Г.Нацагдорж: Бид жилд 1100 чиргүүл үйлдвэрлэдэг байлаа

Хүмүүс

1971 он гэхэд 220 гаруй төрлийн сэлбэг, эд анги экспортолсон

Манай сонины редакциар нэгэн ахмад настан зочилсон нь Г.Нацагдорж гуай юм. Тэрбээр социалист нийгмийн үед Авто засварын заводыг удирдаж явжээ. Өнөө жил тус заводын 50 жилийн ой тохиож буй аж. Түүх сөхвөл, 1966 оны арванхоёрдугаар сарын 24-нд Монгол Улсад нэгэн шинэ үйлдвэр үүдээ нээсэн нь авто засварын завод байв. Уг нь эл үйлдвэрийг машин үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх зорилготой байгуулсан юмсанж. Тэрбээр авто засварын заводын ууган ажилчин. Мянга гаруй хүнийг удирдах амаргүй ачааг үүрч явсан нэгэн билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Монголд машин угсрах үйлдвэрийн бааз суурийг авто засварын завод тавьсан гэж ойлгож болох уу. Та энэ үйлдвэрийг байгуулахад тулгын чулууг нь тавилцсан хүний нэг гэсэн байх аа?
-Би 1966 онд “Автомашины найдварт оношилгоо”-ны чиглэлээр Тээврийн авто замын сургуулийг төгссөн. Дараа нь сургуулийнхаа аспирантурт орж, ичнээгээр суралцаад 1983 онд төгсөж байлаа. Тавин жилийн тэртээ нийслэлийн Ажилчдын район буюу одоогийн Хан-Уул дүүрэгт Авто засварын завод үүдээ нээж байлаа. Би тэр үед цэл залуухан инженер байлаа. Үйлдвэрийн нээлтэд Ю.Цэдэнбал, Ж.Самбуу тэргүүтэй Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нар, Намын төв хорооны хэлтсийн эрхлэгчид, яамдын сайд нар болон ЗХУ-ын Авто тээвэр, замын орлогч сайд Н.С.Королев нар оролцсон нь миний сэтгэлд мартагдашгүй дурсамж болон үлдсэн. Том ч үйлдвэр байсан юм. Чиргүүлийн үйлдвэр гэхэд 400 тоннын прессэн дээр хэв хийгээд цохиход янз бүрийн хэмжээтэй листнүүд бэлэн болдог байлаа. Засварын завод гэсэн нэртэй болохоос биш бүхэл бүтэн машин үйлдвэрлэдэг комбинат шүү дээ. Энд машин болон түүний эд ангийг засварладаг, металл боловсруулах цехтэй, металл эд ангид дулааны борлуулалт хийх хэсэгтэй. Мөн эрэг боолт үйлдвэрлэх автомат шугам, авто нормалыг зэврэлтээс хамгаалж цахилгаан химийн аргаар бүрдэг болон, савладаг шугам зэргээс бүрдсэн сэлбэгийн үйлдвэр, ган, ширэм, өнгөт металл хайлах цутгуурын цех, төрөл бүрийн резин техникийн эдлэл үйлдвэрлэдэг, машины хуучин дугуйнд шинээр мөр (хээ) татах гээд бүхий л зүйлийг хийдэг байж билээ.

-Манайхан угсарсан эд ангиудаа гадагш нь гаргадаг байсан гэл үү?
-Үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр эдийн засгийн харилцан туслалцаа үзүүлэх үүднээс гадаад орнуудтай хамтын ажиллагаа явуулж эхэлсэн. 1969 оноос автомашины сэлбэг, техникийн эдүүдийг экспортолж байлаа. 1971 он гэхэд экспортын бүтээгдэхүүн 220 гаруй нэр төрөл болж, 1968 оныхоос 10 дахин өссөн. Авто засварын заводын үйлдвэрлэлд орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололтыг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийг өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх үйлсэд заводын технологийн болон зохион бүтээх товчоонууд гол үүрэг гүйцэтгэж байсан. Тус товчоонуудад 20 гаруй техникч ажилладаг байлаа. Бидний дундаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ц.Шархүү, гавьяат тээвэрчин Р.Цэрэнбадам болон улс, хотын аварга, алдартнууд олон төрсөн дөө.

-ЗХУ-аас “Зил-130” машин авдаг байсан болохоор дотооддоо засвар хийх шаардлага гарсан байх, тийм үү?
-1981 онд Авто засварын заводын дэргэд чиргүүл болон автобус, суудлын машины кузов засварын цехүүд шинээр ашиглалтад оруулсан. Улмаар 1984 онд цехүүдийг Авто засварын заводын бүрэлдэхүүнээс тусгаарлаж бие даасан чиргүүлийн үйлдвэр болгосон юм. Энэ үеэр би ЗХУ-д эрдмийн зэрэг хамгаалаад ирсэн юм. Миний бие Намын төв хорооны хэлтэст өдөрт хэчнээн чиргүүл гарах талаар байнга илтгэдэг байлаа. Тухайн үед маш хатуу төлөвлөгөөтэй ажиллаж байсан болохоор жилд 1100 чиргүүл гаргадаг байсан. Олон мянган эд ангиас бүтдэг чиргүүлийн 10 гаруй сэлбэгийг ЗХУ-аас бэлэн авч бусдыг нь өөрсдөө үйлдвэрлэн угсардаг байсан юм. Ингээд хадаас ч хийж чадахгүй байсан Монгол орны хувьд тээврийн хөдлөх бүрэлдэхүүн, чиргүүлийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн нь үндэсний бахархал, нэр төрийн хэрэг байлаа.

Манай үйлдвэр ЗХУ-аас нийлүүлдэг Зилийн төрлийн ачааны машинуудыг засварладаг байсан. Мөн Ховд, Завхан, Дорнод аймагт жижиг засварын газрууд нээсэн. Үйл ажиллагаа өргөжөөд ирэхээр “Авто засварын үйлдвэрлэлийн нэгдэл”-ийг байгуулсан. Ингээд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор намайг Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Автомашин үйлдвэрлэлийн VII товчооны Монгол талын төлөөлөгчөөр томилсон. Удалгүй 1986 онд МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орж АЗҮН-ийн ерөнхий захирлаар томилж байлаа. Ингэж үйлдвэрлэлийн нэгдэл байгуулж ажилласан нь зөвхөн дотооддоо төдийгүй, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнуудтай хамтарч ажиллах боломж бүрдсэн юм.

Дэлхий дахинд эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог арга зүй, хэмжүүрээр үзвэл манай АЗҮН 1990 он хүртэл өндөр бүтээмжтэй ажилласан. Манай үйлдвэр 1000 гаруй ажилчинтай байсан юм.

-Тэр үеийн үйлдвэрийг хэвээр нь авч үлдсэн бол өдийд бид машин үйлдвэрлэдэг болчихсон байх байсан юм биш үү. Зах зээлд шилжсэнээс хойш хувьчлаад сураггүй болоо биз дээ?
-1990 оноос хойш “Зах зээл өөрөө зохицуулна” гэдэг айхтар том онол гаргасан. Үүнийг хэн гаргасныг бол мэдэхгүй юм. Тэгээд бүх зүйл задгайрч эхэлсэн. Энэ үед би ажлаасаа гарч хувийн хэвшилд орсон. Дараа нь үйлдвэр дээрээ очиход нэг нөхөр компани байгуулах гээд цех хэсгүүдийг хооронд нь тусгаарлах маягаар төмөр тороор хаачихсан, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй ундуй, сундуй орчин угтсан. Тухайн үед манай улс зах зээлийн мэдлэг, туршлагатай мэргэжлийн хүнгүй, иргэдийн сэтгэл зүй бэлэн биш байсан зэрэг нь үйлдвэр хаалгаа барихад нөлөөлсөн байх. Ингээд 1991 оны тавдугаар сард БНМАУ-ын өмч хувьчлалын тухай хууль баталж, дагаж мөрдөх хоёр ч журам гаргасан. Энэ журмын нэгэнд хөрөнгийн үнэлгээний талаар орсон байсан. Тус журамд “Хэрвээ тухайн үйлдвэр хувьчлагдахад ашигтай ажиллаж байсан бол урд оных нь ашгийн хэмжээгээр дуудлага худалдаанд оруулна. Ашиггүй бол нэг төгрөгийн үнээр дуудна” гэсэн байсан. Ийм хачин журам тухайн үед гаргаж билээ. Ер нь бол өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх бодлогыг олон талаас нь авч үзсэний үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж би боддог. Ийм үл ойлгогдох үнэлгээний аргаар манай үйлдвэрүүдийн өмч хөрөнгө үрэгдэн, бүх тоног төхөөрөмжийг нь хаягдал төмрийн үнээр өмнөд хөрш рүү гаргасан сураг сонсогдсон. Өмнөд хөршийнхөн мэдээж хэрэг тус тоног, төхөөрөмжүүдийг хайлуулаагүй, харин тэр чигээр нь жаахан засварлаад л ашигласан байх.

Үнэн зүйл гэвэл хоёр үйлдвэрт байсан тоног, төхөөрөмжийг нэг төгрөг байтугай нэг сая ам.доллараар ч авч чадахгүй. Хамгийн харамсалтай нь, олон арван нарийн мэргэжлийн ажилчин маань хойч үедээ мэргэжлээ өвлүүлж чадалгүй мөнх бусыг үзүүлж буйд сэтгэл шимшрэх юм даа.

-Манай улс техникийн инженер цөөнгүй бэлтгэдэг шүү. Энэ танд хангалтгүй санагддаг уу?
-Монгол Улсад инженер техникийн мэргэжлээр олон сайхан залуу сурч боловсорч байгаа. Гэхдээ металл боловсруулах чиглэлээр сургадаг анги байхгүй. Саяхан манайхан өөрсдөө автобус угсарсан мэдээ сонсогдсон. Би үүнд итгэхгүй байна. Яагаад гэвэл техник хэрэгслийнх нь нарийн аргыг мэддэг хүн тун ховор. Өнөөдөр Авто машины завод байсан бол манай улс машины бүх төрлийн тоног, төхөөрөмж, багаж, эрэг шураг, боолтуудыг үйлдвэрлэдэг байх байсан. Гадаадаас өр, зээл тавин байж машин, техник хэрэгсэл импортоор оруулж ирэх шаардлага гарахгүй нь лавтай. Магадгүй улс орны хөгжил ч гэсэн арай илүү шатанд хүрсэн байх байлаа.
Сэтгэгдэл
Зочин
122.201.31.138
Ugsardag gej yariach ugee bodoj baij helj bai.
САНАЛ БОЛГОХ