Зөөлөн бодлого хэрэгжүүлэх боломж хомс байна
Хадгаламжийн хүү нь манай улсад буй нийт эрсдэлийг илэрхийлж байгаа хэмжүүр
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай ярилцлаа.
-Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед арилжааны банкуудад ч хүндхэн сорилт тулгарч байгаа. Ийм нөхцөлд банкууд хэрхэн ажиллаж байна вэ?
-Бодит эдийн засагт хүндрэл учирвал тодорхой хугацааны дараа нөлөө нь банкны системд тусгалаа өгдөг. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засаг, санхүү нь нэг зоосны хоёр тал. Гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурсан, улсын төсөв өндөр хэмжээний алдагдалтай, үүнээс гадна энэ онд төлөх гадаад өр хүлээгдэж байна. Эдгээр нь сөрөг үзүүлэлт болж байна. Бодит эдийн засагт бий болсон сорилтууд нь банкуудад чанаргүй зээлийн өсөлтөөр харагдаж байгаа. Нөхцөл байдал амаргүй ч банкууд өөрийн хөрөнгийн шаардлагатай доод хэмжээг хадгалах, төлбөр түргэн гүйцэтгэх чадвартаа онцгой анхаарч ажиллаж байна. Монголбанкнаас тавьсан зохистой харьцааны үзүүлэлтүүд, ялангуяа өөрийн хөрөнгийн үзүүлэлтийг системийн ач холбогдолтой банкууд бүгд хангаж байгаа. Мөн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Цаашид эдийн засаг идэвхжиж, зээлийн чанар сайжирвал банкуудын өнөөгийн нөхцөл байдал үүнийг дагаад сайжирна.
-Та чанаргүй зээлийн үзүүлэлтийг түлхүү онцолж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд тэлсэн. Цаашдаа өссөөр байх уу. Ер нь чанаргүй зээлээ яаж бууруулах нь илүү зохистой вэ?
-Банкуудын үйл ажиллагаанаас чанаргүй зээлийн өсөлт үүсээгүй. Энэ нь эдийн засгийн мөчлөгтэй шууд холбоотой. Эдийн засаг өсөж байх үед банкууд зээлийг нэлээд эрчимтэй олгосон. Дараа нь гадаад зах зээлд бий болсон тааламжтай үзэгдэл алга болж, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурснаар уул уурхайн салбарт олгосон зээлүүд чанаргүй болж эхэлсэн. Үүнд банкуудыг буруутгах боломжгүй.
Эдийн засгийн идэвхжлийн үед зээлийн өсөлтөө илүү чанд хадгалж чадаагүй гэдгээр банкууд алдсан байж магадгүй юм. Цаашдаа эдийн засгийг хүндэрсэн үед зөөлөн бодлого явуулах, улмаар санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах бодлогоо зөөллөх шаардлага гарна. Уг нь эдийн засаг өсөж байх үед бодлогоо чангалж, муудах үед нь зөөллөх хэрэгтэй байсан. Гэвч өсөж байх үед нь давхар зөөлөн бодлого явуулсан. Тийм учраас өнөөгийн хүндрэлтэй үед зөөлөн бодлого хэрэгжүүлэх орон зай үлдээгүй байж мэдэх юм. Гэсэн хэдий ч бодлогоо зөөллөх шаардлагатай гэж банкууд үзэж байгаа. Мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх орон зай чухал. Үүнээс их зүйл шалтгаална. Харамсалтай нь зөөлөн бодлого явуулах боломж хомс байна.
Банкууд активын удирдлагын компани байгуулах бичиг баримтаа бэлэн болгосон
-Чанаргүй зээлийн тухайд активын удирдлагын компани байгуулах асуудал өмнө нь нэг бус удаа яригдаж байсан. Ийм компани байгуулж ажиллахын давуу тал болон ач холбогдол нь юунд байна вэ?
-Өнгөрсөн оны зургадугаар сард банкууд нийлээд активын удирдлагын компани байгуулах бичиг баримтаа бэлэн болгосон. Гэвч хувийн санаачилгаар бий болсон энэхүү компанийн ажиллах эрх зүйн орчин манайд бүрдээгүй учраас үйл ажиллагаа явуулж чадахгүй, хүлээгдэж байна. Энэ чиглэлээр эрх зүйн орчинг бий болгох нь хувийн болон төрийн санаачилгаар байгуулагдах актив удирдлагын компани хоршиж ажиллах, банк санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулахад боломж олгох юм. Ер нь эдийн засаг муудаж байгаа үед чанаргүй зээл улам нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх үүргийг төр тодорхой хэмжээнд үүрэх ёстой.
-Банкуудын зээлийн хүү өндөр хэвээр байна гэж зарим эдийн засагч шүүмжилдэг. Өмнө нь инфляци өндөр байгаа учраас зээлийн хүү өндөр тогтдог гэх тайлбар хийдэг байсан. Харин 2015 оноос хойш инфляци нам, тогтвортой түвшинд ирээд байна. Зээлийн хүү өндөр хэвээр байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Зээлийн хүү өндөр байгаа нь тодорхойгүй байдал, эрсдэл, зах зээлийн нөхцөл байдал, зардал гэх мэт холбоотой олон асуудал бий. Нөгөө талаар зээлийн хүү нь хадгаламжийн хүүтэй холбоотой. Гэтэл инфляци багасаад байхад хадгаламжийн хүү яагаад буурахгүй байна вэ гэх зэрэг асуудал энд тавигдаж байна. Түүнчлэн хадгаламжийн хүү инфляциас өндөр байгаа бодит эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшаар тооцоод үзвэл төгрөгийн хадгаламжийн хүү ямар ч өгөөжгүй болчихсон байх жишээтэй. Тэгэхээр энэ бүх үйл явцыг цогцоор нь шийдэх ёстой гэж үзэж байна. Хадгаламжийн хүү нь манай улсад буй нийт эрсдэлийг илэрхийлж байгаа хэмжүүр.
-Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хүндрэлийн үед өвдөг сөхөрч, банкны салбар ашигтай ажиллаж байна гэсэн шүүмжлэл байдаг. Та үүнийг хэрхэн үздэг вэ? -Эдийн засагт тодорхой хүндрэл гарвал хүндрэлийг хамгийн түрүүнд бодит сектор амсдаг. Өөрөөр хэлбэл, компаниудын ашиг, орлого багасна. Компаниуд банкны зээлтэй. Тэдний хувьд орлого нь буурснаар авсан зээлийнх нь чанар муудаж эхэлнэ. Ингэснээр дараагийн ээлжинд санхүүгийн салбартаа нөлөөлж эхэлдэг. Тэгэхээр эдийн засаг санхүүгийн салбар бүгдээрээ хамтдаа эдийн засагт бий болж байгаа хүндрэл, алдагдлыг хуваалцаж байгаа. Түүнээс аль нь нэг нь хүндрэлийг их амсаад, нөгөө нь тусдаа байдаг зүйл гэж ер байхгүй. Банк гэдэг бол хадгаламж эзэмшигч, зээлдэгч хоёрыг зуучилдаг л байгууллага. Эдийн засаг муудсан үед компаниуд ажилчнаа цомхотгож, урсгал зардлаа танаж байна. Нөгөө талд банкууд ч тодорхой хэмжээнд зардлаа хэмнэх шаардлагатай болж цомхотгол зэрэг үйл ажиллагааныхаа үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч байгаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй