ЭХЯ: Шөнийн тарифын хөнгөлөлтөд 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо даваа гарагт "Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлах, хорт утаа үйлдвэрлэдэг хуучин машиныг цэгцлэх зэрэг саналыг хэлэлцүүлэгт оролцогчид гаргалаа. Үүнээс гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байж болох шийдлүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжихийн тулд Хятадын Ерөнхий сайд Монголд айлчлах үеэрээ амласан 50 сая ам.долларын зээлийг зарцуулна гэсэн. Засгийн газар нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний тарифыг тэглэхээр шийдвэрлэсэн. Үүнд 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой. Шөнийн тарифыг одоо 50 хувь хөнгөлөхөд 3.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж. Үүн дээр нэмээд 25.8 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ. Тарифыг тэглэснээр эрчим хүчний түгээх сүлжээнд хүндрэл үүсэх магадлал өндөр мөн иргэдийг үйлдвэрлэлийн зорилгоор ашиглахгүй байхыг Эрчим хүчний яам анхаарууллаа.
Өмнөх жилүүдэд гэр хорооллын цахилгааны хөнгөлөлтөд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс 30-35 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2015 онд энэ санхүүжилтийг зогсоосон. 2011-2015 онд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад төрөөс 92.9 тэрбум ам.доллар, олон улсын хандивлагч байгууллагуудаас 46.7 сая ам.долларыг зарцуулсан. Агаарын бохирдлоос сэргийлэх нэг гарц нь цахилгааны хэрэглээг дэмжих чиглэлд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг нийслэл баримталж байна. Үүнтэй холбогдуулан эрчим хүчнээс дулаан хуримтлуулж халаах Герман технологи бүхий төхөөрөмжийг импортоор оруулж ирж байгаа "Мон Ватт" компанийг онцолж болохоор байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй