Шинэ оныг угтах шинэ маягийн хэвшил

Нийтлэл

Ирэх онд одтой байхыг бэлгэдэж, улс бүр хачирхалтай зүйл хийдэг

Шинэ жилийн баярыг бүх оронд тэмдэглэдэг. Арга барил нь янз бүр байх ч бүгд л хуучин бүхнийг үдэж, шинэ онтойгоо ёслол төгөлдөр золгодог. Он солигдоход хүмүүс гудамж, талбайдаа цуглан, галын наадам үзэж, шөнөжин бүжиглэж, эсвэл маш этгээд сонин уламжлалаар тэмдэглэн өнгөрүүлэх нь бий. Тэдний дундаас шинэ жилийн уур амьсгал хамгийн содон болдог газруудыг “Fodors.com”- оос нэрлэжээ.

Эхний дурдах нэр бол Нью-Йорк. Алдарт Таймс Скүэр гудамжинд 5000 гаруй килограммын жинтэй болор бөмбөлөг од адил гялтганана. Он солигдох мөч ирэхэд Уан Тайм Скүэр цамхгийн дэлгэц дээр 60 хором цохилох ажээ. Тэнд цугласан сая гаруй хүн арав, ес, найм хэмээн нэгэн дуугаар тоолж, догдолж, бас баярлахыг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Цагийн зүү 00.00 цагийг зааж, галын наадам эхэлнэ. Нисдэг тэрэгнээс сая гаруй хүнийг харуулж, домогт Франк Синатрагийн “New York, New York” дууг бүгд дуулах сайхан биш гэж үү? Он солигдсоны дараа хэн нэгний уруул дээр үнсэж, ирэх жилийн аз завшааныг дуудах нь барууныхны уламжлал. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Нью-Йоркийн Таймс Скүэрээс он солигдох мөчийг дамжуулдаг нь ёс болжээ.

Рио де Жанейро багт наадмыг л онцгой зохион байгуулдаг гэвэл бас эндүүрэл. Тус хотын Копагавана далайн эрэг дэлхийн хамгийн том шинэ жилийн баярыг тэмдэглэдэг. Дэлгэрүүлбэл, хоёр сая гаруй хүн цуглаж, “Reveillon” нэртэй шашин, уламжлал, сүсэг бишрэлийг хамтатган баярлацгаадаг. Цугласан олон аз завшааныг бэлгэдэн зулайгаас хөлийн хуруу хүртэл цагаан хувцас өмсөж, лусын эх дагина Йемайяг тэтгэнэ хэмээн баглаа цэцэг далайд өргөнө. Харин он солигдох мөчид далай дээр сүржин гэгч галын наадам болох аж. Энэ бүхэн эрэг дагуух зочид буудлын дээд давхраас хамгийн сайхан харагддаг гэнэ.

ЗХУ-ын үед Оросын шашин, сүсэг бишрэл дарагдсан. Ийнхүү Зул сарын баяр тэмдэглэдэг орнуудаас гацуур мод, Дед мороз буюу Санта Клаус зэрэг уламжлалыг “татаж авчирсан” гэдэг.
Сидней хотыг онцлох хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Сидней бол шөнө дунд хонх цохисон анхны хотуудын нэг. Хоёрдугаарт, дэлхийн хамгийн харууштай галын наадам энэ хотод болдог. Эхний галын наадам 21.00 цагт. Дараагийнх нь 00.00 цагт хотыг гэрэлтүүлдэг байна. Нутгийн уугуулчуудын уламжилж ирсэн заншил бол утаа май тавьж, муу сүнсийг хөөн зайлуулна хэмээн үздэг.

НҮД, ЧИХ
Шинэ жилийн баярыг тэмдэглэдэг уламжлалыг сонирхвол тун ч хачирхалтай зүйл олон бий. Тухайлбал, АНУ, Их Британи, Ирланд, Канад тэргүүтэй орнуудад шинэ жилийн өдөр, хахир хүйтэнд, мөстэй усанд шумбаж баярладаг. Үүнийгээ Туйлын баавгайн шумбалт гэж нэрийддэг ажээ.

Грек, Кипрт гэр бүл, хамаатан саднаараа цуглан шөнө дунд гэрлээ унтрааж, Василопита хэмээх нэг ширхэг зоос нуусан бялууг зүсэж иддэг. Зоос таарсан хүн ирэх ондоо тун азтай байна хэмээн грекчүүд бэлгэддэг. Бялуугаа идсэний дараа Триантейна хэмээх тоглоом тоглодог.

Филиппинд шинэ жилийн баярыг Зул сарын баяртай адилтган үзэж, муу сүнс ирэх онд гай зовлон авчрах вий хэмээн гудамжинд гарч чанга, дуу чимээ гаргадаг. Ингэснээр муу сүнс зайлна хэмээн итгэдэг аж. Харин баярын ширээ идээ, ундаар дүүрэн байх ба ирэх жилийн 12 сарыг бэлгэдэж 12 төрлийн бөөрөнхий жимс тавьдаг уламжлалтай.

Харин монголчуудын шинэ жилийн үдшийг тэмдэглэж өнгөрүүлэх соёл тэр чигтээ хойд хөршөөс орж ирсэн. Галын наадам, оргилуун дарс, төмсний салат, мандарин, он солигдохын өмнөх Ерөнхийлөгчийн илтгэл гээд л сэтгэлд дотно санагдаж байгаа биз. ЗХУ-ын үед Оросын шашин, сүсэг бишрэл дарагдсан тул Зул сарын баяр тэмдэглэдэг орнуудаас гацуур мод, Дед мороз буюу Санта Клаус зэрэг уламжлалыг оросууд, монголчууд “татаж авчирсан” гэдэг.

Францчууд ирэх жилийн төлөв байдлыг он солигдох мөчийн салхины аясаар тодорхойлдог уламжлалтай. Салхи баруунаасаа бол жимс, ногоо арвин ургана. Зүүнээс бол загас, мал аж ахуй хөгжинө. Хойноос салхилбал тэр жилдээ цаг агаар тогтуун байна хэмээдэг. Харин урдаас салхилбал үр тариа ургахгүй гэж үздэг байна.

Дарсаар баялаг испаничууд цагийн зүү 12-ыг заахад гартаа 12 ширхэг усан үзэмтэй зогсдог. Хонх 12 удаа цохиж дуусахад 12 усан үзмээ идэж дуусгасан байвал ирэх жилдээ аз хийморьтой байна хэмээн бэлгэшээдэг ажээ.

ШИНЭХЭН ЦАС ОРЛОО
Он солигдож, шинэ оноо угтсан анхны өдөр буюу нэгдүгээр сарын 1-нийг ч олон улсад бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хоккей, хөлбөмбөгийн тэмцээн зохиох, баярын жагсаал, тоглолт, ёслолын зоог, сүмийн арга хэмжээнд оролцож, гэр бүлээрээ өнгөрөөх учиртай. Түүнчлэн буяны арга хэмжээнд оролцож, хандив өгч, шинэ зорилгодоо хүрэхийн тулд хичээж эхэлдэг байна.

Монголын залуучуудын холбооноос шинэ оны шинэ нарыг харах өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Багахангай дүүргийн Хангай зөрлөгөөс нэгдүгээр сарын 1-ний нарыг харах сонирхолтой хүн нэмэгдсээр байгаа нь нэгэн шинэ хандлага гэж болохоор.

Харин сүүлийн үеийн зарим трендээс дурдвал, гэртээ үдэшлэг зохиох, шөнийн клубийн тусгай үдэшлэгт оролцох, гэр бүлээрээ гадуур хоол идэж өнгөрөөх соёл дэлгэрчээ. Мөн алсыг харагч, завь, усан онгоц дээрээс галын наадам үзэх нь ихсэж байна. Монголд саяхныг хүртэл гэртээ шинэ оноо угтдаг байв. Тэрчлэн сүүлийн жилүүдэд төрөөс, хувь хүмүүс ч үүнд илүүтэй анхаарч, оддын тоглолт, галын наадам, үдэшлэг зэргийг чухалчлах болжээ. Монголчууд шинэ оноо ямархуу байдалтай, хаана өнгөрөөснөөс ирэх жил нь шалтгаална хэмээн бэлгэшээдэг ард түмэн. Магадгүй ийм шалтгаанаар гэртээ өнгөрөөхийг илүүд үздэг байж мэдэх юм.

Ямартай ч орон орны соёлыг ийн сонирхож суухдаа би хувьдаа уламжлалаасаа буцаж, гэр бүлийн хамтаар Улаанбаатарын төв талбайд, тэнгэрт гялтаганах гэрэлт оддын доор оргилуун дарс буудуулж, шинэ оноо угтахаар шийдлээ.
САНАЛ БОЛГОХ