Эрх мэдлийн хуваарилалтад “гар хүрэх” ёстой

Ярилцлага

Улс төрийн соёл бүрэн төлөвших үндэс бүрдэхгүй байна

Засгийн газраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан. Энэ талаар Шихихутуг их сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш, докторант Х.Одонтуяатай ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах хоёр ч Ажлын хэсэг байгуулагдлаа. Ер нь өөрчлөлт оруулах нь зөв үү?
-1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль өнгөрсөн 25 жилийн хугацаанд үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Гэхдээ өөрчлөх шаардлага байгаа гэж үздэг. Учир нь өнөөдөр хүмүүсийн үнэт зүйлийг үнэлдэг үнэлэмж нь өөрчлөгдсөн. Үүнийг дагаад нийгмийн үнэт зүйл, үнэлэмж ч өөрчлөгдөж байна. Жишээ нь, яагаад АНУ-ын Ерөнхийлөгчөөр тэрбумтан сонгогдов. Энэ нь хүмүүсийн аливаа хандаж байгаа хандлага өөрчлөгдөж байгаагийн илэрхийлэл. Өмнө нь баян хүнийг сонгохгүй гэсэн ойлголттой байсан шүү дээ. Монголчууд ч аливаа зүйлд өөр байр сууринаас хандаж эхэллээ.

УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар шинээр байгуулагдаж, үүнийг дагаад төрийн албанд бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын үнэ цэнэ байхгүй болчихлоо. Тиймээс ялсан болон ялагдсан намын эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Тодруулбал, ялагдсан намд хохирол бага учруулахаар, ялсан улс төрийн хүчинд эрх мэдлийг илүү олгохгүй байхыг Үндсэн хуульд тусгах нь зөв гэж бодож байна. Ийм зохицуулалт хийвэл нийгэмд үүсээд байгаа асуудлыг шийдэж болно. Тиймээс Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх хэрэгтэй.


-Засаглалын хямрал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг шалтгаан хэмээн судлаачид төдийгүй улстөрчид байр сууриа илэрхийлдэг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Манайд эрх мэдэл холилдсон байгаа нь үнэн. 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн хийж болно” гэсэн заалтыг тусгасан. Үүнийгээ дэлхийн бусад улс оронд байдаг жишиг хэмээн тайлбарладаг. Ийм тайлбар хийж болохгүй. Учир нь манай улс 76-хан гишүүнтэй. Эрх мэдэл нь бие даасан, бие биенээ хянах ёстой гэсэн эрх мэдлийн гол мөн чанар алдагдаж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтад “гар хүрэх” ёстой.

-Төрийн эрх мэдлийн хуваарилалтад хэрхэн “гар хүрэх” ёстой вэ?
-Бид 2010 оноос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай болсон. Уг хуульд зарим хүн шүүмжлэлтэй ханддаг бол зарим нь ач холбогдолтой гэж үздэг. Үндсэн хуульд халдаж болохгүй зүйл, заалтыг уг хуульд тусгаж өгсөн нь давуу тал юм. Олон улсын жишгээс харахад хууль санаачлагчийг нэмэлт, өөрчлөлт оруулах субьект болгодоггүй. Хязгаарлалт тавьдаг гэсэн үг. Үүнийг ч уг хуульд тусгаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхгүй байх, өөр бусдын эрх мэдлийг шилжүүлэн авахгүй байх, хариуцлагаас зугтах зэрэг зүйл заалт бүхий хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуульд эрх мэдлүүдийн зөрчлийг зохицуулдаг зохицуулалт байх ёстой. Энэ бол төрийн эрх мэдлийн хуваарилалтын хамгийн гол мөн чанар. Эцсийн дүндээ хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байна гэсэн үг.

-1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй хэмээн үзэх судлаачид байдаг. Таны хувьд?
-Угтаа бол цэц Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналаа УИХ- д өргөн мэдүүлэх ёстой байдаг. Энд процессын алдаа л гарсан. Мөн Үндсэн хуулийн цэц эцэг хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэцийн гол мөн чанар нь шийдвэр гарангуут хүчинтэй болж, өмнөх хуулийн зүйл, заалт хүчингүй болдог. Гэтэл хүчин төгөлдөр бус хуулийн зүйл, заалт Үндсэн хуульд шигтгэгдэж үлдэнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр, 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч удаа дараа хориг тавьсан. Гэтэл 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд өргөн мэдүүлээд 24-нд нь үг, үсгийн завсаргүйгээр баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиас давсан улс төрийн шийдвэр гарсан. Ингэхээр хууль дээдлэх ёс алдагдаж байгаа юм. Товчхондоо, эрх зүйн болон улс төрийн соёл бүрэн төлөвших үндэс бүрдэхгүй байна.

-Нэг нам парламентад олонхыг бүрдүүлж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэх байр суурийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, өөрсдөдөө ашигтай хувилбараар батлах вий гэсэн болгоомжлол байх шиг байна?
-Хардлага байгааг буруутгахгүй байна. Гэхдээ Монголын ард түмний төлөөлөл болсон улстөрчид алсыг харсан, урт удаан хугацаанд мөрдөгдөх хуулийн өөрчлөлтийг хийх байх гэдэгт итгэж байгаа. Урт удаан хугацаанд мөрдөгдөх гэдэг нь эрх мэдлийн зөрчлийг шийдвэрлэсэн байх ёстой гэсэн үг. Улс төрийн соёл, эрх зүйн ухамсартай байх нь угтаа ард түмний төлөөллийн хувиар зайлшгүй хийх ёстой зүйл гэдгийг хатуу санах хэрэгтэй болов уу. Нэгдсэн нэг санал, бодлоор өөрчлөлт оруулахад буруу зүйл байхгүй. Гэхдээ уг шийдвэрийн цаана ард түмэн байгаа гэдгийг л үргэлж санаж явах нь зүйтэй. 1992 оны Үндсэн хуулийг эзэнгүй гэж ярьдаг. Эзэн нь Монгол Улсын ард түмэн шүү дээ.
» Ялсан болон ялагдсан намын эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуульд тусгаж өгөх хэрэгтэй.
» Үндсэн хуульд эрх мэдлүүдийн зөрчлийг зохицуулдаг зохицуулалт байх ёстой.
» Нэгдсэн нэг санал, бодлоор өөрчлөлт оруулахад буруу зүйл байхгүй.
-Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхээ ард түмнээсээ асууна гэдгээ илэрхийлж байгаа. Зарим нь ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж байна. Энэ хэр зөв алхам бэ?
-Олон нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай давхардуулж явуулбал дэндүү улстөржих сөрөг талтай. Тиймд бие даасан байдлаар буюу илүү ач холбогдол өгч явуулах хэрэгтэй. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх ёстой. Үүний дараа санал асуулгаа авах нь зөв гэж бодож байна. Мэдлэг, мэдээлэл түгээх ажлыг оюутан, багш нарын тусламжтай явуулж болно гэж бодож байна.

-Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталбал ирэх 2020 УИХ-ын сонгуулийн дараагаас мөрдөнө гэх хүн цөөнгүй байна. Үүнтэй санал нийлэх хүн байна уу? -Нэгэнт нэмэлт, өөрчлөлт оруулвал шууд дагаж мөрдөх нь зөв болов уу. Учир нь хугацаа хойшлуулснаар нэмэлт, өөрчлөлтийг улс төрийн тоглолт болгон ашиглах байдлаар хожихыг үгүйсгэхгүй.
САНАЛ БОЛГОХ