Хүүхдэд зориулсан монгол контент олон улсад танигдах боломжтой
Хүүхдийн дуу, үлгэр, шүлэг, танин мэдэхүй, цагаан толгойн мэдлэг олгох “Марчаахай” аппликейшнийг энэ дугаартаа онцоллоо. Хүүхдэдээ монгол дуунууд зааж өгөх санаатай хэдэн монгол аппликейшн татахаар “PlayStore”- оор зочилсон юм. Гэтэл 15 минут болоод л утасны дэлгэц дүүрэн реклам гарч ирдэг болов. Тэгээд л татаж авсан аппликейшнуудаа устгаад, оронд нь гадаад контентууд сонгох болсон юм. Харин “Марчаахай” бол огт өөр гэдгийг мэдэрч, монгол апп-аа тооход хүргэлээ. Хүүхдийн танин мэдэхүйн цахим цогц систем гэсэн тодотголтой “Марчаахай” бяцхан жаалуудад чанартай, шинэлэг контент, хуучны сайхан сургаалийг шинэчлэн найруулж хүргэж байгаагаараа онцлог. Ингээд “Марчаахай” компанийн Гүйцэтгэх захирал Н.Даваасүрэнтэй ярилцсанаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Аппликейшнээ танилцуулахгүй юу?
-Хүүхдийн танин мэдэхүй, хүмүүжлийн “Марчаахай” апп өнгөрсөн аравдугаар сард шинэчлэгдэж гарсан. Дотроо шүлэг, дуу, үлгэр, цагаан толгой, танин мэдэхүйн 100 гаруй контенттой. Бид ерөнхийдөө 2-8 насны хүүхдэд зориулж уг бүтээгдэхүүнээ гаргасан.
-Анх хэзээнээс хийж эхэлсэн бэ. Монголд хүүхдэд зориулсан контентын эрэлт хэр байдаг бол?
-Анх дөрвөн жилийн өмнөөс найзтайгаа хоёулаа суугаад л хэдэн дуу зохиож байлаа. Шүүмжилж байгаа юм биш шүү. Гэхдээ монгол хүүхдийн дуу зохиолын дуу шиг өнгө аястай, магтаалын шинж давамгайлсан байсан л даа. Ээж, аав, багшийгаа магтсан ч юм уу. Мэдээж сайн дуу олон бий. Харин яг танин мэдэхүйд нь тус нэмэр болохуйц, хоёр настай хүүхэд ч сонсоод, үзээд юм сурахаар дуу ховор байдгийг бид анзаарсан юм. Эрэлт бол мэдээж их байгаа. Хүүхдэд зориулсан чанартай, танин мэдэхүйн цахим, цогц контент одоо ч гэсэн бараг алга.
-Анхны бүтээл нь юу байсан бэ?
-2013 онд таван дуу зохиож, Юнивишн, Скаймедиад байршуулсан. Анхны борлуулагч маань болсонд их талархдаг. Өнгө, дүрс зэрэг танин мэдэхүйн дуунуудыг 500 төгрөгөөр байршуулсан л даа. Гэтэл маш их хандалт авч, эцэг, эхчүүд ч эерэг сэтгэгдэлтэй байсан. Европын сэргээн босголт хөгжлийн банкинд төслөө танилцуулахад маш нааштай хүлээн авч, дэмжлэг үзүүлсэн. Ингэж л гараагаа эхэлсэн дээ.
-Хүүхдийн танин мэдэхүйд зориулсан апп, сайт гэлээ шүү дээ. Хүүхдийн сурах арга барилд хэр нийцсэн бэ?
-Эгчийн маань дөрөвдүгээр ангийн хүүхэд байдаг юм. Гэтэл таван хошуу малыг ч мэддэггүй болж таарсан. Уг нь цагаан толгойн номон дээр таван хошуу малыг нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхдийн сурах арга барил өөр гэдэг нь эндээс харагдсан. Хүүхдэд таван хошуу мал, өнгө, дүрсийг дуугаар зааж өгөхөд хоёр өдрийн дотор л сурчихдаг. Дуу, дүрс зэрэг хүүхдийн анхаарлыг татдаг зүйлээр нь дамжуулж зааж өгөх нь хамгийн үр дүнтэй арга. Эрдэмтэд ч үүнийг нотолсоор байна.
Хүүхдийн контентыг би хоолтой зүйрлэмээр санагддаг
-Ухаалаг утасны хэрэглээг ор тас эсэргүүцдэг хэсэг хүн байна л даа. Бас хүүхдэдээ хэдэн цагаар ч хамаагүй утас бариулаад орхидог ч хүн бий. Танай бүтээгдэхүүнийг ч хүмүүс олон янзаар хүлээж авдаг байх. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Хүүхдийн контентыг би хоолтой зүйрлэмээр санагддаг. Хоолны эрүүл, аюулгүй байдагтай л адил. Эцэг, эхчүүд Youtube- ээр хүүхдэдээ янз бүрийн зүйл хяналтгүй үзүүлж, дараа нь “Хүүхэд маань ийм, тийм болчихлоо” гэдэг. Сонголт үргэлж эцэг, эхийн гарт л байна шүү дээ. Хүүхдийнхээ нас, сэтгэн бодох чадвар, онцлогт нь таарсан зүйлийг цагийн хязгаартай, хяналттай үзүүлбэл эрүүл хоол л гэсэн үг. Бид бүтээгдэхүүнээ цаашид хөгжүүлж, 30 минут болоод хаагддаг тохиргоо хийх санаатай байгаа. Түүнчлэн ухаалаг утсыг хэтрүүлэн хэрэглэвэл хүүхдэд муу нөлөөтэй талаар эцэг, эхчүүдэд анхааруулах болно. Энэ мэтчилэн зөв хэрэглээг нэвтрүүлэх л хамгийн чухал.
-Апп, программ зэргийг бид анхнаасаа үнэгүй хэрэглээд сурчихсан, бас төлбөрийн систем төдийлэн дэлгэрээгүй байгаа. Энэ шалтгаанаас болоод чадварлаг программистууд бүтээлээ ихэвчлэн гадагш гаргадаг. Танайх харин зориг гаргаад төлбөртэй контент танилцууллаа. Энэ талаараа ярихгүй юу?
-Чанар дагаж үнэ гэдэг шүү дээ. Хүүхдэд зориулсан байтал яахаараа худалддаг юм бэ гэсэн санал бидэнд мэр сэр ирдэг л юм. Гэхдээ үүний цаана олон хүний хүч хөдөлмөр, шинэ санаа, сэтгэл шингэсэн байдаг. Бид дууны цомог, ном, вэбсайт, апп гээд бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулсан. Цагаан толгойн дуу л гэхэд олон жил бага ангийн багшаар ажилласан хүнтэй хамтран хийж байна. Хүүхдэд очих эцсийн бүтээгдэхүүн чанартай, мэдлэг олгохуйц байхад л бид гол анхаарлаа хандуулдаг.
-Төлбөрийн системээ яаж шийдсэн бэ?
-Манайд их асуудалтай юм билээ. Е-Commerce, Apple, Android- ын төлбөрийн систем дэлгэрээгүй, картаар худалдан авалт хийхэд заавал зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Тиймээс бид нэг сарын турш манай апп, вэбсайтын контентуудыг үзэх, татах эрхтэй багц гаргасан юм. 6000 төгрөг төлөөд интернэттэй газар дуу, үлгэр, шүлэг зэргийг татаад, интернэтгүй орчинд үзэх боломжтой. Төлбөрөө одоогоор дансаар авч, хэрэглэгчийн эрхийг нээж байгаа.
-Технологийн хувьд шинэчлэл хийсэн зүйл бий юү?
-Хүүхдийн ийм төрлийн контентуудыг IDM тэргүүтэй программаар татаад авчихдаг. Гэтэл үүнээс болж жилд 10 гаруй сая төгрөгийн урсгал зардал гардаг. Бид “Алкэмист техноложист” компанитай хамтарч энэ асуудлыг шийдсэнээр урсгал зардлыг зогсоож чадсан. Энэ нь цаашид монгол контент хийх хүмүүсийн ажилд нэмэр болно гэж бодож байна.
-Ойрын том зорилго тань юу байгаа вэ?
-Хүүхдэд зориулсан монгол контент олон улсад танигдах боломжтой юм шиг санагддаг. Монгол ардын үлгэр гэхэд л маш сургамжтай, мэргэн шүү дээ. Харамсалтай нь бага насны хүүхдэд төдийлэн ойлгомжгүй, хүнд үг хэллэгтэй. Харин гол санааг нь алдагдуулалгүйгээр шинэчлэн найруулж, дүрсжүүлж, бас гадаад руу орчуулж хүргэвэл их ирээдүйтэй санагддаг юм. Ойрын зорилт гэвэл энэ л байна даа.