Дэлхийн дэг: Ямар байсан, ямар болчихоод байна вэ

Судлаачийн үг

Олон улсын харилцааны бүтэц, удирдлага, адил тал гэж бий. Тэдгээр нь сүүлийн 70 гаруй жилд төлөвшсөн. “Хүйтэн дайн” хэдийгээр сайн явдал байгаагүй ч олон улсын харилцааг тодорхой болгож, цэгцэнд оруулсан. Дэлхийн дайнд хүргэчилгүй “Хүйтэн дайн” шувтарсан нь дэлхийн дэг цэгцтэй, хяналтад байсных юм. Үргэлжлээд дэлхийн шударга дэг тогтож, сөргөлдөөн бус, хамтын ажиллагаа цэцэглэнэ хэмээн бодсон нь харин байдаггүй. Тэгж хүссэн идеалист, бидний сайн таних Михаил Горбачев өөрөө түүхийн шоглоом болчихоод байна. Зорилго нь сайхан, түүндээ хүрэх арга зам, практикаа тэрбээр огт төсөөлөөгүй.

Дэлхийн улс төрийн газрын зургаас СССР алга болсон нь өрнийнхний хувьд гэнэтийн бэлэг, харин түүнийгээ зөв ашиглаж чадаагүйгээс өнөөгийн их гай түйтгэр нөхцөлдсөн хэмээн Москва үздэг. Дэлхийн өнцөг булан бүрт хаос дэгдэж, дэлхийн бодлого хянагдах аргагүй болж, эрсдэлийн өмнө тулж ирсэн нь XXI зууны энэ цаг үеийн нэг гол онцлог юм.

Хэдийгээр хянагдахгүй ч хүчний төвүүд өвөр хоорондын харилцан шүтэлцээ, хамааралдаа хав баригджээ. Оросыг Европоос, АНУ-ыг Хятадаас салгаж хөндийрүүлнэ гэх ойлголт хэзээ ч бүтэхгүй боллоо. Дэлхийн болон Европын дэг бүтэн зуунаар хэвшиж, хэрэгжиж явснаа үр нөлөөгөө алдлаа. Дэлхий ертөнц ойртож нягтрахын хэрээр ондоошиж, олон талтай, улам бүр түвэгтэй болж байна. Мөнгөтэй, хүчтэй, цэрэг зэвсэгтэй нь байр сууриа тулган хүлээлгэхэд хэцүү боллоо. Төрт-улс биш тоглогчид (ISIL, олон улсын террористууд гэх мэт) хянагдах аргагүй боллоо.


Үндэсний эрх ашигтаа хэт захирагдвал олон улсын хөгжлийн гольдрилоос гадуур төөрч, ганцаардаж болохыг Орос харуулаад байх шиг. Европын гүрэн Оросын тухайд хэлж байна. Геополитикийн хувьд үнэхээр хүчирхэг боловч цаана нь сулхан эдийн засаг, тэр нь дэлхийн эдийн засгийн хоёрхон хувь гэхээр Орос хаашаа ч хандсан ганцаардлаасаа мөд салахгүй болов уу. Гадаад эдийн засгийн өрсөлдөөнд Орос байнга эрсдэлтэй тулгарч ирлээ. Хэдийгээр таатай орчныг Азийн талаас бүрдүүлж өгсөн ч эдийн засгийн бүтцээ үндсээр нь өөрчлөхгүй бол цаашаа өөдлөхгүй. Гэхдээ Орост өөр гялтайх, гийгүүлэх юм байна.

2014 оны Украины хямрал дэлхийн хувьд ч, Европын хувьд ч, Оросын өөрийнх нь хувьд шинэ эрсдэл, үл ойлголцол, тодорхойгүй байдлыг буй болгочихсон, гарцыг нь хэн ч олж чадахгүй байна. Тэгэхдээ энд нэг дэг үйлчилж байна. Тэр нь олон улсын харилцааны онол, олон улсын эрх зүйгээр тайлбарлагдахгүй. Олон туйлт ертөнцийг дэлхий яг хүссэн үү, эсвэл АНУ тэргүүтэй өрнийнхнөөр залуулаад байх уу гэдэгт Орос-Украин-Крым, дээр нь Сири-Алеппо цэг тавьсан уу гэх адармаатай асуулт босч ирлээ.

Ганц туйл, хүчний ганц төв, түүнийг тойрч нягтарсан “Өрнө”, эсрэг талд нь “Бусад нь” гэх тэг загвар хэрэгжиж байна уу гэдэг ч хариулт олж өгөхөд түвэгтэй. Шинэ ертөнц маань сонгодог утгаараа олон туйл руу явж байна, тэгэхдээ “олон дэг журам” бүхий глобал институци рүү чиглэж байх шиг.

Өрнийнхний өөрийнх нь тэрхүү универсал либерал дүрэм журмыг дэлхий хүлээн авсангүй, тэгэх ч шаардлагагүй гэдгийг АНУ-ын шинэ улс төрийн элит -Трамп илэрхийллээ. Америк төвтэй дэлхийн дэгийг дагахгүй гэдэг хүчнүүд- Орос, Хятад гэх мэт нь тэр глобал лидер, глобал манлайлал хэмээх ойлголтыг үнэгүйдүүллээ. Гэхдээ глобал элдэв бэрхшээл нь хэт ихэдсэн (олон улсын терроризм, дэлхийн дулаарал ба үер ус, глобал санхүү- эдийн засгийн бүтэлгүйтэл гэх мэт) учраас глобал харилцан шүтэлцээ хамаарал гарцаагүй. Тэгэхээр нөгөөх даяаршил маань хүссэн хүсээгүй үргэлжилнэ.

Даяаршлын гинжин урвал гэх ойлголт буй болсон. Америкийн тогтоосон дэгээр явах уу, түүнийг сөрөх үү, эсвэл зэрэгцүүлж өөрийн дэгээ тогтоогоод сүүлд нь хослуулах уу гэдэгт дэлхий хариулт эрэлхийлж байх шиг. Ийм дэгийг мөнгө санхүү, хөдөлмөрийн хүчээр тогтоож болно гэдгийг Хятад нотлохыг зорьж ирлээ. Дэлхийд АНУ хамгийн хүчирхэг эдийн засагтай, дэлхийн нөөц валют тэнд л байдаг, гэтэл АНУ өөрөө хамгийн том өртэй, Хятад нь хамгийн том глобал зээлдүүлэгч болж хувирлаа. Үүнийг БРИКС-ээр төлөөлүүлэн Орос өрнийнхнийг сөргүүлж тавих зэвсэг болгохыг зорилоо. Өрнийнхөнтэй эн тэнцүү, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн шударга зарчмаар харилцая гэвэл Орост өөрт нь “Хятад”, “БРИКС”, “ШХАБ”, шинээр Сири, Крым, Донбасс гээд олон зэвсэг гарт нь атгаастай байна.

АНУ глобал манлайлагч биш гэдгийг л нотлохын тул геополитикийн ийм олон зэвсгийг олоод атгачихжээ. “Хүйтэн дайн”-д СССР ялагдан, Орос- Америкийн харилцаа цаашаа өөрөөр төлөвшиж байсныг 2014 оны хавар эвдчихсэн, сөргөлдөөн, их гүрнүүдийн халз өрсөлдөөний үеийг эргүүлээд аваад ирсэн. Тэр нь Оросын өнөөгийн гадаад бодлогын онцлог болж байх шиг.

»“Хүйтэн дайн” хэдийгээр сайн явдал байгаагүй ч олон улсын харилцааг тодорхой болгож, цэгцэнд оруулсан.
» Үндэсний эрх ашигтаа хэт захирагдвал олон улсын хөгжлийн гольдрилоос гадуур төөрч, ганцаардаж болохыг Орос харуулаад байх шиг.
» АНУ глобал манлайлагч биш гэдгийг л нотлохын тул геополитикийн ийм олон зэвсгийг олоод атгачихжээ

Сөргүүлж АНУ Обамагийн өнгөн дээр глобал давамгайллаа хадгалах элдэв оролдлого хийгээгүй биш хийсэн. Олон туйлт дэлхийд АНУ хэрхэн гоцлох вэ гэдэгт лав сүүлийн дөрвөн жил тэд тархиа гашилгалаа. Америк төвтэй тэр бүтэцдээ өрнийн биш тоглогчдыг татан оруулж, холбогдож сүлбэлдэхийг хичээлээ. Бүс нутгийн мега хамтын нийгэмлэг гэж үзэхээр Номхон далайн түншлэл, Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл гэдгийг гаргаад ирлээ. Өрнийн бус улс орнуудыг тийшээ ор, эсвэл зожигрон сал гэх шахуу тулгалт Вашингтоноос хийх гэлээ. Ирак, Сирид АНУ тэргүүтэй олон улсын эвсэл байгуулан байлдуулж, тэнд 70 орчим улс нэр холбогдоод байгаа нь ч бас сонголт өгөхгүйгээр тулгаж байгаагийнх нь нэг хэлбэр юм. Даян дэлхийд дүрвэгсдийн их хямрал нүүрлэлээ гээд НҮБ- д энэ асуудлаар хуралдсан томхон саммитэд 50 улс орны төр, засгийн тэргүүн нар зохион байгуулсан нь мөн л тулгалтын нэг хэлбэр болов уу.

Эдүгээ гадаадын судлаач эрдэмтдийн анхааруулан хэлж буй хоёр том хамтын нийгэмлэг тив дамнан төлөвшиж байна. Улс төр-эдийн засгийн тив дамнасан хоёр аварга бүтэц буюу Америк төвтэй «Хоёр далайн хамтын нийгэмлэг. Нөгөө нь «Их Евразийн их тивийн хамтын нийгэмлэг» гэж энэ хоёрыг ойлгож болно. Хоёр дахь хамтын нийгэмлэг нь Монголын яг эргэн тойронд төлөвшиж байна. Гуравдагч хөршөө эрэлхийлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх идэвхтэй бодлогын хүрээнд бид эхнийх нь хамтын нийгэмлэгтэй холбогдож чадна. «Их Евразийн» хэмээн оросуудын нэрлээд буй тэрхүү аварга эвсэлд Орос, Хятад, Иран, ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн бүслүүр, хэтдээ АСЕАН байх болно хэмээн оросын эрдэмтэд онолдоно.


“Эдийн засгийн санкц” гэх ойлголт ч дээрхи аварга хоёр хамтын нийгэмлэгийн өвөр хоорондын тоглолт болж таарлаа. Эхний буюу Америк төвтэй хамтын нийгэмлэгийг сөрвөл цээрлүүлнэ, түүнд нь тэр санкц нь зэвсэг болно. Гэтэл санкцыг тойруулж, давуулж харилцаж болно, чадна гэдгийг Евразийнхан хариу нотлоно. Нотлох нотлохдоо Сирийн иргэний дайнд оролцож байгаагаа өдөр бүр, цаг тутам ид бах болгон Москвагаас сурталдах нь хоёр их хамтын нийгэмлэгийн өрсөлдөөнд ялагдашгүй гэдгээ илтгэн харуулж байгаагаас өөр юу ч биш хэмээн гадаадын эрдэмтэд тэмдэглэх аж.

Мөртөө байсан дэлхийн дэгийг АНУ л нураасан гэх зэмлэлийг оросын эрдэмтэд гэлтгүй улс төрчид нь ч урсгаж эхэллээ. Энд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн нэгэн мэдэгдлээс эшлэе.

Тэрбээр "Чухам АНУ л өрнөд дэх түншүүдтэйгээ нийлэн Босни, Косовогоос эхлэн Ирак, Ливийг хүртэл олон улсын дэг журмын бааз үндсийг нураасан.

Югославыг хэсэглэн хуваахад чиглэсэн НАТО-гийн ажиллагаа эхлэхэд л Орос анхааруулсан. Ийм ажиллагаа чинь юунд хүргэх вэ гэдгийг сэрэмжлүүлсэн. Гэвч Пентагон дүгнэлт хийхийн оронд тэр явдлаас хойш Ирак, Афганистан, Ливи, бусад улсыг тонон дээрэмдэж, зөвхөн магнайгаа тэнийлгэж ирснийг бид харлаа" гэв.

Шойгугийн хэлснээр Орос нь нэг гүрний төлөө бус, нэг бүлгийн төлөө бус, бүх улс орны эрх ашигт нийцсэн шударга, олон туйлт дэлхийн дэг тогтоохын төлөө ямагт тэмцэж ирсэн. Харин АНУ л гадаад бодлогын хандлагаа хичнээн түргэн өөрчилж чадна, санал зөрөлдөөнөө төдийчинээ даван туулж чадах ажээ.

Америк төвтэй "Хоёр далайн хамтын нийгэмлэг"; нөгөө нь Орос, Хятад тэргүүтэй "Их Евразийн их тивийн хамтын нийгэмлэг" гэх улс төр-эдийн засгийн тив дамнасан хоёр аварга бүтцийн завсарт Монголыг зөв байршуулж, зөв гарцыг нь зааж өгөх хувилбарыг уншигч Та бодож олоорой. Төвийг сахих тухай 2015 оны намраас яригдсан тэр номлол үүнд хэр бодитой, хэрэгтэй бол.
САНАЛ БОЛГОХ