ХҮЧИРХИЙЛЭЛД "БЭЛТГЭСЭН" ОРОС ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД
Бямба гарагт Англитай тоглосон тоглолтын үеэр ОХУ-ын “Сайтар бэлтгэгдсэн” 150 хөгжөөн дэмжигчийн үйлдсэн хүчирхийлэл нь Европын аварга шалгаруулах 2015 оны тэмцээний нээлтийн үеэр болсон мөргөлдөөнөөс хамгийн ноцтой нь хэмээн Францын хууль сахиулагчид үзлээ. Марселийн прокурор Брайс Робины үзэж байгаагаар оросууд дээрх хүчирхийллийг өдөөгчид ажээ. Эцсийн шүгэл дуугармагц оросууд стадионы англичууд суусан хэсэгт цөмөрч, хөгжөөн дэмжигчид рүү довтлон, туг далбааг нь урж тасадсан байна. “Эдгээр этгээд онц шуурхай, маш балмад хүчирхийлэлд хэт сайн бэлтгэлтэй хүмүүс” хэмээн хэвлэлийн хурал дээр ноён Робин тайлбарласан юм.
Стадион дотор болон гадаа болсон түрэмгийлэлд өртсөн 35 хүний ихэнх нь англичууд. Дөрвөн хүний биеийн байдал ноцтой. Оросуудад төмөр саваагаар нүдүүлсэн 50 настай нэгний тархи хүнд гэмтсэн. Оросын багийн дараагийн тоглолт 15-нд Лилль хотын ойролцоох стадионд болно. Уг стадион англичууд Уэльстэй тоглох Па-де-Калегийн Лансаас дөчхөн километр зайтай байрладаг тул хүчирхийлэл дахин дэгдэж болзошгүй.
Парис, Брюссельд болсон халдлагаас хойш Францын эрх баригчид терроризмын эсрэг аюулгүйн арга хэмжээгээ чангатгасан. Гэвч хөгжөөн дэмжигчдийн авир түгшүүр дэлдэх шалтгаан болж хувирлаа. Энэ удаагийн хүчирхийлэл нь ОХУ зохион байгуулах 2018 оны Дэлхийн аваргын тэмцээний аюулгүй байдалд ч түгших үндэслэл болж байна. Танхай этгээдүүдийн балмад үйлдлийг урьдчилан зогсоож чадаагүй хэмээн Францын эрх баригчид ОХУ-ыг буруутгав.
Орос хулигаанууд Английн хөгжөөн дэмжигчдийг үлдэн хөөсөн бямба гарагийн тэмцээний үеэр ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко алга ташин баяр хүргэлээ. Оросууд ямар ч хүчирхийлэл үйлдээгүй хэмээн анх мэдэгдэж байсан сайд дараахан нь UEFA- гаас ОХУ-ыг тэмцээнээс хасахаар сүрдүүлмэгц хөгжөөн дэмжигчдээ зэмлэсэн.
ОХУ-ын парламентийн гишүүн, тус улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны гишүүн Игорь Лебедев “Хөгжөөн дэмжигчид зодолдоход болохгүй нь юу байна. Харин ч эсрэгээр манайхан үзэлцээд бай гэх байна” хэмээн Twitter-т жиргэжээ. Хэт үндсэрхэг улстөрч Владимир Жириновскийн хүү, ноён Лебедев телевизэд өгсөн ярилцлагадаа “Манай хөгжөөн дэмжигчид хэрээс хэтрүүлсэн зүйлгүй. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид хүч үзээ л биз” хэмээн тайлбарласан юм.
Францын цагдаа нартай Марселийн төвд мөргөлдөж, нулимс асгаруулах хий хэрэглэж байж тараасан Английн хөгжөөн дэмжигчдээс бүх хэрэг эхэлсэн хэмээн Оросын мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Марсельд болсон самуунд оролцсон Английн хоёр хөгжөөн дэмжигчийг даваа гарагт шоронд хорихоор шийдвэрлэсэн нь энэ удаагийн тэмцээний анхны ял шийтгэл боллоо. Уг хүчирхийлэлд орон нутгийн залуус мөн оролцжээ.
“Хэдэн мянгаар тоологдох англичууд 250 орос хөгжөөн дэмжигчийн дайралтыг тэсвэрлэсэнгүй санд мэнд зугтацгаалаа. Манай эх орны өнцөг булан бүрээс цугласан 250 орос анх зодоон эхэлсэн Английн фэнүүдээс дальдарсан ч үгүй. Шал согтуу англичуудын дайралтад тохирсон хариуг нь өгч, бут ниргэлээ” хэмээн ОХУ-ын төрийн мэдлийн телевизээр тайлбарлав.
Оросын хөлбөмбөгийн түүхэн дэх танхайн хэрэг 1987 онд Москвагийн Спартак багийн 300 дэмжигч Украины Динамо Киев багийн үлэмж тоотой хөгжөөн дэмжигчтэй мөргөлдсөн хэргээс эхтэй. Үүний зэрэгцээ согтуурал, танхай балмад үйлдлээрээ Европ тивдээ зартай Английн хулигаануудын олиггүй алдар нь оросуудад бай болох шалтгаан болсон болов уу. Англид цагдаагийн хүч, стадионы тусгай хамгаалалт, тасалбарын өндөр үнэ, хөл бөмбөгийн спортын соёл өөрчлөгдсөн зэргээс шалтгаалан хөгжөөн дэмжигчдийн танхай балмад үйлдэл багассан.
Харин ОХУ-ын хөгжөөн дэмжигчдийн дотор, ялангуяа хэт барууны үзэлт хэсгийнхний дунд танхайрал ихэссээр байгаа. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө танхайн асуудлыг шийдвэрлэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амласан. Үүний зэрэгцээ ОХУ-ын багт хориг тавих нь Москвагийн зүгээс эрс хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүй байна.
Макс Сэддон
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй