Тавантолгойн төслийг хөдөлгөх 2-3 хувилбар боловсруулах үүрэг өгчээ

Мэдээ

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг улстөржүүлэхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг улстөржүүлэхгүй байхад санал нэгдэв. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт хуулийн хүрээнд явагдсан, эсэхийг нягтлахаар боллоо.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хөгжлийн банкны шалгалтын нууцын зэрэглэлтэй материалыг гишүүд чуулганы танхимаас шууд олон түмэнд цацаж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банктай холбоотой шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргахад тодорхой шат дамжлага байдаг. Шалгалтын дүн олон нийтэд нээлттэй болсон тул холбогдох байгууллагаас нь албан ёсоор нууцын зэрэглэлээс гаргаж тавихыг бүлгийн гишүүд хүслээ” гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлан өргөн мэдүүлсэн Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, дэмжив. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд дараах таван чиглэлээр өөрчлөлт оруулахаар тусгасан. Нэгдүгээрт, төсөл санхүүжүүлэх шийдвэр гаргахтай холбоотой зохицуулалтыг шинэчилсэн. Хоёрдугаарт, хараат бус, бие даасан байдал, ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх механизмыг бий болгосон. Гуравдугаарт, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүллээ. Дөрөвдүгээрт, компанийн засаглалын тогтолцоог сайжруулахаар холбогдох зүйл, заалтыг тусгасан. Тавдугаарт, хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгосон” гэлээ.

Тус бүлгийн хуралд Засгийн газрын төлөөлөл Тавантолгойн төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн төсөлтэй холбоотой тогтоолын төсөл боловсруулах ажил анхан шатандаа байгааг дуулгасан байна. Мөн аль нэг улсын аж ахуйн нэгжтэй гэрээ хэлэлцээр байгуулах талаар урьдчилсан санал солилцов. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс Тавантолгойн төслийг хөдөлгөх 2-3 хувилбар боловсруулах үүрэг өгчээ. Мөн тогтоолын төслийг яаралтай боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа онцоллоо.

САНАЛ БОЛГОХ