Ядуурлаас үүдэлтэй утаа

Сурвалжилга

Иргэдийн гарын үсэг бүхий өргөдлийг өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өгнө

Шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлэхээр төв талбайд босгосон гоёмсог гацуур, гэрлэн чимэглэлийн дор нийслэлчүүд “Утаа бол геноцид”, “Бид зууханд амьдарч байна” гэх мэт түгшүүр төрүүлэм уриа лоозонг олноор нь барин цуглажээ.

Үнэндээ эдгээр уриа лоозон маргах аргагүй үнэн. Үүнийг утаан дор аж төрсөөр 15 жилийг үзсэн нийслэлчүүд хэлнэ. Утааны улмаас үрээ алдсан эцэг, эхчүүд гэрчилнэ. Утааны улмаас уушгины хавдартай болсон иргэд дуу нэгтэй зөвшөөрнө.

Амьдарч буй орчиндоо цэвэр агаараар амьсгалахыг хүссэн тэдний дуу хоолой болж Утааны эсрэг ээж, аавууд хөдөлгөөн тайван жагсаал төв талбайд зохион байгууллаа. Зохион байгуулагчид Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх боломж бүрдүүлэхийг шийдвэр гаргагчдад шахаж, 8-9 төрлийн шаардлага хүргүүлжээ. Эдгээрээс нэн түрүүнд буюу ирэх сарын 10-ны дотор авч хэрэгжүүлэх нэг шаардлага нь эмнэлгийн багтаамжийг нэмэгдүүлэх. Дурдсан хугацаанд эмнэлгийн шалан дээр, коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг тасагт хуваарилж, эмнэлэгт хандсан нэг ч хүүхдийг буцаахгүйгээр зохицуулалт хийхийг шаарджээ. Түүнчлэн бохирдолд өртөмтгий хүмүүсийг бохирдол багатай газарт нүүлгэн шилжүүлэх, агаарын чанарыг ирэх сарын 15-ны дотор 25 хувь сайжруулах, утааны улмаас эрүүл мэндэд гаргасан зардлын 50 хувийн нөхөн олговор олгох, агаарын бохирдлыг гамшигт тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг шаардлага тавив.

Жагсаалд энгийн иргэдээс гадна “Лантуун дохио”, “Гэр гийгүүлэгчид”, “Ээж” аппликейшнийн хөгжүүлэгчид гээд хамт олноороо нэгдсэн сайн дурынхан дуу хоолойгоо хүргэв. Тэдний нэг болох Б.Бундхорол “Утаа бол гамшиг. Гэтэл манай Гамшгийн тухай хуулиар утааг гамшигт тооцдоггүй. Бид энэ эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Жагсаалын сургаар хэдхэн хоногийн өмнө эрдэмтдийг цуглуулж, цэцэрлэг сургуульд амны хаалт, агаар шүүгч тараалаа. Мөн Ерөнхийлөгч сонсгол хийхээр боллоо. Ерөнхий сайд гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний үнийг тэглэх шийдвэр гаргалаа. Бидний зохион байгуулж буй ажил үр дүнгээ өгөөд эхэлж байна. Гэхдээ бид гал унтраасан буюу косметик арга хэмжээ төдийгөөр энэ ажлаа дуусгахгүй. Энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд агаарын бохирдлыг 80 хувь бууруулах ёстой” хэмээв.

Жагсаалд 4-5 мянган хүн оролцжээ
Өндөр настан н.Пунцаг “Утаа, ядуурал бол нэг зоосны хоёр тал. Нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол нүүрсээ авах чадамжгүй хүмүүс юу дуртайгаа л түлж байна. Утааг шийдэх янз бүрийн арга бий. Гэвч хүмүүсийн амьжиргааг сайжруулахгүйгээр шийдэл олохгүй” гэлээ. Түүний адил олон хүн утааны асуудлыг цогцоор нь шийдэх нь оновчтой гэдгийг хэлж байв.

Өлгийтэй хүүхэд, хүүхдийн живх, тоглоом зэргээр “гангарч”, амны хаалт, утааны эсрэг баг зүүсэн иргэдийн дуу хоолойгоо төр засагт хүргэх арга хэмжээ -18 градусын хүйтэнд хоёр цаг орчим үргэлжиллээ. Энэ үеэр мөн хуульчид хохирлоо барагдуулах эрх зүйн ямар гарц боломж байгаа талаар жагсагчдад мэдээлэл хүргэв. Тэдний нэг болох эрхзүйч Р.Мөнхзол “Монгол Улсын Иргэний хуульд гэм хорын улмаас үүссэн хохирлоо нэхэмжлэх гэдгийг үндэс болгон хохирлоо барагдуулах боломжтой. Тухайлбал, миний хүүхэд утааны улмаас эрүүл мэндээрээ ингэж хохирсон. Эмчлэхийн тулд ийм хэмжээний зардал гаргасан гэдгээ холбогдох баримтаар нотлоод, шүүхэд хандах боломж бий. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирол барагдуулах шийдвэр гаргадаг. Хэдий ингэж нэхэмжилж байсан туршлага ховор ч бид энэ чигээрээ хойш сууж болохгүй. Нэхэмжилж болдог юм байна гэсэн жишиг гаргах ёстой” гэв.

Жагсаалын үеэр зохион байгуулагчид шаардлагаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр иргэдээс гарын үсэг цуглуулсан юм. 11.40 цагаас гарын үсэг цуглуулж эхэлсэн өргөдлийн тоо цагийн дараа 1000 давж, өргөдлийн маягтыг нэмж хувилах хэрэгтэй болсон билээ. Арга хэмжээний дараа хүчин төгөлдөрт тооцох өргөдлийн тоо 2200 давсныг Утааны эсрэг ээж, аавууд хөдөлгөөний тэргүүн Р.Пүрэвхүү мэдээллээ.

Харин шаардлагын хариуг 2017 оны нэгдүгээр сарын 10- ны дотор бичгээр өгөхийг албан бичигтээ дурдсан байна.

Жагсагчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, нийслэлийн удирдлагад шаардлагаа албан ёсоор хүлээлгэж өгсөн байна. Харин өргөдлөө өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх аж.

ЗГМ: ТОДРУУЛГА
Шөнийн хөнгөлөлтийн цагийг сунгах хүсэлт их ирж байна

Тайван жагсаалд ирсэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас дараах асуултад тодруулга авлаа.

-Жагсагчдын шаардлагыг биелүүлэх боломж хэр байна вэ?
-Жагсаалыг нийслэлийн удирдлага 100 хувь дэмжиж байна. Нийслэл хот утааны асуудлыг дангаараа шийдэх ямар ч бололцоогүй. Эрх зүйн болон эдийн засгийн аль аль чадамж алга. Утааны эх үүсвэр тамтаггүй их байна. Тиймээс шууд хязгаарлах хэрэгтэй. Өрхийн амьжиргаатай холбоотой тул үүнд чиглэсэн төр засгийн бодлого нэгдмэл байх нь чухал.

-Жагсагчид үр дүнгүй ажлаа энэ чигээрээ үргэлжлүүлбэл тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ илэрхийлсэн байна?
-Дан зуухаар утаанаас салахгүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд биеэрээ нотолчихлоо. Тиймээс уг асуудлыг шийдэхэд технологийн ололтыг ашиглаж, дэвшилттэй шийдэл рүү явах ёстой.

-Гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн хэрэглээг тэглэхээр боллоо. Гэхдээ үйлчилж буй цагийг нь өөрчлөх талаар ярьж байгаа болов уу?
-Тийм ээ. Өглөө, оройн цагийг оновчтой болгоё, цагийг нь сунгаач гэсэн хүсэлт их ирж байна.

-Төвийн цахилгаан шугамд холбогдоогүй хэчнээн өрх гэр хороололд байна вэ? -4000 өрх байна.
САНАЛ БОЛГОХ