Бүртгэлд үндэслэн буцаан олголтыг өгнө

ЗГМ: Тодруулга

Бүртгэлтэй 900 мянган хэрэглэгчийн 623 мянга нь баримтаа бүртгүүлжээ

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд иргэдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгохоор заасан юм. Тэгвэл 2016 онд бүртгүүлсэн нийт баримтын хоёр хувийн буцаан олголтыг 2017 оны эхний улиралд багтаан олгох ёстой. Энэ ажил ямар шатанд байгаа болон бүртгэлтэй холбоотой иргэдэд тулгарсан асуудлаар Сангийн яамны харъяа Гааль татварын мэдээллийн технологийн төвийн Стратеги төлөвлөлтийн албаны захирал Г.Ариунбатаас тодрууллаа.

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг хэзээнээс өгч эхлэх вэ?

-Хуульд заасны дагуу 2016 оны буцаан олголтыг хувь хүнд энэ оны эхний улиралд багтаан олгоно. Хуулийн заалтад 15 хоногийн дотор жагсаалтыг татварын албанд гарган өгч, тухайн алба ес хоногт хянаж, Төрийн сан болон Сангийн яам ажлын 45 хоногт шийдвэрлэнэ. Ингээд иргэдийн дансанд оруулах юм. Тэгэхээр буцаан олголтыг эхний улирал буюу гуравдугаар сарын 31-н гэхэд олгож дуусна.

-Бүртгэлтэй холбоотойгоор цахим сайт болон гар утасны аппликэйшн ажиллахгүй байна гэсэн гомдол их байна?

-Ebarimt.mn вэб сайт ямар ч асуудалгүй хэвийн ажиллаж байгаа. Харин гар утсаараа бүртгүүлдэг бол утасныхаа аппликэйшныг update буюу шинэчлэх шаардлагатай. Тохиргоо хийхгүй бол бүртгүүлсэн баримтууд нь харагдахгүй, тэг заагаад байгаа асуудал гарч байна. Тиймээс гар утасныхаа аппликэйшныг шинэчлээрэй. Энэ тохиолдолд баруун дээд буланд 2017, 2016 гэсэн огноо гарч ирнэ. Түүнчлэн нэг зүйлийг сайтар анхаарна уу. 2016 онд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 6-ны 23.59 цагийн дотор бүртгүүлэх ёстой.

-Иргэдийн мэдээлэл зөрүүтэй байвал буцаан олголт хийхгүй гэсэн мэдээлэл гарчээ. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Иргэд ebarimt.mn вэб сайтад хандаж өөрийнхөө бүртгэлийн мэдээллийг заавал үнэн зөв оруулах хэрэгтэй. Үүнд анхаарах ёстой зургаан гол мэдээлэл бий. Тодруулбал, нэр, овог, регистр, банк, дансны дугаар, утас юм. Энэ зургаан мэдээллийг заавал зөв оруулах ёстой. Энэ мэдээлэл ороогүй тохиолдолд тухайн хүнд буцаан олголт хийх эрх үүсэхгүй. Мөн тухайн хүний бүртгүүлсэн данс давхар эзэмшигчтэй, эсвэл өөр хүнийх байж болохгүй. Зөвхөн өөрийнх нь эзэмшдэг банкны данс байх ёстой. Хүмүүс данс гэхээр картын дугаараа оруулах тохиолдол байна. Тэгвэл мэдээлэл мөн л буруу болно. Хэрэв дансны дугаараа мэдэхгүй бол тухайн банкнаасаа асуух боломжтой шүү дээ. Энэ бүх мэдээллийг энэ сарын 6-ны 23.59 цагаас өмнө амжиж өөрчлөөд, засчихвал буцаан олголт бүрэн хийгдэнэ.

Дансны дугаар нь зөвхөн тухайн хүний нэр дээр бүртгэлтэй байх ёстой

-Монгол Улсын хэмжээнд хэдэн иргэн татварын буцаан олголтыг эргүүлэн авахаар байна вэ?

-Манай системд бүртгэлтэй 900 мянган хэрэглэгч бий. Тэдний нэгээс дээш НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн 623 мянган иргэн байна. Тэд ямар нэг байдлаар буцаан олголтоо авах боломжтой. Гэвч 623 мянган хүнээс 480 мянга нь л мэдээллээ үнэн зөв оруулсан л байна. 143 мянган хүн одоо болтол овог, нэр, регистр, утасны дугаар, банк, данс зэргээ зөв гүйцэд оруулаагүй байна гэсэн үг. Иймд өөрсдийнхөө мэдээллийг яаралтай дахин нэг нягтлаад зөв болгох шаардлагатай.

-Хөдөө орон нутгийн иргэд гар утсаараа баримтаа бүртгүүлдэг. Мэдээллээ яаж нягтлах вэ?

-Сум, аймаг, нийслэл, дүүрэг дэх хамгийн ойрын Татварын албаны нэг цэгийн үйлчилгээнд хандаж, бүртгэлээ баталгаажуулж болно. Хэрэв татварын албанд хандах боломжгүй бол аймаг, дүүрэгт байдаг хамаатан садан, найз нөхдөдөө хэлээд өөрийн бүртгэлийн нэвтрэх найман оронтой тоо, нууц үгээ хэлээд бүртгэлээ оруулах боломжтой. Дахин сануулахад, энэ сарын 6-ны 23.59 цагаас өмнө амжаарай.

-Бас нэг асуудал нь гар утсаараа нэвтэрдэг иргэд нууц үгээ мартсан байна. Бүртгэлийг заавал вэб сайтад хандаж баталгаажуулах ёстой юм уу?

-Хэрэв нууц үгээ мартсан бол утсаараа ороод хувийн мэдээлэл оруулах хэсэгт бүртгэлээ баталгаажуулах, эсвэл засварлах боломжтой. Заавал компьютер ашиглаж, цахим сайтад орох шаардлага байхгүй.

САНАЛ БОЛГОХ