ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайдыг буудаж, амийг нь хороолоо

Мэдээ

ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Андрей Карловыг Туркийн цагдаагийн ажилтан буудаж, амийг нь хороосон байна. Сирийн иргэний дайнтай холбоотой гэх энэ хэрэг бүсийн орнуудын дунд үүсээд байгаа зөрчилдөөнийг улам ширүүсгэж эхэллээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Анкара дахь уран зургийн үзэсгэлэнгийн үеэр болсон энэ аллагын шалтгаан нь ОХУ Сирийн асуудалд оролцож, Алеппо хотыг босогчдоос чөлөөлөхөд тусалсан явдал гэж үзжээ.

Элчин сайд Андрей Карловыг буудсан этгээд Анкара хотын цагдаагийн албан хаагч, 22 настай Мевлут Мерт Айдинтас гэгч байсан бөгөөд тэрбээр “Алеппог бүү март, Сирийг битгий март” хэмээн хашхирч байжээ. Мевлут Мерт Айдинтасыг аюулгүйн албаны хамгаалагч буудсан байна. Одоогоор түүнийг ямар нэгэн гэмт бүлэглэлд харьяалагддаг эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд хэрэгтнийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа талаар Туркийн Дотоод хэргийн сайд Сулейма Сойлу мэдээллээ. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Турк болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар мэдэгдэл хийж, "Энэ хэргийг хоёр улсын харилцаанд саад хийх зорилготой өдөөн хатгалга" гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Энэ хэрэг Турк, ОХУ-ын харилцаанд саад болох зорилготой өдөөн хатгалга гэж бид харж байна. Гэхдээ хоёр улсын Засгийн газар энэ хэрэгт ул суурьтай хандах хүсэлтэй байгаа. Ерөнхийлөгч Владимир Путинтай зөвшилцөлд хүрсний дагуу бид хамтарч зохих арга хэмжээг авах болно. Хэргийг шалгах тусгай комисс байгуулах, аюулгүйн зохих арга хэмжээ авч эхэлсэн. ОХУ-тай харилцах харилцаа бидний хувьд маш чухал. Бүсийн хэмжээнд ч мөн адил. Харин үүний эсрэг байгаа хүмүүст хандаж, манай хоёр улс хамтарч ажиллахад санал нэгдсэн, бидний хамтын ажиллагаа үргэлжилсээр байх болно” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр "Энэ харамсалтай хэрэг хоёр орны диломат харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт найдаж байгаагаа" илэрхийлжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ Элчин сайд Андрей Карлов амь насаа алдсан тухай харамсалтай мэдээллийг бид хүлээж авлаа. Юуны өмнө талийгаачийн гэр бүл, хайртай хүмүүст эмгэнэл илэрхийлье. Талийгаач маш сайн дипломатч, Турк болон бусад орнуудын эрх баригч нартай сайн харилцааг эрхэмлэдэг байсан хүн. Энэ хэрэг хоёр улсын харилцааг бусниулах, Сирид энх тайван бий болоход саад болох гэсэн зорилготой өдөөн хатгалга гэдэг нь тодорхой байна. Үүнд өгөх нэг л хариулт байна. Терроризмын эсрэг тэмцэл улам чангарна, танхай этгээдүүд үүнийг харж мэдрэх болно” гэж онцолжээ.




САНАЛ БОЛГОХ