Вьетнамын компаниуд хувьцааны ханшийн өсөлтөөрөө Зүүн Өмнөд Азид тэргүүллээ
Вьетнамын компаниудын хувьцааны ханшийн өсөлт сүүлийн хоёр жилд анх удаа Зүүн Өмнөд Азид тэргүүлсэн байна. Мөн ирэх онд эдийн засгийн өсөлт тэлж, инфляц тогтвортой байна гэж үзэж байгаа учраас хувьцааны ханш илүү нэмэгдэх төлөвтэй байна гэж шинжээчид мэдэгджээ. Сүүлийн байдлаар Вьетнамын "VN" жишиг индекс 15.9 хувийн өсөлттэй байгаа бол "MSCI South East Asia" индекс 14.7 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс гадна Вьетнамын компаниудын ашиг ирэх онд 19 хувиар нэмэгдэнэ гэж "Dragon Capital" байгууллагаас тооцоолжээ. Үүнд тус улсын эдийн засаг төдийгүй улс төрийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа нь нөлөөлж байгаа юм.
Харин бүсийн Филиппин, Тайланд болон БНСУ зэрэг улсад эдийн засаг болон улс төрийн тогтворгүй байдал газар аваад байгааг шинжээчид онцолж байна. Цаашлаад Вьетнамын Засгийн газар ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 6.7 хувьд хүрнэ гэж тооцоолсон нь 2007 оноос хойших хамгийн хурдан өсөлт болохоор байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй