Шар гэрэл асаад хэдэн км явдаг вэ

Авто зах зээл

Шатахууны заалт дөрөвний нэгтээ хүрэх үед шатахуунаа нэмж байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Гэвч ихэнх жолооч анзааралгүй явсаар шатахууны шар гэрлээ асаачихдаг. Мөн тэр бүр шатахуун авах боломж олдохгүй байх ч тохиолдол бий. Жолооч та шатахууны шар гэрэл асаад хэдий хэр явах боломжтойгоо мэдэж байснаар учирч болох хүндрэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

СӨРӨГ ТАЛ

-Хамгийн эхний асуудал нь мэдээж хээр замд эсвэл хотын түгжрээн дунд машин ямар ч бензингүй болж унтрах. Энэ нь хүндрэл учруулахаас гадна бусдын хөдөлгөөнд саад учруулж, бухимдуулах болно.

-Мөн шатахууны систем, катализаторт гэмтэл учруулах аюултай.

-Хөдөлгүүр хэдий чинээ ажиллана, бензин насос мөн адил байнгын ажиллагаатай байдаг. Харин удаан эдэлгээний явцад цахилгаан мотор доторх зэс утасны лакан бүрхүүл халснаас болж хайлж, бензин насосны чадлыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, чадал буурна гэдэг нь цагт гурван литрийг шахдаг байсан бол нэг литр болж багасдаг. Халсан, халж байгаа энэхүү цахилгаан моторыг бензин нь өөрөө хөргөх үүрэгтэй тул шар гэрэл асангуут бензинээ даруй нэмж байгаарай.

-Хэрэв таны бензин насос муудаад сольсон бол давхар бензиний бүдүүн болон нарийн шүүр (тунгаагуур) хамтад нь соливол илүү үр дүнтэй. Дэлгэрүүлж тайлбарлавал, түлшний системд хоёр шүүр байдаг. Бензин насосны дотор байдаг торон хийцтэй шүүрийг манайхан бүдүүн шүүр гэдэг. Энэ нь шатахуун дахь том хогийг шүүх зориулалттай. Бензин насосыг солихдоо давхар солих шаардлагатай. Харин нарийн шүүр буюу тунгаагуурыг тогтмол хугацаанд сольж байх хэрэгтэй. Энэ нь ихэвчлэн төмөр эсвэл хуванцар савалгаатай байдаг.

-Цаашлаад бага шатахуунтай үед түлшний насос банкны ёроолд тунасан шаар хог зэргийг сорж эвдрэх, хүчгүй болох аюултай. Эдгээр гэмтлийг дараа нь засах эсвэл шинээр солиулна гээд мөнгө, цаг хугацааны хувьд их зардалтай болно. Шатахууны шар гэрлийг байнга асаагаад явах нь дээрх аюулыг дагуулж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй.

ХЭР ХОЛ ЯВАХ БОЛОМЖТОЙ ВЭ

Орчин үеийн автомашины компьютер одоо байгаа шатахуунаар хэр хол эсвэл хэр бага зайг туулах боломжтойг харуулдаг болсон. Гэвч автомашин бүрийн хэдэн километр зайг туулах боломжтой үзүүлэлт нь харилцан адилгүй. АНУ-д шар гэрэл нь асаад хамгийн хол зайг туулах боломжтой машинаар Nissan Altimas шалгарсан байна. Уг машин замын нөхцөлөөс шалтгаалж 130-183 км зам туулж чадна. Харин хүмүүсийн хамгийн их унадаг Toyota-гийн машинуудын хувьд маркаасаа шалтгаалаад 87-146 км зам туулах нь бий.

Та өөрийн машиныг шар гэрэл асаад хэдэн км туулах боломжтойг мэдсэнээр учирч болох хүндрэлээс сэргийлэх юм. Мөн таны хүлгийн шатахууны заалт хурдан буурч байгаа нь ажиглагдвал аль нэг газраар гоожиж байгаа эсэхийг шалгаарай.

Cardoctor.mn


САНАЛ БОЛГОХ