Утаатай тэмцэх хөтөлбөр үргэлжилнэ

Мэдээ

"Утаагүй хот 2030" төсөл хэрэгжинэ

Агаарын бохирдлыг бууруулахад нийт 8.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүний тулд өмнө хэрэгжүүлж байсан сайжруулсан түлш, сайжруулсан зуух хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээлэв. Энэ хүрээнд “Утаагүй хот 2030” төслийг хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд гэр хорооллын бүсэд байрлах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод агаарыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түлшээр хангах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо таван тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхөд, 400 сая төгрөгийг сайжруулсан түлш нийлүүлэхэд, мөн 400 саяыг сайжруулсан зуух хөтөлбөрт зориулах аж. Нийт 8.7 тэрбум төгрөгийн 3.1 тэрбумыг нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн аж. Энэхүү хөрөнгө нь “Утаагүй хот-2030” төслийн эхний шатанд хийх ажилд зориулагдах юм байна. Мөн нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түлшээр хангахад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 600 сая төгрөг гаргахаар болжээ.

Тэгвэл үе үеийн Засгийн газрыг агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй, өнөөдрийн түвшинд хүргэснийг буруушааж буй иргэдийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Урьдчилсан байдлаар энэ жагсаалд 20 мянган эцэг, эх оролцоно хэмээн зохион байгуулагч болох “Утааны эсрэг эцэг эхийн холбоо”-ныхон мэдээлж байна.


САНАЛ БОЛГОХ