. Гэхдээ Трампын тэргүүлэх Засгийн газар одоогоор бодлого, төлөвлөгөөгөө танилцуулаагүй. АНУ ийнхүү ам.долларын ханшийн хөдөлгөөнийг танилцууллаа. Ам.долларын өсөлтөөс төгрөгөө хамгаалах амаргүй сорилт харин бидэнд үлдэж байна.
САНАЛ БОЛГОХ