Э.Бэхбаяр Энэтхэгийн багт уригдав

Спорт

Шинэ оны хоёр дахь өдөр Энэтхэг улсад Мэргэжлийн бөхийн лигийн хоёрдугаар тэмцээн эхэлнэ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Энэтхэгийн бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд оролцох багууд гаднын легионер тамирчдыг авч болдог онцлогтой. Манай улсаас найман эрэгтэй, зургаан эмэгтэй, нийт 14 бөх тэмцээнд оролцох хүсэлтээ ирүүлж, нэрсээ явуулжээ. Харин тэднээс гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэхбаярыг Дели хотын баг сонгон авсан юм. Энэ багт Энэтхэгийн П.Бажранг, С.Кадиан, С.Малик, П.Сандеепа нараас гадна дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Азербайжаны М.Стадник багтсан байна.

Пенжаб хотын багт олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аварга В.Хинчегашвили (Гүрж), олимпийн аварга Т.Асгаров (Азербайжан), ДАШТ-ий хүрэл медальт О.Адекуороуе (Нигери), ДАШТ-ий хүрэл медальт В.Марзалюк (Беларусь), Харьяна хотын багт дэлхийн аварга Магомед Курнабалиев, ДАШТ- ий мөнгөн медальт А.Гадисов (хоёул ОХУ), олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Маттссон (Швед), олимпийн хүрэл медальт М.Амри (Тунис), Мумбай хотын багт олимпийн аварга Э.Вейбе (Канад), Уттар Прадеш хотын багт олимпийн мөнгөн медальт М.Мамащук (Беларусь) зэрэг алдартнууд барилдах ажээ.

Тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тус бүр 18 халз тулаан хийнэ. Урьдчилсан шатанд бүгд тойргоор барилдах бөгөөд дараа нь шилдэг багууд нь хагас шигшээ, шувтаргын барилдаанд хоорондоо өрсөлдөх юм. Өнгөрсөн жил болсон анхдугаар тэмцээнд манайхаас Г.Мандахнаран, П.Өнөрбат, Ж.Чулуунбат нар уригдан оролцож байв.

САНАЛ БОЛГОХ