М.Бадамсүрэн: Олон тулгуурт, тогтвортой эдийн засагтай аймаг болохоор зорьж байна

Ярилцлага

Хөгжлийн ойрын арван жилийн хэтийн зорилтоо тодорхойлсон

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй ярилцлаа.

-Гадаад худалдааг өргөжүүлэх гарц нь боомт. Дорнод аймгийн хувьд хамгийн олон боомттой. Энэхүү давуу талаа хэр ашиглаж байна вэ. Орон нутгийн хөгжилд боомтын эерэг нөлөө гарч байна уу?

-Манай аймаг ОХУ болон БНХАУ-тай нийт зургаан боомтоор харилцдаг. Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Чойбалсан боомтоор дамжуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, Хавиргын боомт байнгын ажиллагаатай. Тус боомтоор зорчих урсгал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өмнө нь орон нутгийн болон зүүн бүсийн гурван аймгийн иргэд л тодорхой хугацааны давтамжтайгаар гардаг байсан. Энэ байдал үндсэндээ өөрчлөгдөж байна. Хавиргын боомтоор энгийн үед буюу даваа, баасан гарагаас бусад үед өдөрт дунджаар 400 гаруй иргэн, 70-80 орчим тээврийн хэрэгсэл зорчиж байх жишээтэй.

Харин даваа, баасан гарагт өдөрт 800-1200 гаруй иргэн, 120 хүртэл тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Энэхүү аялал жуулчлал, худалдааны урсгалыг дагаж үйлчилгээний салбар хөгжих нөхцөл, боломж харагдаж байгаа. Дэд бүтцийн хөгжил сайжирч, хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон. Энэ болгоныг хувийн хэвшлийнхэн эдийн засгийн агуулга, үр ашгаар нь тооцоолж, бий болж буй боломжийг ашиглана гэж найдаж байна. Орон нутгийн хөгжилд боомттой байхын ач холбогдол гарч байгаа. Гэхдээ энэ байдалдаа ханаад зогсох бус, илүү сайжруулах нь чухал. Тухайлбал, боомтын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байна.

-Аймгуудын өрсөлдөх чадварын 2015 оны үзүүлэлтээр Дорнод аймаг есдүгээр байранд эрэмбэлэгдсэн. Танай аймгийн хувьд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага тулгарч байгаа. Үүнээс гадна ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ их байна. Энэ болгоныг нэг өдөр бий болгочих бололцоогүй. Тэгэхээр орон нутгийн удирдлагын зүгээс дээрх байдлыг сайжруулахад ямар бодлого, зорилт дэвшүүлсэн бэ?

-Монгол Улсын нийт хүн амын долоон хувь нь зүүн бүсийн гурван аймагт ажиллаж, амьдарч байна. Энэ бүс нутаг улсын дотоодын нийт бүтээгдэхүүний зургаа орчим хувийг бүрдүүлдэг гэсэн тоон үзүүлэлт бий. Үүнийг өөрсдийн боломжийнхоо хэрээр өсгөх шаардлага байгаа. Манай аймгийн хувьд зүүн бүсийн тулгуур төв. Өрсөлдөх чадвараа бүхий л салбарт ахиулахаар төлөвлөн ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа энэ онд нэлээд эрчимтэй хөгжсөн.

Орон нутгийн зүгээс нийгэм, эдийн засгийн тулгамдаж байгаа асуудал болгоныг шийдэх боломж, бололцоо, нөөц тааруу. Тиймээс хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хэмжээг нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Энэ хэрээр дунд хугацаанд ажлын байр шинээр бий болж, иргэд нь ажилтай, орлоготой байх тэрхүү нөхцөл хангагдах юм.

-Аймаг болгон өөрсдийн хөгжлийн тулгуур салбараа тодорхойлж байна. Дорнод аймгийн хувьд аль салбарт найдвар тавьж, түлхүү хөгжүүлэхээр зорьж байна вэ?

-Дорнод аймаг хөгжлийн ойрын арван жилийн хэтийн зорилтоо тодорхойлсон. Бодлогын баримт бичгээ энэ онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцүүлэн баталсан. Манай аймаг Зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийн тулгуур төв болохын хувьд “Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичиг нь бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Гол нь олон тулгуурт, тогтвортой эдийн засагтай, тэргүүлэх хөгжилтэй аймаг болохоор зорьж байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбар манай эдийн засгийн тулгуур салбарын нэг. Энэ хүрээнд эко органик, технологи шингээсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг бүс нутгийн онцлог, уламжлалт чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх нь чухал. Ингэснээр мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ. Энэ болгоныг бий болгоход эхний ээлжинд тус салбарын тогтвортой хөгжлийг хангаж, улмаар төрөлжүүлэх,тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь эхний алхам.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах давуу нөхцөлтэй

-Уул уурхайн салбар аймгуудын тулгуур салбарын нэг болж байгаа.

-Манай аймгийн хувьд уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдаа гээд олон салбар нэг дор хөгжих боломжтой. Бидний зүгээс газрын тос, нүүрс, өнгөт төмөрлөг болон барилгын материалын боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх нөөц, боломж нь бий. Тиймээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд гаргаснаар аймгийн эдийн засгийн тамир тэнхээ сайжрах бололцоотой. Ирэх жилүүдэд уул уурхай, боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахаар төлөвлөж байна.

-Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэн ямар үйлдвэрлэл хөгжих боломжтой вэ. Энэ талаар өмнө нь хийгдсэн тооцоо, судалгаа бий юү?

-Адуунчулууны хүрэн нүүрсний бүлэг ордыг түшиглэн илчлэг сайтай түлш үйлдвэрлэх, нүүрсийг боловсруулж, шингэрүүлсэн түлш гарган авах боломжтой. Үүнд дотоодын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг татаж, хамтран ажиллахад нээлттэй.

-Хил орчмын аялал жуулчлал танай аймагт бүрэн хөгжих боломжтой. Мөн гадаад, дотоодын жуулчдын зорин очих дуртай чухал үзмэр Дорнодод байдаг. “Утаагүй үйлдвэрлэл” болох тус салбар орон нутгийн орлогын чухал эх үүсвэр болж чадах уу?

-Аялал жуулчлалын салбар нь манай аймгийн эдийн засгийн гол чухал салбарын нэг. Салбарын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд тодорхой дэвшил гаргах хэрэгтэй. Тиймээс сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна. Тухайлбал, Алтаргана, Баргажин, Алтан дөрөө, Эв модны наадам зэрэг угсаатны бүлгүүдийн уламжлалт урлаг, соёлын томоохон арга хэмжээг тогтмол давтамжтайгаар төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Хил орчмын аялал жуулчлал хөгжих боломж нь бий. Гэхдээ хоёр талд тохиролцож, үүсээд байгаа зарим хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь чухал байна. Ингэснээр хил орчмын аялал жуулчлал илүү саадгүй хөгжих боломж нээгдэнэ.

» Манай аймгийн хувьд зүүн бүсийн тулгуур төв. Өрсөлдөх чадвараа бүхий л салбарт ахиулахаар зорьж байна.

» Дорнод аймгийн хөгжлийн ойрын арван жилийн хэтийн зорилтоо тодорхойлсон.

» Ирэх жилүүдэд уул уурхай, боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахаар төлөвлөж байна.

-“Аялал жуулчлалын чөлөөт бүс” байгуулахаар төлөвлөж байгаа гэж сонссон. Энэ ажил хэр урагшилж байна вэ?

-Эрээнцав, Хавирга, Баянхошууны боомтуудад хөрш орнуудын бизнес аяллыг хөгжүүлэх зорилгоор хил орчмын “Аялал жуулчлалын чөлөөт бүс” байгуулах боломжийн талаар судалж байна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, төрөлжүүлэх, чанар стандартыг сайжруулах ажил их байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд ямар ажил хийх вэ. Орон нутагт өмнө нь байсан зээлийн үр ашиг нь харилцан адилгүй харагдсан.

-Бүс нутаг болон орон нутгийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурласан үйлдвэрлэл хөгжиж, үйл ажиллагаа нь цаашдаа улам тэлнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл байсан ч маш сайн судалгаа, тооцоотой байх ёстой. Зах зээлд ханачихсан байгаа зарим бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагагүй шүү дээ. Иргэд маань илүү шинийг сэтгэж, ямар бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал ашигтай байна гэдгээ өмнө нь нарийн тодорхойлох нь чухал. Ер нь орон нутгийн зүгээс импортыг орлож чадахуйц, эрүүл мэндийн стандарт, шаардлага хангасан үйлдвэрлэлийг илүү дэмжинэ. Тэр тусмаа хөдөө аж ахуйн салбарт илүү бодитой дэвшил гаргахаар зорьж байна.

-Орон нутаг болгон өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй байдаг. Гол нь тухайн бараа, бүтээгдэхүүнээ зорилтот зах зээлд шуурхай хүргэх, түгээх ажил хоцрогдож ирсэн. Энэ байдлыг яаж шийдвэрлэх вэ?

-Аймагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хөрш орнуудад борлуулах гарц, сувгийг нээж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийг тэлэхэд дэмтэй ажиллана. Бодлогын түвшинд орон нутаг анхаарал хандуулахын зэрэгцээ баялаг бүтээгчид маань өөрсдөө боломж, бололцоог давхар эрэлхийлэх нь үр дүнтэй. Манай аймаг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах харьцангуй давуу нөхцөлтэй.

-Монгол Улсыг Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид холбох гүүр, зангилаа бүс нутаг гэж Дорнод аймгийг тодорхойлсон. Ийм боломж аймаг болгонд байхгүй.

-Тийм ээ. Манай аймагт дэд бүтэц сайн хөгжсөн. Агаарын тээвэр болон төмөр замаар олон улстай шууд холбогддог. Энэ нь бидний хувьд томоохон давуу тал. Чойбалсан Хотын олон улсын нисэх онгоцны буудал нь дотоодын нислэгээс гадна Манжуур, Хайлаар чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэж байсан. Цаашид хрөш зэргэлдээ хоёр чиглэлд шинээр шууд нислэг тогтмол хийхээр зорьж байгаа.

-Аймгийн хэмжээнд өвөлжилт хэр байна вэ?

-Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч эхэлсэн. Өнгөрсөн зун гандуу байсантай холбоотойгоор малчид хангалттай хэмжээний хадлан, тэжээл бэлтгэж чадаагүй. Өвсний гарц их тааруу байлаа. Нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа. Аймгийн ихэнх сум цагаан зудын байдалд орсон. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд албан даалгавар гаргаж, аймгийн болон улсын аюулгүйн нөөцөө бүрдүүлсэн. Улсын онцгой комисс ирж орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ тогтоосон. Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр манай аймаг “цагаан зуд” гэсэн ангилалд хэдийнээ ороод байна. Цас ойрд шинээр нэмж орсонгүй. Өмнө нь орчихсон цасны зузаан өвсний өндрөөс давсан байдалтай байгаа. Аймгийн хэмжээнд энэ өвөл 2.1 сая толгой мал өвөлжиж байна.

САНАЛ БОЛГОХ