Менежментийн тогтолцоо нь компанийн чадавхийг сайжруулна

Ярилцлага

Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлсэн 70 гаруй байгууллага бий

Бид өдөр тутмын амьдралдаа ямар нэг байдлаар стандартыг мөрдөж байдаг. Жишээлбэл, сандал дээр суухад түүний өндрийн хэмжээ, барилгын шатны гишгүүрийн хэмжээ, хоол хүнсний орц, найрлага, мах, ногоо зэргийг ямар нөхцөлд хадгалсан, ямар дарааллаар боловсруулсан гэх мэтчилэн бүх зүйл зураг төсөл, дүрэм, журам, технологийн зааврын дагуу хийгддэг. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, менежментийн тогтолцоонд тавигдах хамгийн энгийн шаардлага, хэм хэмжээг тогтоосон баримт бичгийг стандарт гэж ойлгож болно. Тэгвэл Монгол Улсад анхны стандарт гарснаас хойш 60 гаруй жил болж одоо дэлхий нийтээр мөрдөж байгаа стандартуудыг нутагшуулах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх үйл явц идэвхжиж байна. Энэ талаар Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Хангайтай ярилцлаа. Тэрбээр төрийн байгууллага болон компанийн засаглалын амин сүнс нь олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх гэдгийг онцолсон юм.

-Хүмүүс чанар, аюулгүй байдлыг стандарт гэж ойлгодог. Тэгвэл үүнийг хэн яаж тогтоодог вэ. Стандарт гэж юуг хэлдэг юм бэ?
-ISO хэмээх 160 гаруй орны гишүүнчлэлтэй, 300 гаруй техникийн хороогоор дамжуулан стандартыг боловсруулж баталдаг олон улсын байгууллага байдаг. Нэг техникийн хороо гэхэд хамгийн багадаа 100-аад улсын төлөөлөлтэй хуралдаж олон улсын стандартыг баталдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт дээр жишээ авч, тайлбарлая. Хөдөлмөрийн аюулгүй байдлын OHSAS 18001 Олон улсын стандарт энэ жил ISO 45000 болж шинэчлэгдэх гэж байна. Стандартыг шинэчлэх илүү боловсронгүй болгохын тулд дэлхийн улс орны төлөөллүүд өөрийн орны хууль эрх зүйн орчин, арга барил, онцлог зэргийг дэвшүүлж, тухайн батлах гэж буй стандарт тохирох эсэх, талаар хэлэлцдэг. Нэг стандартын төслийг хамгийн багадаа 3-5 жилийн хугацаанд боловсруулан хэлэлцэж баталдаг. Тиймээс стандартыг маш үр дүнтэй судалж байж тогтоодог гэсэн үг.

-Олон улсад хэдэн төрлийн стандартыг мөрддөг вэ. Тэдгээрээс Монгол Улсад хэд нь хэрэгжиж байна вэ?
-Олон улсын 35 мянган орчим стандартыг дэлхийн 185 гаруй орон дагаж мөрддөг. Харин Монгол Улсын хувьд 6500 орчим стандарт байдаг бөгөөд эдгээрийн 35 орчим хувь нь олон улсын стандартын түвшинд хүрсэн гэсэн мэдээлэл бий. Одоогийн байдлаар Монгол Улсад Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага байна. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компанийн тоотой харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. Юуны түрүүнд олон улсын менежментийн тогтолцооны стандартын давуу талын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Хамгийн сайн тал нь гэвэл олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн компаниуд дэлхийн хэмжээнд буюу олон улсад үнэлэгдэх боломжтой болно. Тухайлбал, Монголын нэг компани энэхүү олон улсын стандартыг нэвтрүүлснээр дэлхийн аль ч улсын ижил түвшний үйл ажиллагаа явуулдаг компанитай эн зэрэгцэж өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр, энэ стандарт нь олон улсын зах зээлд хөрөнгө босгох, бизнесээ хөгжүүлэх давуу тал болдог. Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэнээр аль ч улсын зарласан тендерт оролцох боломжийг тухайн компанид бүрдүүлдэг.

Монгол Улсаа хөгжүүлэх хамгийн зөв гарц нь экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал гэж эдийн засагчид үздэг. Тийм ч учраас Засгийн газрын түвшинд мах экспортлоно хэмээн ярьж эхэлсэн. Гэхдээ үүнийг хийж хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд олон улсад мөрддөг “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны ISO 22000 стандартыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргах гэж байгаа манай дотоодын компаниуд олон улсын энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр бидний дэлхийд гарах үүд хаалга нээгдэх болно.

-Танай байгууллага олон улсын хэдэн стандартыг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж байна вэ. Үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын компанийн менежментийг сайжруулах зорилгоор Европын сэргээн босголт хөгжлийн банкны санаачилгаар 2008 онд байгуулагдсан төрийн бус байгууллага. Бид менежментийн багуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, тэднийг чадавхижуулах зорилготой. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай улсын жижиг, дунд үйлдвэрүүдэд маш олон чиглэлээр зээл тусламж үзүүлдэг. Эдгээрийн нэг нь зөвлөх үйлчилгээг дэмжихэд олгодог буцалтгүй тусламж юм. Гэвч үүнийг авах чадвартай компани цөөн байдаг. Тиймээс бид тухайн компанийн менежментийг сайжруулах, зээл, хөрөнгө оруулалт авах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

-Компанийн менежментийг сайжруулдаг гэхээр менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлдэг гэж ойлгож болох уу?
-Манайхан менежментийн стандартыг зөвхөн бараа бүтээгдэхүүний чанарын тухай асуудал мэтээр хүлээн авдаг. Гэтэл менежментийн стандарт нь сүүлийн 50-иад жилийн хугацаанд үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн. ISO гэхэд 100 жилийн түүхтэй. Анх 1901 онд гарч ирэх үед бүтээгдэхүүний чанарт анхаарч байсан бол 1954 онд олон улсын байгууллагаас бүтээгдэхүүний чанар удирдлага солигдох, анхаарал сулрах төдийд алдагдаж байна хэмээн дүгнэлт хийсэн. Тиймээс байгууллагын менежментийн баг буюу удирдлага өөрөө маш сайн байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, удирдлагын тогтолцооны стандартыг бий болгосон. Удирдлага өөрөө зөв стандарттай, зөв менежменттэй байвал бүтээгдэхүүний чанар тэр хэрээр сайн байна гэсэн тогтолцоо руу орсон.

-Менежментийн тогтолцооны стандарт Монголд хэр нэвтэрсэн байна вэ? -Сүүлийн үед компаниуд олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг ойлгож нэвтрүүлэх хүсэлтэй байгууллагуудын тоо нэмэгдэх хандлагатай болсон. Жишээлбэл, бараа бүтээгдэхүүнийг импортолдог дистрибютер компаниуд байна. Тэд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн оруулж ирэхийн тулд өөрсдөө тэр стандартын шаардлагыг хангасан байх зайлшгүй шаардлагатай болж байгаа. “Энэ стандартыг нэвтрүүлмээр байна, гурван жилийн дараа 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээсээ хоёрыг нь экспортлоно, таван жилийн дараа гэхэд 10-ыг нь гаргаад эхэлмээр байна” гээд зөвлөх үйлчилгээ, сургалт авах хүсэлтэй олон компаниуд бидэнд ханддаг.

Менежментийн тогтолцооны алдагдал томоохон групп компаниудад хүчтэй нөлөөлдөг. Тухайлбал, нэг том группын үүсгэн байгуулагч гээд нэг захирал байхад охин компанийн захирлууд солигдож байдаг. Энэ тоолонд тухайн компанийн менежмент алдагдаж, тодорхой хэмжээний хохирол амсаж, эрсдэл бий болдог. Энэ нь өөрийн гэсэн стандарт, удирдлагын тогтолцоо байхгүйтэй холбоотой. Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр дэлхийн болон Монголын компанийн борлуулалт хэд дахин өсч, эрсдэл нь тэр хэмжээгээр буурсан байдаг. Дан ганц бараа бүтээгдэхүүн чанартай болох, орлого нэмэгдэх төдийгүй дэлхийн зах зээлээс хөрөнгө босгоход давуу тал болдог. Лондонгийн хөрөнгийн биржээс жишээ татая л даа. Тэнд бүртгэлтэй үнэт цаас арилжаалдаг нийт компанийн 75 хувь нь энэ стандартыг нэвтрүүлсэн байдаг. Тэгэхээр эндээс ямар ач холбогдолтой стандарт вэ гэдэг нь харагдаж байгаа биз.

-Олон улсын стандартын академийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манайх Монголд хэрэгжүүлж болох олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын талаар мэдлэг олгох академитай. Тухайлбал: хөдөлмөрийн болон хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамж, байгаль орчны болон чанарын менежментийн тогтолцоо гэх мэт олон улсын 10 гаруй стандарт бий. Эдгээрийг нэвтрүүлэх хүсэл сонирхолтой байгууллага, аж ахуй нэгжийн удирдлага, менежерүүдэд зориулсан сургалтыг энэ сарын 9-нээс эхлэн бүтэн жилийн турш зохион байгуулах төлөвлөгөөгөө гаргаад байна. 2016 оны 01 сарын 10-наас 12-ны хооронд болох ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартын сургалтандаа урамшуулал зарлаж эхний таван суралцагч нарт 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Та бүхнийг манай сургалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Сургалтын талаар мэдээлэл авах, бүртгүүлэх бол Утас: 70115522, 86678668 дугааруудад холбогдоно уу.

-Ярилцсанд баярлалаа.
САНАЛ БОЛГОХ