Анхны хөрөнгө оруулалт 80 сая ам.доллар

ЗГМ: Тодруулга

Эдийн засгийн үр ашигтай төсөл гэж дүгнэсэн

"Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Х.Хэрлэнгээс “Ачааны вагоны үйлдвэр”-ийн төслийн явцын талаар тодрууллаа.

-“Монголын төмөр зам” компани дотооддоо вагон угсрах, засварлах томоохон төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлэл гарсан. Үнэхээр эрэлт хэрэгцээг хангахуйц ачааны вагон үйлдвэрлэх боломжтой юу. Төслийн явцын талаар мэдээлэл өгөөч?
-Төмөр замын төслүүд хэрэгжиж дуусаад төмөр зам ашиглалтад орохтой зэрэгцээд парк шинэчлэлтэд ойролцоогоор 10 мянга орчим хагас вагоны эрэлт хэрэгцээ, шаардлага гарахаар байна. Эдгээр вагоныг импортоор авна гэвэл та бидний мөнгө гадагшаа зүгээр л урсана гэсэн үг. Тиймээс энэхүү төслийн хүрээнд өргөн, нарийн царигийн хагас вагон угсрах, их засвар хийх зориулалт бүхий “Ачааны вагон үйлдвэр”-ийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ийг салбарын хэмжээнд хэлэлцүүлж, яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралд оруулж, хуралдаанаас эдийн засгийн үр ашигтай төсөл хэмээн дэмжсэн дүгнэлт гарсан.

Үйлдвэр ашиглалтад орсноор 450 гаруй ажлын байр бий болно

-Улсын хэмжээнд одоогоор нийт хэчнээн ачааны вагон ашиглаж байгаа вэ? -Манай улсад өнөөгийн байдлаар 6200 орчим ачааны вагон ашиглаж байна. Үүнээс 44 хувь нь буюу ойролцоогоор 2700 ачааны вагоны ашиглалтын хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, 25-аас дээш жил ашиглаж байгаа гэсэн үг. Ийм вагоныг тээвэрлэлтэд ашиглах нь хөдөлгөөний аюулгүй байдалд маш их эрсдэл учруулдаг. Эдгээр ачааны вагоныг ойрын хугацаанд парк шинэчлэлтээр солих зайлшгүй шаардлагатай. Үлдсэн 56 хувийг бүрдүүлж буй ачааны вагоны ашиглалтын хугацаа дуусаагүй байгаа.

-Төлөвлөж байгаа үйлдвэрийн анхны нийт хөрөнгө оруулалт хэчнээн ам.доллараар хэмжигдэж байгаа вэ. Энэ талаар нарийн дүн гаргасан уу?

-Анхны хөрөнгө оруулалт 80 орчим сая ам.доллар байхаар тооцоолол гарсан. Үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад өгөх бүрэн боломжтой. “Ачааны вагоны үйлдвэр” ашиглалтад орсноор 450 гаруй ажлын байр шинээр бий болно. Урьдчилсан ТЭЗҮ бүрэн хийгдсэн. Ирэх онд төслийн нарийвчилсан ТЭЗҮ- ийг боловсруулж, 2018 оноос бүтээн байгуулалтын ажилд шилжинэ. Хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.

-Үйлдвэр байгуулснаар нэг вагоныг ямар өртөгтэйгөөр эцсийн хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой вэ?

-Нэг вагоныг 65-70 мянган ам.доллараар эцсийн хэрэглэгчид нийлүүлэх бололцоо бүрдэнэ. Үйлдвэрийн хувьд жилдээ 1000 орчим вагон угсрах боломжтойгоор төсөөлж байгаа. Ямар ч нөхцөлд дотооддоо вагон угсрах нь импортоор худалдаж авахаас илүү хямд. Энэ утгаараа үр ашигтай төслийн нэг гэж үзэж байгаа.

-Үйлдвэрийг хаана барихаар төлөвлөж байгаа вэ?

-Дорноговь аймгийн Сайншандад байгуулахаар газрын зөвшөөрлөө авсан.

Сэтгэгдэл
Зочин
122.201.25.242
зөрчилтэй үгзөрчилтэй үглдаазөрчилтэй үгзөрчилтэй үг гэж
Зочин
122.201.25.242
Үйлдвэр ашиглалтад орсноор 450 гаруй ажлын байр бий болно
САНАЛ БОЛГОХ