Ертөнцөөр нэг сул хэвтэх мөнгийг эзэгнэх ухаан

Судлаачийн үг

Буруу гарын мөнгө

Даяаршил, харилцан хамаарал, интеграцчилал... өөр юу ч гэнэв, ийм нэр томъёо XXI зуунд биднээс салахгүй. Экологи, хөдөлмөр, мөнгө, мэдээлэл, технологид гарч буй энэ их хувьсал, шилжилт хөдөлгөөнийг хүн төрөлхтөн хүчрэхээсээ өнгөрсөн. Өндөр түвшний технологийн шийдлийг хэн ч хаанаас ч аль ч улс үндэстэнд тулгачихдаг болжээ. Харин технологи хүлээн авахад бэлтгэгдсэн хүн цаад улсад нь байх хэрэгтэй. Байхгүй бол балрах нь тэр. Орчин үеийн дээд боловсрол гээч зүйлийн цаад утга агуулга нь ердөө энэ юм шиг.

Нийслэл Улаанбаатар хотдоо нэг зуу хол давсан тооны их, дээд сургуулийг ярайтал нээгээд ажиллуулж буй монголчууддаа хандан энэ зовинолыг ярьж байна л даа. Улаанбаатараар дүүрэн, хувь хувьсгалын их дээд сургуулиуд ярайж байна. Дэлхийд толгой цохьдог мянга, 2000 дотор ганц нь ч (МУИС- ийг 2815-д нэг удаа бичсэн) байхгүй шүү. 2016.02.01-ний жагсаалтыг www.webometrics.info/en/Asia/ Mongolia сайтаас хайж үзлээ. Тэнд жагсааснаар манай их, дээд сургуулиудын рейтинг ийнхүү гарчээ. МУИС 2815, ШУТИС 4024, ХАА ИС 6693, ЭМШУИС 7920, Ховд их сургууль 9033, МУБИС 12014, Улаанбаатар их сургууль 13654 дугаар байрт жагсад байна. Цаашаа эрж хайсангүй. Гэхдээ нэг хүн амд ногдох их, дээд сургуулийн тоон үзүүлэлтээр бид Гиннесийн номд баараггүй орж яваа шүү дээ.

Ерөөсөө олон улсын хамтын ажиллагааг ажаад байхад ийм л зарчим үйлчилж байна. Бидний хэрэгцээ, нөөц, хэрэгцээ, тэдний боломж, өөр юу ч биш. Хэрэв ийм шалгуур тавибал нийслэл дэх 100 гаруй их, дээд сургуулиас хэд нь түүнийг давж гарах бол гэж айх юм.

Хосолсон боловсрол, хосолсон боловсролын тогтолцоо гэдэг юм руу орохгүй бол ажилгүйдлийн үзүүлэлтээрээ Монгол Улс толгой цохиж мэдэхээр юм. Ажил хийх хүсэлгүй, ажлын байранд тэнцэхгүй гэх үзүүлэлт нь ажилгүйдэл дотроо маш том хувь эзэлж буйг, хөдөөд ажилгүй залуусын хувь 45-д хүрсэн, нийт 8000 ялтантай, тэдний 70 хувь нь 35-аас доош насных, тэд суллагдаад ажлын байранд очих хувьгүй гэдгийг тооцоолж дээд боловсролоо хөгжүүлмээр санагдах юм. Адаглаад өдөр тутмын гол гол сонинуудыг аваад үз. Нуль ажлын байрны зар. Эцэс төгсгөлгүй зар. Ажлын байр, ажлын байр... Тэнцэх тохирох хүн байхгүй юм уу, хаашаа юм, тасралтгүй тийм зар салахгүй тавина гээч.

Гурван жилийн өмнө надад тохиолдсон явдал. Улаанбаатар дахь нэгэн хувийн дээд сургуулийн багш, оюутнуудад лекц уншив. Тэдний урилгаар очсон ба олон улсын харилцааны өнөөгийн төлөв гээд ярьж эхлэв. Лекцийг тус сургуулийн гол хүн болох нийгэмд тодорсон нэгэн эрдэмтэн ах маань удирдан явуулав. Лекц уншаад дууслаа. Эхний ганц хоёр асуулт хариулт уншсан сэдвийн дагуу явагдаж байтал нэг оюутан босоод ирлээ. Нэг хоёр байтугай хэд хэдэн оюутан тэр асуултыг хамтран бэлтгэж надад тавьжээ. Ерөөсөө их хичээсэн, бас зовсон, шаналсан байдалтай байгаа нь нүүрнээс нь илт. Дэлхий даяаршсан, хурдтай хөгжсөн нөхцөлд бид төгсөж гараад юу хийх вэ, бидний энэ сургуульд олж авсан олон улсын харилцааны дээд боловсрол хэр гүйлгээтэй вэ гэж асууцгааж байна.


Та нар сэдвээс гадуур, намайг хүсээгүй байхад, миний яриагүй сэдвээр асуулаа шүү гэж анхааруулж байгаад би хариуллаа. "Ингэхдээ бичсэнээ л хариуллаа. Монгол орны хэмжээнд гадаад хэл, хууль, эдийн засаг, олон улсын харилцаа, сэтгүүлч мэргэжлээр доозноосоо хэтэртэл бэлтгэж байгаа. Өдөр тутмын томоохон сонинууд дээр байнга тавиастай байгаа ажлын байрны зар үзэцгээ, ажил хийх хүсэлгүй, эсвэл ажлын байранд тэнцэхгүй дээд мэргэжилтэн нь гурван сая хүн амдаа арай хэтэрлээ, тиймээс хосолсон боловсролын тогтолцоо руу орохгүй бол болохгүй гэж би хариуллаа. Хосолсон гэдгээ ч Япон, Германы жишээгээр тайлбарлаж үзлээ. Хуучны ТМС гэж байсныг сэргээгээд нарийн мэргэжлийн ажилчин бэлтгэвэл арай өгөөжтэй, ядаж ажлын байранд тэнцэнэ гэж хэллээ. Оюутнуудын царай баргар, сэтгэл гэгэлзээд лекц маань сүүл рүүгээ биш боллоо. Ертөнцөөр нэг мөнгө тэнэж явна, түүнийг шүүрээд авах тийм мэргэжилтэн бэлтгэхгүй бол Монголын дээд боловсрол статистик үзүүлэлтээрээ хачин сонин, этгээд үзэгдлийн жишээ болоод Гиннесийн номд орох вий гэдгээ ч би хэллээ. Импортыг орлуулах хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сайн мэргэжилтэн олныг бэлтгэх хэрэгтэй. Тэр чинь л бөөн мөнгө гэж хэлж үзлээ.

Лектор би оюутны хооронд ирээдүйн мэргэжлийн талаар эцэс төгсгөлгүй яриа өрнөв. Лекц лекц биш боллоо. Хувийн тэр дээд сургууль ба багш нарынх нь нэр төрд сэв сууна гэж бодсон уу, яасан, захирал ах маань лекцийг хүчээр хаалгаж тараалаа...

Өөр нэг болсон явдал. “Өглөөний сонин” гэж эрэлт ихтэй өдөр тутмын нэг сонин бий. Эрхлэгч нь гэх миний сайн танил, хуурай дүү Нинжжамц гэж дайчин бүсгүйг уншигчид андахгүй дээ. Тэрбээр надтай 2013 оны зун ам гэрээ байгуулаад нэг бүрийг нь 60 мянгаар үнэлээд бүтээгдэхүүн (нийтлэл) худалдан авах гэрээ байгуулав аа. Би ч долоо хоногийн таван дугаарын дөрөвт нийтлэлээ хэвлүүлж эхэллээ. Хоёр долоо хоног үргэлжилсэн байх. Хэрэг бишдэв. Тэр сонины редакцаар дүүрэн сэтгүүлч сууж байх ба тэд бослого гаргах дөхжээ. Тэдний нийтлэлээ тавих зай талбайг нь би эзлээд, тэдний сан хөмрөгийг нь би хоосолсон учраас намайг болиоч хэмээн орлогч эрхлэгч Туул нь надад нөхөрсгөөр зөвлөж, би тэр сониноос өөрийгөө татаж авав аа.

Өдөр тутмын өөр нэг сонинд ийм явдал 2014 онд над дээр дахин тохиолдлоо. Сонин болгон нэг том тасалгаагаар дүүрэн ярайтал ажилтнаа суулгасан байх ба тэднийг цалинжуулах гэж зар сурталчилгаа руу хошуурна. Нөгөөдүүл нь эрхбиш сэтгүүлч мэргэжлээр аль нэг их дээд сургууль дүүргэсэн байж таарах тул бүтээлээ тавих зай талбай хэрэгтэй болно. Чанар нь падгүй. Учир нь сэтгүүлчээр хэдэн мянгаар нь бэлтгээд авсан ба араас нь тэдэн рүү нийлэх хэдэн зуун оюутан сэтгүүлч бэлтгэдэг хувь, хувьсгалын хэдэн арван дээд сургуульд бэлтгэгдэж байгаа.

Ертөнцөөр нэг мөнгө тэнэж явна. Ингэж нэг сонинд тавь жаруулаа чихэлдэн сууж хоол горьдож байхаар англи хэлээр бүтээлээ туурвиад гадаадын хэвлэлүүдэд онлайнаар ажиллаад карт руугаа ногоон төгрөг хийлгээд сууж байж болохгүй юу, сэтгүүлчид ээ?

Ертөнцөөр нэг мөнгө тэнэж явна, хэдэн түмэн эдийн засагчтай болоод авсан. Араас нь тэдэн рүү нийлэхээр хэдэн зуугаараа эдийн засгаар хувь, хувьсгалын хэдэн арван дээд сургуульд суралцаж байна. Олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс ногоон төгрөг шүүрээд авах брокер диллер, биржийн ажилтан, банкир, ядаж ня-бо ганц ч алга уу? “Хэлэлцээ хийх үндэсний чадавх” маань хаачсан бэ?


Дээд боловсролоо байг гэе. Бизнесээ гялалзуулсан, орлого гэж алж өгсөн, ам.доллараар саятан болсон Монгол механикийн талаар би сайтдаа (bayarkhuu.niitlelch.mn) бичиж байсан даа. АНУ-д шүү дээ. Тэрээр хувийн хөрөнгөтэй, байнга оршин суух эрхтэй, эхнэр хүүхэд нь очсон, хаус худалдан авсан, Америкийн баячуудыг зэрэгт хүрсэн.


Металистын ТМС гэж байв даа. Нэр хаягаа солиод одоо ч гэсэн Улаанбаатарын XIX хороололд байж байгаа. Социализмын үед дунд сургуулийн гологдлуудыг тэр ТМС руу долоо төгсөхөд нь шууд илгээдэг, нэг ёсны шийтгэлийн газар байсан даа. Тэр үед юм болов уу, тэр алдарт ТМС- ийг төгсгөсөн автын механик залуу хожим ардчиллын буянаар гадаад паспорт шийтгүүлж аваад эрх чөлөөний эх орон Америк руу харлаад явчихжээ.

Мань хүн таньж мэдэхгүй харийн тэр оронд хууль бус цагаачийн зовлонг номоор нь туулав. Юу эсийг хийсэн гэхэв. Хог шүүрдэх, гудамж цэвэрлэхээс эхлээд л. Хямд хоол гээд мууранд зориулсан мах хүртэл идэж үзсэн гэв. Мань эр тэнэж яваад авто засварын нэг жижигхэн цех оллоо. Металистын ТМС төгссөнийх, бас Монголдоо ажлын дадал гайгүй эзэмшсэнийх ойр зуурын засвар үйлчилгээ хийгээд эзэндээ таалагдах нь тэр. Мөнгөтэй ч болж. Түрээсийн ганц өрөө олоод гадаа хонохоо болив.

Дэлхий дээр тэнэж яваа мөнгийг шүүрэх овсгоог их сургуулиудад заая

Гэтэл нэг удаа мотор нь айхтар сүрхий цохичихсон бух бенз ирэв гэнэ. Эзэн нь сэтгэлээр уначихаж. Герман руу, Штутгарт хот руу, Бензийн үйлдвэр рүү явуул гэсэн лүндэн цехийн эзэн шууд л буулгав гэнэ. Орос 69, Зил 130 бишгүй задалж гэмтэлийг нь засч байсан нөгөө монгол залууд бол Герман руу илгээж байдаг хайран мөнгө байна даа гэж бодогдоо биз. Мань хүний дотор өөр бодол байв. Тэр Герман руу ачлуулж авчруулах мөнгөний бараг 100-ны 10 хувийг өгчихөд л тэр бух бензийн моторыг гаргаж ирээд монголчлоод хаячих ухаан байлгүй яахав. Тэр санаагаа эзэндээ хэлтэл бөөн асуудал дэгдэв. Юу хэмээвээс авто машины механик гэж хосгүй ховор мэргэжил Америкт байдаг болж таарав. Олон зуун сая хүн амтай дэлхийн тэргүүлэх гүрэнд хоёр мянгахан механик ажилладаг ба тийм эрх авахын тулд конкурсдээд тусгай дээд комиссоор орж баталгааждаг болж таарав. Машин засварын цех, үйлчилгээний цэг ажиллуулахын тулд арай Цагаан ордны зөвшөөрөл авахын наагуур юм болдог хэмээн эзэн нь мань эрийг сэнхрүүлэв. Гэхдээ бенз мэтийн лут машины моторыг гаргаж бөөрийг нь ухах эрх тэдэнд байдаггүй л гэнэ. Шууд л Бензийн үйлдвэр рүү явуулах ёстой л гэнэ. Машины мотор задалбал бараг гэмт хэрэг болно л гэнэ.

Орос УАЗ 469, Зил 130-ын мотор байтугай эд ангийг нь задлаад сурчихсан нөгөө монгол залуугийн аазгай ёстой хөдлөх шиг болно биз дээ. Хорих тусам монгол хүний араншин өөр болдог доо. Тэр л болоо биз.


Мань хүн нөгөө хориотой лут бензийг эзнээс нь гарын үсэг авч байж шөнө задлав аа. Хажуудаа туслуулахаар мексик, негр хоёр цагаачийг авчихав. Хөөрхий задлаад үзтэл мотор нь ялимгүй гэмтчихсэн, гэмтэлийг нь засахын тулд Германаас ганцхан эд анги авчруулах онош тавив. Тэрийг нь буухиа шуудангаар ганц шөнийн дотор авчруулаад нөгөө бензээ маргааш өглөө нь асаагаад тавьчихав. Машины эзэн, засварын цехийн эзэн хоёр мэл гайхаад л. Хэлэх үг байдаггүй. Онц бүрэн эрхт комиссоос зовон байж эрх авдаг, АНУ даяар ховордсон 2000 механикийг монголын ТМС- ийн механик залуу ийнхүү ялах нь тэр ээ!

Бух бензийнхээ моторыг задлуулсан нөгөө машины эзэн тэр дор нь цуурхал тараагаад мань хүнийг алдаршуулав. Нөгөө цехийн гадна мотор задлуулах машины оочер учир тоймоо алдлаа. Мань монгол үнэд оров. Дагаж суралцая гэвэл жинхэнэ бодит жишээ энэ биш гэж үү?

Дэлхий ертөнц хязгааргүй өрсөлдөөний тогтолцоонд аль хэдийнэ шилжжээ. Дэлхий дээр өрсөлдөөний тогтолцоо тасралтгүй ажиллаж байгаа ба тэр их өрсөлдөөн дунд мөнгө тэнэж явна, тэр мөнгийг шүүрээд авах монгол овсгоо мэдрэмжийг их сургуулиуддаа үйлдвэрлэж эхэлбэл яасан юм бэ хэмээн өгүүллээ төгсгөе.
САНАЛ БОЛГОХ