Лабораторийн хүчин чадлыг сайжруулах нь улсын чадлаас хэтэрсэн ажил
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, академич Я.Ганболд ХХААХҮЯ-нд бүртгэлтэй 23 төрлийн антибиотикийн жагсаалтыг дэлгэлээ. Цааш тэрбээр “Монгол Улс антибиотикийн хэрэглээг хяналтаасаа алдсан” хэмээн халаглав. “Пенициллин, тетрациклин, гентамицин гээд олон улсад хориглосон болон хориглоогүй олон төрлийн антибиотикийг мал, амьтанд хэрэглэхэд үлдэгдэл нь тухайн амьтны бие эрхтний аль нэг хэсэг ямар хэмжээтэй үлддэг нь тодорхойгүй. Үүний уршгаар монгол малын мах экспортод гарах боломж хаагдлаа” хэмээв.
Уг нь энэ асуудлыг төр анхаарлын гадна орхиогүй юм билээ. 2014 онд Төрөөс эмийн талаар баримтлах бодлого гаргаж, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор эмэнд тэсвэртэй нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийг хэрэгжүүлэхээр заасан аж. Гэвч уг стратегийг хэрэгжүүлэх бүтэц, хяналтын тогтолцоо өнөөг хүртэл тодорхойгүй, бий болгох талаар ямар ч ажил эхлүүлээгүй байна.
Тиймээс бид хэзээ антибиотикоор тарьсныг нь мэдэхгүйгээр махаа идсээр. Цаашлаад хориотой антибиотиктой импортын хүнс ходоод руугаа хийсээр. Цуврал нийтлэлийнхээ өмнөх дугаарт бид импортын тахианы махнаас олон улсад хориглосон антибиотикийн үлдэгдэл илэрч буй талаар мэдээлсэн.
Гэвч энэ сэдвийг дахин дахин хөндөхөөс аргагүй байна. Ухаж, онгичих тусам хүний эрүүл мэнд, улсын эдийн засагт ямар их аюултай нь ойлгомжтой учраас ганц хөндөөд орхиж болохгүй юм.
Уг нь манай улс импортын хүнсний бүтээгдэхүүнд Европын холбоонд мөрддөг стандартын дагуу хяналт тавьдаг юм билээ. Гэвч Европын холбооны зарим оронд хориотой фторхинолины бүлгийн антибиотикуудын үлдэгдэлтэй тахианы мах манай хилээр нэвтэрч буйг анхаарлын гадна орхиж болно гэж үү. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори(МЭАЦУТЛ)- ийн Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний тасгийн эрхлэгч Ц.Энхтуяа “Бидний мөрддөг стандарт шинэчлэгдсэн байх. Энэ талаар нягтална” гэсэн тайлбар өглөө.
ФТОРХИНОЛИНЫ АЮУЛ
Дани улсад 2001-2014 онд импортын шувууны махны хэмжээ үлэмж нэмэгджээ. Энэ хэрээр амьтны гаралтай бүтээгдэхүүнээс хүнд халдварладаг кампилобактерийн фторхинолинд тэсвэртэй болох тохиолдол огцом өссөн судалгаа бий. Харин фторхинолиныг дотоодын шувууны аж ахуйдаа хэрэглэдэггүй орнуудад антибиотикт тэсвэртэй кампилобактерийн үзүүлэлт тун бага байсан байна. Олон улсын стандартын дагуу Скандиновын орнууд, АНУ, Австрали уг антибиотикийг шувууны аж ахуйд хэрэглэхийг бүрмөсөн хоригложээ. АНУ үүнийг 2005 онд хориглосноор кампилобактерид тэсвэртэй нянгийн тохиолдлыг бууруулж чадсан нь хамгийн гол амжилт хэмээн тэмдэглэсэн байна.
Кампилобактери нь манай улсад өвчин үүсгэгч эрсдэл өндөртэйд тооцогддог. Тухайн бүтээгдэхүүнд ийм төрлийн нянд илэрсэн бол шууд устгалд оруулдаг байна. Дотоодын шувууны аж ахуйнууд ч кампилобактери тээгч гэдгийг 2013 онд ЖАЙКА-тай хийсэн судалгаагаар тогтоосон байдаг. Фторхинолины хэрэглээ зөвхөн кампилобактериар хязгаарлагдахгүй. Манайд хамгийн түгээмэл зоонозын халдварт өвчин болох гэдэсний савханцар, сальмонеллын халдварын эмчилгээнд фторхинолин нь хамгийн үр дүнтэй антибиотик гэдгийг ДЭМБ-аас тогтоосон юм байна. Фторхинолины үлдэгдлийг хүлээн зөвшөөрч болохгүйг Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор С.Лхагвасүрэн маш тодорхой тайлбарласан. Тэрбээр “ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн болон Малын эрүүл мэндийн байгууллагаас зоонозын өвчин үүсгэгч дээрх нянгууд нь фторхинолины бүлгийн антибиотикт тэсвэртэй болохыг анхаарууллаа. Энэ бүлгийн антибиотик нь нянгийн ДНХ-д маш богино хугацаанд мутаци үүсгэдэг. Иймээс л бактерийн антибиотикт тэсвэржих үйл явцыг энэ зууны тахал гэж үзээд байна” хэмээв.
НЭР ТӨДИЙ ИМПОРТЫН ХЯНАЛТ
Бидний үлгэр дууриал авдаг Европын холбоо 1990-ээд оноос антибиотикуудыг нэр заан хориглох болжээ. Бразил улс ч мөн уг давалгаанд нэгдэж, 31 нэр төрлийн антибиотикийг хориглоод байгаа юм байна. Уг жагсаалтад манайд илэрдэг хлорамфеникол, тетрациклин, эритромицин ч байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Үндсэндээ антибиотикийн үлдэгдэлд зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэж байх ёсгүй гэдгийг энэ бүх баримт илтгэнэ. “Антибиотиктой хүнс бол чухамдаа допинг хэрэглэсэн тамирчин лугаа” хэмээн Я.Ганболд зүйрлэснийг хэн ч түвэггүй ойлгох биз ээ.
» Монгол Улсад бүртгэлтэй 23 төрлийн антибиотик малын биед хэдий хэмжээтэй үлддэг нь тодорхойгүй.
» АНУ фторхинолиныг 2005 онд хориглосноор кампилобактерид тэсвэртэй нянгийн тохиолдлыг бууруулж чадсан нь хамгийн гол амжилт болжээ.
» Нэг удаад орж ирж буй бүтээгдэхүүний 10 хувийг нь түүвэрлэн авч, шинжилгээ хийх ёстой стандартыг мөрдөхгүй байна.
Улс орнууд хориотой антибиотикийн үлдэгдэлтэй хүнсний импортыг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. 2008 онд ОХУ Литвээс авсан сүүн бүтээгдэхүүнээс тетрациклин илэрснээр импортоо зогсоосон. Хариуд нь Литви улс уг зөрчлөө арилгаж байж дахин ОХУ- ын зах зээлд гарч эхэлжээ. Мөн дараа жил нь Голланд, Германы тахианы махнаас тетрациклин, окситетрациклин болон доксициклин илэрч, 2009 онд ОХУ-ын ХАА-н хяналтын байгууллага импортыг нь ор тас хориглосон байна.
Харин манайд бол үзүүлэх дээжний хэмжээнээсээ эхлээд но-той зүйл олон. Уг нь стандартаар бол нэг удаад орж ирж буй бүтээгдэхүүний 10 хувийг нь түүвэрлэн авч, шинжилгээ хийх ёстой. “Гэтэл 70, 80, заримдаа 120 тонныг төлөөлсөн гэх өчүүхэн бага дээж ирдэг юм. Бас хэзээ ирэх нь тодорхойгүй. Улсын байцаагчийн үйлдсэн акттай гэнэтийн дээж үе үе л ирдэг. Заримдаа дэлгүүрийн лангуун дээр байгаа махны шинжилгээний бичгийг үзэхэд хугацаа нь хэдийнэ өнгөрчихсөн, нэг удаагийн бичгийг 4-5 удаа ашигласан тохиолдол байна. Мэргэжлийн хяналтынхан хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн Ц.Энхтуяа анхаарууллаа.
МХЕГ-аас авсан мэдээллээр амьтны гаралтай импортын бүтээгдэхүүнийг хил дээр сайн шалгачихдаг тул худалдаанд байхад нь дахин шалгах шаардлагагүй гэж үзэж буйгаа хэлэв.
Антибиотикийн үлдэгдэл уг нь хүний эрүүл мэндэд цацраг идэвхт бодис, хүнд металл зэрэгтэй эн тэнцэх хэмжээний эрсдэл учруулах химийн найрлагатай. Иймд анхаарлын гадна орхиж болохгүйг бодлого боловсруулагчдад хэлээд цөхрөнгөө барж буйгаа УМЭАЦТЛ-ийн дэд захирал асан С.Цэрэнчимэд хуваалцсан юм.
БУУРАЙ ОРНЫ ЗОВЛОН
Импортын хяналтыг чангатгахын тулд бид лабораторийн хүчин чадлаа сайжруулах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр улсын хэмжээнд 8-9 төрлийн антибиотикийн үлдэгдлийг л УМЭАЦТЛ нарийвчлан үзэж, үлдэгдлийн хэмжээг нь тогтоож байна. Стандартчилал хэмжил зүйн газраас өгсөн мэдээллээр уг нь тус лабораторийн 21 аймаг дахь салбар 2-3 төрлийн антибиотикийн үлдэгдэл үздэг юм байна. Мөн мах, сүүний үйлдвэрлэл эрхлэгчид зөвхөн өөрсдийнхөө бүтээгдэхүүнд антибиотик байгаа, эсэхийг нь л үздэг.
Улсад бүртгэлтэй 23, олон улсад хэрэглэдэг 50 төрлийн антибиотиктой өөрсдийн энэхүү чадамжийг харьцуулахад хэтэрхий чамлалттай. Буурай бидний зовлон гэхээс юу гэх билээ. Шинжилгээний нэр төрлийг олшруулах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь явж явж хөрөнгө санхүүгээс шууд хамааралтай аж. Тухайлбал, нэг төрлийн антибиотик үзэх оношлуур л гэхэд 1.4 сая төгрөгийн үнэтэй. Ийм оношлуур буюу китээр нэг удаад 48 дээж үздэг. Нэг дээжинд хийх шинжилгээний төлбөр нь 30 гаруй мянган төгрөг. Китийг нэг онгойлгосон л бол хадгалаад, дараа дахин үзнэ гэсэн ойлголт байхгүй. Харамсалтай нь, манайд нэг удаад ирдэг дээж нь 48 хүрэх нь бүү хэл ганц хоёроос хэтэрдэггүй тохиолдол олон. Харин багажаар нэг удаад нэг дээжинд 2-3 төрлийн антибиотикийн үлдэгдэл үзэх боломжтой. Үнэ нь 45 мянган төгрөг. Үнэтэй учир компаниуд олон дээж шинжлүүлэхэд санхүүгийн хувьд хүнд тусах нь тодорхой.
Манай улс 2003 оноос хүнсэн дэх антибиотикийн үлдэгдэл, цацраг идэвхт бодисын агууламжийг шинжилж эхэлжээ. Тэр цагаас хойш олон улсын төсөл хөтөлбөрийн тусламжтай л лабораторийн хүчин чадал, боловсон хүчнээ нэмэгдүүлж ирсэн. Хуулийн дагуу улсаас халдварт өвчний оношилгооны зардалд олгодог төсөвтөө хүнсний оношлуурын зардлаа багтаадаг гэдгийг УМЭАЦТЛ- ийн Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний тасгийн эрхлэгч тайлбарласан.
Харин тус лабораторид байгаа антибиотикийн үлдэгдэл үздэг нэг багаж л гэхэд 270 сая төгрөг болдог. Гэхдээ үүгээр үзсэн шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Британийн Хатан хааны нэрэмжит лабораторид үр дүнгээ баталгаажуулж байснаа Ц.Энхтуяа эрхлэгч ярив. Одоо байгаагаа сайжруулахад үүнээс ч олон сая еврогоор хэмжигдэх багаж авах шаардлагатай болох юм байна.
Антибиотикийн хэрэглээ хэдийнэ биднийг бүслэн, чимээгүй дайн болсныг олон улс хүлээн зөвшөөрөөд, холбогдох байгууллагаас удаа дараа зөвлөмж хүргүүлж буй. Гэвч улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал тулгуур болсон хүнсний салбарын бодлого Монголд дэндүү сул дорой байгаа нь гачлантай. “Төрийн удирдах болон хэрэгжүүлэх, хяналтын шатны байгууллагуудад боловсон хүчний залгамж үе алдагдсанаар хүнсний салбараа бүрэн хянаж чадахгүй байна” хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүнсний бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа хэлсэн юм.