2.4 сая төгрөгийн туршилт

Сурвалжилга

Банкнаас зээлээр авах нөхцөл бүрдүүлнэ

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Лхагвадоржийнх түүхий нүүрс түлэхээ больж, нийслэлийн агаарын бохирдолд утаа нэмэрлэж буй нэг янданг хэрэглээнээс хаслаа. Тэдний байшин 68 ам метр талбай бүхий хоёр өрөөтэй. Д.Лхагвадорж гуай өөрөө 30 ам метр хэмжээтэй өрөөнд нь амьдардаг. Тиймээс хоёр өрөөний хоёр зуухыг галлахын тулд өвөл ЗИЛ 130 машинаар хоёр буюу 10 тонн нүүрс түлдэг. Өөрөөр хэлбэл, түлээ, нүүрсэндээ жилд сая гаруй төгрөг зарцуулдаг аж. Харин “Монватт Тулга” компаниас Германы “Олсберг” компанийн үйлдвэрлэдэг 2.4 сая төгрөгийн үнэтэй цахилгаан зуухыг өчигдөр Д.Лхагвадоржийнд өглөө. Цахилгааны шөнийн тарифийг тэглэсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим өрхөд шөнө цэнэглээд, өдөр нь дулаанаа барьдаг зуух туршиж байгаа нь энэ юм.

“Олсберг” үйлдвэрийн энэхүү зуух нь таван кВт-ын хүчин чадалтай, 220 вольтод залгадаг. Дээр нь хоол, цай хийх зориулалт бүхий хоёр ширэмтэй.

Доторх зориулалтын чулуунууд нь шөнийн турш хуримтлуулсан дулааныг өдрийн турш барьдаг. Уг зуух нь 298 кг жинтэй, овор ихтэй учраас суурилуулахдаа шалны даацыг бодолцох ёстой. Түүнчлэн зуухны эргэн тойронд 25 см- ээс ойрхон зайд шатах болон амархан гал авалцах материал тавихгүй байх заавартай юм байна. Энэ зуухыг ашигласнаар гал түлэхгүй, шөнө цэнэглээд өдөр нь дулаанаа барьдаг учраас цахилгаанд мөнгө зарцуулахгүй гэсэн үг. Гэхдээ зөвхөн нэг өрөөг л халаадаг сул талтай. Гурван өрөөтэй байшинтай айл гурван цахилгаан зуух авах шаардлагатай болно гэсэн үг.

Харин Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Бадамынд “Ультра соник” компаниас Германы “Штиебель Элтрон” фирмийн дулаан хадгалагч өгөв. Уг төхөөрөмж нь 1.8 сая төгрөгийн үнэтэй, 10-45 ам метр талбайг халаах хүчин чадалтай юм. “Ультра соник” компанийн ерөнхий инженер Ж.Хуягбаатар “Энэ төхөөрөмжийг шөнө зургаан цагийн турш залгаж цэнэглэхэд өдрийн турш дулаанаа барьдаг. Үнийн хувьд хүчин чадлаасаа хамаарч 1-7 сая төгрөгийн хооронд байгаа. Нэг кВт-ын хүчин чадалтай нь 10 ам метр, долоон кВт -ынх нь 70 ам метр хүртэлх талбайг халаадаг” гэв. Б.Бадамынх бололцоо гарвал үлдсэн хоёр өрөөндөө ийм халаагуур худалдаж авна гэж байлаа.


Эдгээр төхөөрөмжүүд нь өдрийн турш цахилгаан хэрэглэдэггүй давуу талтай ч үнэ нь харьцангуй өндөр. Тиймээс эхний ээлжинд үнийг нь 30-40 хувиар хямдруулах талаар албаныхан ярилцаж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Халаагуур, дулаан хадгалах төхөөрөмжийн үнийг хэрхэн бууруулах, иргэдэд ямар хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх вэ гэдгийг хотын захиргаанаас зохион байгуулах шаардлагатай боллоо. Ирэх долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын хорооны хурлаар дулаан хадгалах төхөөрөмж, цахилгаан зуухны НӨАТ, гаалийн татварыг хэрхэн хөнгөлөх талаар ярилцана. Мөн иргэд бусад гэр ахуйн цахилгаан барааны адил банкнаас зээлээр авах нөхцөлийг бүрдүүлэх асуудал ярьж байгаа” гэлээ.

Ер нь гэр хорооллын айл жилд дунджаар нэг сая төгрөгийг нүүрсэнд зарцуулдаг байна. Хэрэв шөнийн тарифыг тэг болгосон хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 1-н хүртэл гал түлэхгүй байя гэвэл иргэд өдөр, шөнийн хос тоолуур болон дулаан хадгалах төхөөрөмж худалдаж авах хэрэгтэй болно. Хос тоолуурын хувьд 80 мянган төгрөгийн үнэтэй. Харин дулаан хадгалах төхөөрөмжийг дунджаар хоёр сая төгрөгөөр авна. Үүнээс харвал өнөөдрөөс нүүрсний хэрэглээгээ халъя гэсэн айл хоёр сая гаруй төгрөг зарцуулахаар байна. Мэдээж ирэх жилүүдэд нүүрс худалдаж авахгүй тул удаан хугацаанд өгөөжөө өгөхөөр харагдаж байна. Энэ технологийн шийдлийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд иргэдийн эдийн засгийн чадавхид тааруулж хөнгөлөлт үзүүлэх нь чухал байна.


ЗГМ: ТОДРУУЛГА
Иргэд өөрсдөө төхөөрөмжөө сонгоно


Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Туршилт хийж буй хоёр төхөөрөмж агаарын бохирдлыг бууруулахад нөлөөтэй гэж үзвэл иргэд заавал авах шаардлагатай юу?
-Энэ бол шөнийн цахилгааны үнийг хөнгөлсөн үеийг ашиглан хийж байгаа туршилт. Цахилгаан хадгалдаг төхөөрөмж борлуулдаг маш олон компани бий. Иргэд эдгээрээс өөрсдөө сонгох боломжтой. Удахгүй иргэд ямар хөнгөлөлт эдлэх боломжтой нь тодорхой болох байх.

-Үүнээс өөр ямар шийдлүүдийг туршиж байгаа вэ?
-Хамгийн сүүлд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахын тулд Японы Жайка байгууллагатай хамтран гэр хорооллын цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэх төхөөрөмж тараасан. Нийслэлийн Засаг дарга Хөгжлийн банкаар дамжуулан Ногоон хөгжлийн санд мөнгө босгохоор ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд нэг ч гэсэн яндангаас салах нь чухал байна. Тиймээс ногоон хөгжил, ногоон технологийг түлхүү дэмжиж байгаа. Үүнээс гадна ирэх дөрвөн жилд Эрчим хүчний яамтай цахилгааны эх үүсвэрийг нэмэх, дамжуулж буй сүлжээг аюул багатай болгох талаар хамтран ажиллахаар болсон.

-Агаарын бохирдлын талаар судалгаа хийхэд 600 сая төгрөг зарцуулахаар болсон. Үүний оронд хэдэн айлын дулаалгыг шийдэж өгсөн нь үр дүнтэй гэсэн шүүмжлэл байна.
-Өнгөрсөн хугацаанд судалгаа байгаагүй учраас 176 мянган зуух тарааж, 200 тэрбум орчим төгрөгийг үргүй зарсан. Агаарын бохирдлыг бууруулахын тулд яндангийн тоог цөөлөх ёстой байтал өөр зуухаар сольсон нь зөв шийдэл биш. Ийм үрэлгэн, хариуцлагагүй байж болохгүй. Бид бүх ажлаа судалгаанд тулгуурлах ёстой.
САНАЛ БОЛГОХ