Тархины таашаалаас үүдэлтэй эрсдэл

Нийтлэл

Хоол моодноос гараагүй цагт фэйсбүүк гол хэрэглээ хэвээр байна

Олон нийтийн сүлжээ сайт хэрэглэх үед хүний тархинд дофамин хэмээх бодис ялгардаг. Энэхүү бодис донтуулагч хар тамхи, мөрийтэй тоглоом, архи, тамхи зэрэг зүйлсийг хэрэглэхэд мөн адил ялгардаг ажээ. Товчхондоо, донтуулах эрсдэл маш өндөр гэсэн үг. Тиймээс л хэн нэгнээс мессеж ирэх, хуваалцсан зураг, бичсэн пост нь олон хүнээс лайк авах үед хүнд сайхан мэдрэмж төрдөг байна. Түүнчлэн хийж байгаа зүйл, үзэл бодлоо олон нийтийн сүлжээгээр бусадтай хуваалцахад хоол идэх, мөнгөтэй болох, бэлгийн харилцаанд ороход идэвхждэг тэрхүү бодис ялгардаг гэв.

Харвардын их сургуулиас энэ талаар 2012 онд судалгаа хийж, МRI төхөөрөмжид сайн дурынхныг оруулан тархины үйл ажиллагааг нь хянажээ. Уг судалгаагаар хүн өөрийнхөө талаар хуваалцахад тухайн бодис идэвхтэй ялгардагийг тогтоосон. Судалгаанд оролцогчдоос “Мөнгө авч бусдын талаар ярилцах уу” гэж асуухад татгалзаж, өөрсдийнхөө талаар ярихыг илүүд үзсэн гэдэг. Харин өөрийнхөө тухай ярихыг нь олон хүн сонсох тусам уг бодис бүр ч ихээр ялгардаг гэнэ. Тиймээс хоол моодноос гараагүй цагт олон нийтийн сүлжээ ч гол хэрэглээ хэвээр байна гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.

Дээр дурдсан донтуулагч зүйлсэд насны хязгаарыг нь 18, 21 гэхчлэн зааж өгдөг хэрнээ олон нийтийн сүлжээг 13-аар хязгаарлаж буй нь дэндүү балчирдсан хэрэг. Тэр дундаа өсвөр насанд дааврын ялгарал ихсэж, сэтгэл санаа тогтворгүй, зан үйлийн өөрчлөлт явагдах үест энэхүү донтуулагчийг ямар ч шүүлтүүргүй хүртээж байгаа нь туйлын буруу гэв. Зохиолч, илтгэгч, удирдлага, менежментийн зөвлөх Саимон Синек “Өсвөр насанд үе тэнгийнхний үг нэгдүгээрт болж ирдэг шүү дээ. Энэ үед бид найз нөхдөдөө сэтгэлээ уудалж, стрессээ тайлж сурдаг.

Архинд донтсон бүх хүн өсвөр насандаа архи анх ууж үзсэн байдаг. Улмаар насанд хүрээд асуудалтай нүүр тулахдаа хэн нэгний мөрийг биш, шилтэй дарсыг түших нь бий. Үүний адилаар өсвөр наснаасаа олон нийтийн сүлжээ сайтыг идэвхтэй ашигласан хүүхдүүд гүн гүнзгий, утга учиртай харилцаа тогтоохоо больсон. Үүнийгээ тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэдэнд асуудал тулгарахад, найз нөхөд биш, сошиал сүлжээгээр сэтгэлээ түр хугацаанд тайтгаруулдаг. Үүний үр дагавар тийм ч сайн биш” хэмээжээ.

Нэг зураг хуваалцчихаад таван минут тутам лайк нь нэмэгдсэн, эсэхийг шалгадаг дүр зураг танд танил санагдаж байна уу. Тэгвэл энэ нь донтсоны шинж тэмдэг.

Сүүлийн үед хүмүүс бага лайк авсандаа гутарч, “Юуг нь буруу хийчихэв ээ” гэж сэтгэлээр унах болсонд мэргэжилтнүүд санаа зовниж байгаа аж. Нэн ялангуяа өсвөр насныханд бага лайк авах, хэн нэгний найзын жагсаалтаас хасагдах зэрэг нь сэтгэл зүйн маш их дарамт болдог. Ерөөс фэйсбүүкт их цаг зарцуулдаг хүн илүү их сэтгэл бухимдалтай байдгийг эрдэмтэд нотолчихсон.

Архи, согтууруулах ундаа муу зүйл биш ч ихдэхээрээ хор болдог. Мөрийтэй тоглох сонирхолтой ч ихэдвэл аюултай. Олон нийтийн сүлжээ ч үүнтэй агаар нэг болохыг шинжээчид хэлэх болов. Тиймээс хамгийн чухал нь тэнцвэртэй байдал. Гэвч өсвөр насны хүүхэд тэнцвэрт байдлыг хадгалж чадахгүй шүү дээ.

Найзуудтайгаа уулзаж байж, тэнд байхгүй найзтайгаа чатлах, өглөө сэрээд хайртай хүнтэйгээ мэндлэхээсээ өмнө фэйсбүүкээ шалгаж байвал донтсоны шинж. Түүнчлэн хурлын ширээний ард суучихаад утсаа оролдох нь тэнд буй хүмүүст “Та нар надад чухал биш” гэсэн санаа өгч байдаг гэв. Хэрэв байдал иймд хүрсэн бол олон нийтийн сүлжээ бусад донтолтын л адил нандин харилцааг үгүй хийж, цаг хийгээд мөнгө гарздаж, амьдралд олон сөрөг нөлөө үзүүлнэ.

Олон улсын судалгааны дунджаар 1994-өөс хойших оны залуучуудын амиа хорлолт, хар тамхи санамсаргүй хэтрүүлж амиа алдсан тохиолдол, архинд донтолт, гүн ядаргааны улмаас сургуулиа орхих явдал эрс ихэссэн байдаг байна. Гэвч сошиал медиа бидэнд амьдрал хэцүү байсан ч сайхан байгаа мэт харагдуулахыг сургасан. Энэ мэтээр сэтгэл гутралаа хэсэг зуурын аргаар аргацаах нь ажлын бүтээмж, хүн хоорондын харилцаанд тусгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
САНАЛ БОЛГОХ