Амьдралыг хөнгөвчлөх ухаалаг туслагч
Технологийн цаг
Өдөр тутмын амьдралд алтан цагаа зарцуулахаас харам зүйлс байдаг шүү дээ. Харин монгол программистуудын ур ухаанаараа бүтээсэн доорх аппликейшнууд таны цагийг хэмнэж, ажлыг тань хөнгөвчлөх болно.
“Mendchilgee”
Mongolian Q Team-ээс гаргасан Mendchilgee аппын тусламжтай найр наадам, тэмдэглэлт өдрүүдэд хайртай хүмүүстээ мэндчилгээ илгээх боломжтой. Арван мөр шүлэг, цэцэн мэргэн үгтэй мэндчилгээ танд ирэхэд хариуд нь “Баярлалаа, та ч бас сайхан баярлаарай” гээд л орхиход таагүй санагдах үе бий. Энэ тохиолдолд танд Mendchilgee апп бэлэн “будаа” өгөх болно.
“Дуу өөрчлөгч”
Wisdom Crystal Agency-ийн бүтээл “Дуу өөрчлөгч”-ийг танилцуулж байна. Та өөрийн хоолойгоо бичиж, 12 төрлөөр хувиргах боломжтой. Түүнийгээ хадгалж, энтертайнмэнт мэндчилгээ илгээж, найзуудтайгаа хөгжилдөж ч болно. Үүний тулд та хэрэгтэй хэрэггүй программ татаж, мөнгө зарлагадах шаардлагагүй. Play Store-оос татахад л хангалттай.
"Амтат хоолны жор”
Online Media компанийн бүтээсэн Амтат хоолны “Жор” апп таны гал тогооны “найз” болж чадна. Тус аппликейшний мэдээллийн санд олон үндэсний хоолны жор байхаас гадна, зоогийн газруудын байршил, утасны дугаар зэрэг ч багтжээ. Амттай, шинэ хоол хийхийн тулд ном худалдан авч, зурагт ширтэх шаардлагагүй боллоо. Хялбар байгаа биз.
“Авто дорцов”
Green Link компанийн бүтээл, жолоочийн ухаалаг туслах “Авто дорцов” аппликейшнээс та тээврийн хэрэгслийнхээ татвар, оношилгоонд орох хугацаа, торгуулийн мэдээллээ авах боломжтой. Түүнчлэн засварын газар, сэлбэг худалдаа, зар мэдээллийг нэг дороос авах нөхцөл бүрдүүлжээ.
“Hubiin sanhuuch”
Орлого, зарлага бүртгэх, тайлангаа график, жагсаалт мөн гүйлгээний утгаар ангилан харах, зээлийн бүртгэл хийх, тэмдэглэл хөтлөх, орлого, зарлагаа төлөвлөж биелэлтийг хянах, сарын мэдээг хураангуйлан харах, утсан дээрх өгөгдлөө архивлаж сэргээх гэх мэт хэрэгцээг тань Nobu компанийн Hubiin sanhuuch аппликейшн хангана.
“Бүүвэйн аялгуу”
Намуухан эгшиглэх бүүвэйн аянд хүүхдээ унтуулахыг хүсвэл Joot энтертайнментийн “Бүүвэйн аялгуу” аппыг ухаалаг утсандаа татаарай. Автоматаар унтрах горимыг тохируулах боломжтой тул шөнөжин хангинах вий гэж та санаа зоволтгүй. Дашрамд дурдахад, бүүвэйн аялгуу зүрхний цохилт болон амьсгалын хэмнэлийг тогтворжуулан хүүхдийг бат нойрсуулж, сэтгэн бодох чадварыг нь дээшлүүлдэг байна.
“LawsMN”
Энэхүү аппыг ашиглан Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актуудыг үзэх боломжтой. Ингэхдээ үсгийн дарааллаар эрэмбэлэн, нэр, агуулга болон бусад шүүлтүүрээр нарийвчилсан хайлт хийх боломжтой. Mezorn компанийн LawsMN апп шууд цахим санд хандан ажилладаг тул интернэт холболт шаардлагатай. Харин байнга хэрэглэх хууль, эрх зүйн актаа хадгалснаар интернэтгүй орчинд ч үзэх боломжтой юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй