2016 онд дотоодын агаарын тээврийн компаниуд сая гаруй хүн тээвэрлэжээ
2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани олон улсын чиглэлийн нийт нислэгийн 50 хувийг дангаараа үйлдэж байна. Үүний араас “Эйр Чайна” 21 хувь, “Корэйн Эйр” компани 12 хувийг гүйцэтгэж Монгол Улсыг агаараар олон улстай холбох ажлын гол цөмийг нугалж байгаа аж. Агаарын тээврийн салбарт энэ онд нийт нэг сая гаруй хүнийг тээвэрлэсэн талаар Зам, Тээврийн Хөгжлийн яам мэдээлж байна. Тухайлбал, олон улсад 787.7 мянган хүн, орон нутагт 220.5 мянган хүнийг тээвэрлэжээ. 2016 оны эхний 11 сарын байдлаар нийт зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөн үзүүлэлтэй байсан бол салбарын орлого 260.3 тэрбум төгрөг болж 10 орчим хувиар өссөн байна. Түүнчлэн энэ онд МИАТ компани том оврын онгоцоор баруун аймгуудад нислэг үйлдэх болжээ. Зам харилцаа хөгжиж, чанар сайжирсантай холбоотой нийслэлтэй ойр байрладаг аймгууд руу зорчигчдын тоо багассан бол жуулчны тоо ихэсдэг зуны улиралд Даланзадгад болон Мөрөн рүү улирлын чанартай эрэлт нэмэгддэг байна.
2016 онд орон нутгийн чиглэлийн агаарын тээврийн зах зээлийн 38 хувийг “Аэро Монголиа”, 35 хувийг “Хүннү Эйр”, 26 хувийг МИАТ компани, харин нэг хувийг захиалгат нислэг эзэлж байна. Үүнээс гадна 2016 оны турш агаарын тээврээр нийт 7923 тонн ачаа, шуудан тээвэрлэжээ. Иргэний нисэхийн салбар нь агаарын навигацийн үйлчилгээнээс орлогын багагүй хэсгийн бүрдүүлдэг. Өнгөрөлтийн нислэгүүдийн ихэнх хувийг БНХАУ-ын хотуудаас эхлэлтэй, төгсгөлтэй нислэгүүд эзэлж, өнгөрөлтийн нислэгийн хамгийн их хувийг тус улсын агаарын тээвэрлэгч нар гүйцэтгэж байгаа талаар ИНЕГ-аас мэдээллээ. Энэ оны тоон үзүүлэлтээр Монгол Улсын агаарын замыг ашигласан олон улсын өнгөрөлтийн нислэг 99 мянга 573 байжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй