Мөнгөнд урхидуулсан одод Хятадыг зорьсоор

Судлаачийн үг

Хэтдээ дэлхийн аварга болох том зорилгыг тэд дэвшүүлсэн

Одоогоос дөрвөн жилийн өмнө БНХАУ-ын дарга Си Жинпин тус улс хөлбөмбөгийн спортыг бодлогоор дэмжиж, Хятадын лигийг дэлхийн шилдгүүдийн нэг болгоно гэхэд итгэх хүн цөөхөн байв. 1990-ээд онд япончууд, харин сүүлийн үед баян арабууд ийм зорилго дэвшүүлээд амжилтад хүрч чадаагүй. Тиймээс луугийн хөлбөмбөгийг дэлхийд гаргах ноён Сигийн том төлөвлөгөө тун үнэмшилгүй санагдсан нь мэдээж. Нанхиадууд мөнгөтэй байж болно. Гэхдээ дэлхийн хэмжээний одод зөвхөн мөнгөний төлөө энэ улсыг зорино гэдэг эргэлзээтэй.

Харин үүнээс хойш өрнөсөн үйл явдал хятадуудын зөв, бусдынх нь буруу байсан гэдгийг харуулаад байх шиг. Европын ТОП багуудад тоглох учиртай өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчид олноороо Хятадын багуудтай гэрээ хийсэн нь ийм дүгнэлт хийхэд хүргэв. Тэд жилийн өмнө А.Тейшейра, Ж.Мартинес, Рамирес, Жирвиньо, Э.Лавесси, Халк зэрэг дэлхийн хөлбөмбөгт нэр нь танигдсан оддыг урвуулж дөнгөсөн. Тэгвэл хэд хоногийн өмнө “Челси”-гийн бразил тоглогч Оскар Шанхай хотын багт 70 сая еврогоор очихоор болсон нь ээлжит нэгэн дуулианыг дэгдээсэн юм. “Челси”-гийн хувьд өөрийн тамирчнаа хамгийн өндөр үнээр зарсан тохиолдол нь энэ болжээ.

Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс. Тэрбум гаруй хүн амтай энэ улсын иргэдийн амьдрал жил ирэх тусам дээшилж, тэрбумтнуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэх болсон. Харин баячууд нь улсынхаа бодлогыг дагаж, хөлбөмбөгтөө асар их хөрөнгө оруулалт хийх болсон нь ийнхүү “трансферийн буум” болоход нөлөөлжээ.

Хятадын хөлбөмбөгийн шигшээ өдгөө дэлхийн чансааны 82-д бичигдэж байна. Си Жинпиний хувьд энэ чансааг ахиулан Азидаа тэргүүлэх гүрэн болох, хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах, хэтдээ дэлхийн аварга болох зэрэг том том зорилго дэвшүүлсэн. Шилдэг хөлбөмбөгчдийг их мөнгөөр авчирч буй энэ үйлдэл нь зорилгодоо хүрэх эхний алхам бололтой.

Тэдний дэвшүүлсэн зорилгод анхаарал татах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, ойрын арван жилд хөлбөмбөгийн төрөлжсөн сургууль 50 мянгыг байгуулна гэжээ. Залуу хөлбөмбөгчдийг олноор бэлтгэж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэсэн үг. Энэ болон бусад төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 1.6 тэрбум ам.доллар зарцуулах аж.

Мэдээж Хятадын супер лигийн баг бүр ардаа нэг том хөрөнгө оруулагчтай байгаа. Гэхдээ баян бизнесмэнүүд эргэж ашгаа өгөх зүйлд л хөрөнгө оруулна. Харин хөрөнгө оруулагч хангалттай олдож байгаа нь энэ төсөл үр өгөөжөө өгөх боломжтойг илтгэнэ. Ингэхэд тэд оруулсан хөрөнгөө хэрхэн өсгөж авахаар төлөвлөж байгаа юм бол?

Ашиг орлоготой яваа багуудын мөнгө олох гол эх үүсвэр нь телевизийн гэрээний эрх байдаг. Хятадын супер лигийн тухайд телевизийн шууд дамжуулалтын гэрээний дүн тун бага буюу жилийн есөн сая орчим ам.доллар байв. Харин шилдэг тамирчид тус улсыг зорихтой зэрэгцэн энэхүү лигийг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдэж, телевизүүд ч анхаарал хандуулах болов. Үр дүнд нь шууд дамжуулалтын үнэ 200 сая болж, 20 дахин нэмэгджээ. Тэр ч байтугай ойрын таван улирлыг шууд дамжуулах өртөг 1.2 тэрбум “ногоон” хүрэх төлөвтэй. Ингэснээр багуудад хуваарилагдах мөнгө нэмэгдэж, ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Түүнчлэн багууд цэнгэлдэхээ өргөжүүлэх, үзэгчдийн суудал нэмэх төслийг хэдийнэ эхлүүлсэн. Энэ бүхэн багийн ашгийг нэмэгдүүлж, эздийн түрийвчийг түнтийлгэх нь тодорхой. Угаас үзэгчээр дутахын зовлон гэж байх биш. Оддыг олноор нь авчраад байвал цэнгэлдэх дүүрээд л байна гэсэн үг.

Хөлбөмбөгт Европ болон Өмнөд Америк тив ноёлж, бусад нь тэдний энд хүрдэггүйг бид мэднэ. Азийн багуудаас ДАШТ- ий хасагдах шатанд шалгарсан анхны баг Саудын Араб гэхэд 1994 онд л дээрх амжилтад хүрч байв. Харин 2002 онд дээрх тоо хоёроор нэмэгдэж, Япон, Солонгосын шигшээ хэсгээс шалгарч байлаа. Солонгосчууд бүр үзэгчдийн дэмжлэг, шүүгчдийн тусламжтайгаар хагас шигшээд үлдэж, том дуулиан дэгдээсэн удаатай. Хожим 2010 оны ДАШТ-д энэ хоёр баг мөн нокуат шатанд үлдсэн билээ. Хятадын шигшээгийн хувьд ДАШТ-д ганцхан удаа оролцсон даруухан намтартай. 2002 оны ДАШТ-д нанхиадууд Бразилд 4:0, Туркт 3:0, Коста Рикад 2:0-ээр ялагдан нутаг буцсан юм. Үүнээс хойш луугийн хөлбөмбөг авлига, хээх хахуульд идэгдэж, тэр хэрээр шигшээ багийн амжилт уруудаж ирсэн. Үр дүнд нь дэлхийд 37- д бичигдэж байсан чансаа нь огцом уруудсан билээ. Үүнийг харж тэсээгүй Си дарга дорвитой арга хэмжээ авахаар шийдсэн нь ийнхүү эхнээсээ хэрэгжиж байна. Харин шилдэг тамирчдыг мөнгөөр “зодон” авчрах тэдний тактик үр дүнд хүрэх, эсэх нь ойрын хэдэн жилдээ харагдах болно.

САНАЛ БОЛГОХ