Амны хаалт, маскны хэрэгцээг дотоодоосоо хангах бүрэн боломжтой

Монголдоо Бүтээцгээе

Улаанбаатар хотын агаарын бохирдол аюулын харанга дэлдээд байгаа энэ үед дотоодод амны хаалт, маск үйлдвэрлэгчид утааны эсрэг, шүүлтүүртэй маск үйлдвэрлэж байна. Тухайлбал, "Мөнхийн Цагаан жим" компани энэ оны 11 дүгээр сараас “Монос” эмийн сангуудаар дамжуулан "PM2.5" маркийн амны хаалт, маскыг худалдаалж эхэлжээ. Уг маск нь идэвхжүүлсэн нүүрсэн давхаргатай учраас хүйтний улиралд утаа, тоосонцроос 90 хүртэлх хувиар, амьсгалын замын халдварт өвчнөөс 85-90 хүртэлх хувиар хамгаалах боломжтой аж. Мөн тусгайлсан клапан суурилуулж өгсөн тул амьсгалыг бүрэн гадагшлуулдаг гэж тус компаниас онцолж байгаа юм. "Мөнхийн Цагаан жим" компани нь 2014 оноос Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд АНУ, Европын стандартыг хангасан амны хаалт, маск үйлдвэрлэж, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарт зориулалтын шүүлтүүртэй маск нийлүүлж иржээ. Одоогоор өдөрт 8-10 мянган ширхэг маск үйлдвэрлэж байна.

Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласан нөхцөлд дотоодын амны хаалт, маскны хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж дээрх компаниас мэдээллээ. Үүнээс гадна Улаанбаатар хотод амны хаалт, маск үйлдвэрлэлийн чиглэлээр "ЭРБУБ" компани 2015 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Герман стандартаар зургаан давхар шүүлтүүр бүхий амны хаалт үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа тус компани зориулалтаасаа хамаарч өөр өөр 15 төрлийн амны хаалт үйлдвэрлэж байгаа ажээ. Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт "улаан хошуут" гэж танигдсан “ЭРБУБ” компанийн маскыг иргэд энгийн хэрэгцээнд ашиглах боломжтой.

Нэг ээлждээ 1200-1400 ширхэг маск үйлдвэрлэдэг байна. Мөн илүү загварлаг, олон удаа хэрэглэгдэх өдөр тутмын маскны "Маскута" брэнд энэ оноос худалдаанд гарчээ. Амны хаалт, маскны гадна хэсгийг олон өнгийн сонголттой цэвэр даавуун материалаар хийсэн, идэвхжүүлсэн нүүрс бүхий шүүлтүүртэй, уг шүүлтүүр хэсгээ солих боломжтойгоор хийгдсэн зэрэг нь давуу тал болж байна. Үүнээс гадна бага насны хүүхдэд зориулсан загвар дизайн, хэмжээ бүхий амны хаалтыг уг брэнд мөн худалдаанд гаргаад байгаа юм.



САНАЛ БОЛГОХ