Сэхэ-Шивээхүрэнгийн боомтоор 10.58 сая тонн нүүрсийг БНХАУ-д нийлүүлжээ
2016 оны эхний 11 сард 10.58 сая тонн нүүрсийг Сэхэ-Шивээхүрэнгийн боомтоор Монголоос БНХАУ-д нийлүүлсэн талаар БНХАУ-ын Эзнээ хошууны Гаалийн газраас мэдээллээ. Үүнээс 4.51 сая тонныг нь Ганьсу, Нинся, Хэнан, Хэбэй, Сичуан муж руу автозамаар тээвэрлэсэн бол 6.07 сая тонныг нь Ганьсу, Хэбэй мужийн Таншань болон Тяньжин руу төмөр замаар тээвэрлэжээ. Харин 11 дүгээр сарын эцэс гэхэд хилийн зурвас дээр агуулах дахь нүүрсний хэмжээ 1.51 сая тоннд хүрсэн байна. Үүнээс гадна Сэхэ боомтоор БНХАУ-д тээвэрлэсэн карго ачааны хэмжээ 65.73 хувиар өсөж, 11.05 сая тонн болсон, мөнгөн дүнгээр тооцвол 68 орчим хувиар нэмэгдэж, 263 орчим сая ам.доллар болсон байна. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний зургаан уурхайд олборлолт хийж, Шивээхүрэн-Сэхэ боомтоор экспортолж байгаа ажээ.
Овоот толгойгоос “Southgobi Resources”, Баруун Ноён Уул ордоос “Terracom Resources” нүүрс нийлүүлж байна. Гурван тэс суманд олборлолт хийж байгаа нүүрсний компаниудаас гурав нь хамтран нэг жилийн хугацаанд Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж дуусгах боломжтой гэсэн саналыг гаргасан талаар Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээлжээ.
47.8 км урт үргэлжлэх энэхүү төмөр замын барилгын ажлыг 2017 оны хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Төмөр зам баригдвал Шивээхүрэн-Сэхэ боомтоор гарах нүүрсний экспорт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй