Нохдодоо боорлуулсан хот
Сурвалжилга
Тэдний үүр нь хогийн цэг, жалга, усны худаг, дэлгүүр
Налайхад малтай айлын хашаа руу золбин нохой дайрч, хонь, ямааг нь хэдэн талаас нь зулгаан амьдаар нь барьж идсэн хэрэг өчигдөр гарчээ. Энэ талаарх дуудлага нийслэлийн Шуурхай удирдлагын төвд ирсэн бөгөөд галзуурсан нохойг Налайхын онцгой байдлынхан буудаж устгасан байна. Энэ талаар дуудлага өгсөн А.Цэнд-Аюуштай утсаар холбогдож тодруулахад “Манай эгч ганц бие, мал маллаж амьдардаг юм. Шинэ оны өмнөхөн галзуурсан ноход мал руу нь дайрсан. Гэтэл одоо бүр хашаанд нь орж, барьсан байна. Онцгой болон мэргэжлийн хяналтынхан ирээд ганцхан нохой буудчихаад явсан.
Гэтэл Налайхын 014 дүгээр цэргийн ангийн ойр орчим зэрлэгшсэн сүрэг ноход байнга явдаг. Тэд яг л чоно шиг болчихсон. Амьд хонийг хэдэн талаас нь дайрч, бариад, үс ноостой нь зулгаагаад идчихнэ. Ер нь яаралтай устгалд оруулах хэрэгтэй. Хариуцсан албаны хүмүүүст энэ тухай хэлсэн боловч ойшоохгүй юм. Бид ийм нохдод 10 гаруй хонь, ямаагаа идүүлсэн. Нэгэнт хувь хүний өмч хөрөнгө учраас хариуцсан байгууллага нь яаралтай арга хэмжээ авч өгмөөр байна” гэв.
Сүүлийн үед эзэнтэй, эзэнгүй нь үл мэдэгдэх золбин ноход хотын гудамж, талбай гээд хаа сайгүй тэнүүчлэх боллоо. Үүнийг дагаад иргэд ч айдастай амьдарч байна. Нийслэлийн Статистикийн газраас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 700 мянга орчим нохой байдгаас 200 мянга нь тэжээвэр, үлдсэн нь золбин гэх тодотголтой.
Уг мэдээллийг үндэслэвэл 500 орчим мянган золбин нохой хотоор хаа сайгүй тэнүүчлэн явж байна гэсэн үг. Тэд жилдээ 2-3 удаа хээлтэж, нэг удаадаа 3-8 гөлөг гаргадаг. Ингээд тооцвол тэдний тоо толгой өдөр ирэх тусам хурдацтай өсөж байгаа юм. Энэ мэдээллийг баталгаажуулах үүднээс бид хотын төв болон захын хороолол, цаашлаад зуслангийн газраар явж, золбин нохой хэр их байгааг тандлаа.
Хотын төвийн гудамжаар золбин ноход тэнүүчлэх нь энгийн үзэгдэл болжээ. Тэр дундаа Сэлбийн гүүр орчим 10 гаруй нохой сүргээрээ байнга явдаг гэж иргэн М.Жаргал өгүүлэв. Тэрбээр “Том биетэй, шар, бор, хар гээд зүс өөр ноход сүргийн бус “гишүүн”-ийг үздэггүй. Тэдэн рүү жаахан ойртох төдийд л бүгд л зогсоо зайгүй хуцаж, зарим нь дайрдаг. Сэлбийн гол орчимд хог ихтэй, гуйлгачид зуны цагт хоног төөрүүлж, өвлийн улиралд нөмөр бараадаж гал түлдэг учраас ноход тэнд цугладаг байх” хэмээн таамаглав.
Бид Хайлааст, Чингэлтэй, 7 буудал, Шадивлин орчмын гэр хорооллын гудамж талбайгаар явсан юм. Тэнд тав алхаад л ганц, хоёр нохой гудамжинд таарах хэдий ч сүргээрээ яваа нь тийм ч олон байгаагүй. Гол төлөв хогийн цэг, жалга, усны худаг, дэлгүүрийн үүд хавиар эргэлдэж байгаа харагдана.
Улаанбаатарын нохойн сүрэг 700 мянгад хүрчээ
Ганц, хоёроороо яваа үед тэд хүнээс айна, эмээнэ. Хөл дороо дэвсээд, нэг муухай орилох төдийд сүүлээ хавчаад зугтаах аж. Харин ороо нь орсон үед, мөн сүргээрээ байхдаа хүнээс нэг их айдаггүй нь илт. Тэрчлэн сүүлийн үед нохойд хазуулах хүний тоо өсөх хандлагатай байгааг нийслэлийн Мал эмнэлгийн газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр хэллээ. Тэрбээр “Нохойд хазуулж, галзуугийн вакцинд хамрагдсан хүний тоо 2014 онд 3400, 2015 онд 3600, 2016 оны эхний таван сарын байдлаар гэхэд 1546 байна. Энэ нь золбин нохой, муурны тоо буурахгүй байгаатай холбоотой. Яагаад олшроод байна вэ гэвэл гэр хорооллын айлууд нохойгоо гөлөглүүлээд эрийг нь тэжээж, эмийг нь хаядагаас үүдэлтэй гэж мэргэжлийнхэн үздэг” гэв.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор золбин нохой, муурыг устгах журам хэрэгжиж буй. Энэ хүрээнд хоёр компани нохой устгалыг хариуцан ажиллаж байгаа аж. Тэдэнд өдөрт нэг хороонд л гэхэд 5-7 дуудлага ирдэг юм байна. Эндээс харахад золбин ноход ямар их болсныг дүгнэж болохоор байна. Тиймээс эзэнтэй нохойг нэг бүрчлэн бүртгэлтэй болгож, хүзүүвч зүүлгэх хэрэгтэй гэж зөвлөв. Хэдийгээр золбин нохдыг буудаж устгаж байгаа ч үржлийг нь гүйцэхгүй байгаагаа мэргэжлийн хүмүүс ярьж байна. Нэг хэсэг хотын өмнөх удирдлагууд золбин нохдод нэг бүр нь 150 мянган төгрөгийн үнэтэй хагалгаа хийх санаачилга гаргасан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулсан.
Хотын удирдлагууд ингэж нойрноосоо сэрсэн нь ч учиртай. Яагаад гэвэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-нд тавхан настай бяцхан хүүгийн амийг хажуу айлынх нь зодоонч нохой авч одсон аймшигт хэрэг гарсантай холбоотой юм. Энэ үед олон жил яригдсан золбин нохойныхоо асуудалд хотын удирдлагууд төдийгүй нийгэм даяараа сая нэг анхаарал хандуулж, хэсэгтээ л нохой устгалыг эрчимтэй явуулсан. Гэсэн ч мянгуужингийн үлгэрийн нэгэн адилаар төд удалгүй мартагдаж өнөөдрийн байдалд хүрчихлээ.
Тэгвэл өөр ямар гарц байна вэ? Нохой тэжээдэг айлуудыг бүртгэлжүүлж, татвар ногдуулах, гичий тэжээдэг бол тодорхой хариуцлага хүлээлгэх гээд шат дараалан ажлууд хийж болно. Харин одоогийн нөхцөлд эхний ээлжинд толгой дараалан буудаж устгах л хамгийн оновчтой хувилбар болчихоод байна.
ЗГМ: НЭГ АСУУЛТ
Танай гэрийн орчим золбин нохой хэр олон байна вэ. Хүн рүү дайрах тохиолдол гарсан уу. Нохдоос гэр бүлээ болон өөрийгөө хэрхэн хамгаалдаг вэ?
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Т.Нямжаргал:
-Манайх III хорооллын гэр хорооллын айл. Гэрийн орчим золбин нохой харагдах нь цөөн. Гэхдээ тэр хавийн айлуудын нохойнууд уяагүй эргэлдэж байдаг. Оройн цагаар хашааныхаа завсраар хуцаж, айлгадаг. Өнгөрсөн жил найзтайгаа явж байтал нэг нохой бидэн рүү дайрсан. Энэ үед найзыгаа хамгаалж, чулуу шидэж, чанга орилж байж хөөж явуулсан.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Т.Оджаргал:
-Гэр хороололд амьдардаг. Айлуудын нохойноос гадна гудамжинд золбин нохой олон харагдах боллоо. Зарим айлын хүзүүвчтэй нохой золбинуудтай нийлж сүрэглэдэг болжээ. Орой үдэш манай гудамжаар жоохон хүүхэд, эмэгтэй хүмүүс явахад бэрх дээ. Золбин нохдыг буудсан л гэж хорооноос хэлдэг. Гэхдээ л улам үржээд байх шиг санагддаг.
Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Дэлгэрдалай:
-Би тавдугаар сургуульд сурдаг. Гэрээс сургууль хүртэл явахад золбин нохой мэр сэр харагддаг. Над руу дайрч байгаагүй болохоор нэг их айдаггүй. Хэрэв дайрвал зугтаагаад гүйчихнэ. Эсвэл чулуу шиднэ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй