Үрэлгэн зан ба тамирчдын дампуурал

Спорт

Ганцаараа нисэхийн тулд бүх тасалбарыг нь худалдан авчээ

Грек сагсчин Яннис Антетокумпо NBA-д элссэн эхний жилийнхээ түүхийг сэтгүүлчдэд ярьсан нь олны сонирхлыг ихэд татжээ. Түүний ярьсан зүйлээс сагсчдын үрэлгэн байдлын талаарх хэсэг нь бүр ч содон байв. Тухайлбал, багийнх нь нэгэн тоглогч бэлтгэл дээр цоо шинэ пүүз өмсөж тоглосноо бэлтгэлийн дараа хогийн сав руу чулуудчихаад яваад өгсөн гэх. Өөр нэг ахмад тоглогч түүнийг дэлгүүрээс бохь, ундаа аваад ир гээд 500 ам.доллар өгч явуулжээ. Манайхаар сая гаруй төгрөг гэсэн үг. Харин тэдний хувьд энэ нь жижиг сажиг зүйл авдаг задгай мөнгө бололтой. Түүнчлэн аялан тоглолтоор өөр хотод очсон тамирчид зочид буудалд орохдоо playstation тоглоом худалдан авдаг. Үүгээрээ ганц шөнө тоглочихоод маргааш нь буудалдаа орхиод явах энүүхэнд. Энэ бол грек тоглогчийн ярьсан ганц нэгхэн жишээ байлаа.

Ер нь тамирчдын үрэлгэн зангийн талаарх энэ мэт жишээ олон. Үнэхээр олж чадаж байгаа учраас мөнгөө яаж үрэх нь дурын асуудал юм даа. Гэхдээ олсон хэдэн цаасаа этгээд сонин гэмээр зарцуулдаг одод ч байна. Тэдний нэг бол цагтаа NBA-д тоглож явсан сагсчин Дешуан Стивенсон. Үрэлгэн зангаараа алдартай тэрбээр гэртээ АТМ- ийн машин авч тавьжээ. Яагаад ингэснийг нь асуухад “Зүгээр л гоё санагдаад” хэмээн хариулсан юм. Гайхалтай нь, түүний АТМ- аар нэг удаа гүйлгээ хийхэд 4.5 ам.долларын шимтгэл авдаг гэнэ.

Хэрэв та энгийн нислэгээр ганцаархнаа нисэхийг хүсвэл яах вэ. Мэдээж ийм боломж олдохгүй тул нөхцөл байдалтайгаа эвлэрээд, бусадтай хамт хөөрөхөөс аргагүй. Харин америк хөлбөмбөгийн тамирчин Винс Янг өөр бодолтой байлаа. Тэрбээр тухайн нислэгийн бүх тасалбарыг худалдаж аваад асуудлыг хялбархан шийджээ. Гэхдээ тамирчны замналдаа ганцхан удаа онгоцоор ниссэн гэнэ. Хэрэв ийм явдал олон тохиосон бол нислэгийн компанид овоо их мөнгө орж ирэх байв.

Ер нь тамирчид нэг хотоос нөгөө рүү байнга аялж байдаг. Харин NBA-гийн од Аллен Айверсон ийн зорчихдоо хэзээ ч хувцастай цүнх авч явдаггүй байв. Хэрэв хувцсаа солих шаардлага гарвал шинийг худалдаад л авчихна. Сагсны өөр нэг хурц од Коби Брайант 2007 онд Лас Вегаст очиж наргижээ. Тэрбээр мэргэжлийн покерчидтой хамт тоглохын хамт оргилуун дарс захиалж уусаар байв. Эцэст нь 15 оргилын дарсны тооцоонд 21 мянган “ногоон” төлсөн гэдэг. Гэхдээ Коби тооцоотой нэгэн болохоор мөнгийг хамаагүй үрж байгаагүй. Харин тамирчны замналдаа олж буй мөнгө нь үүрдийнх юм шиг санаж, баруун солгойгүй цацсаар байгаад хожим өрөнд баригдсан эмгэнэлтэй жишээ ч олон. Тэдний нэг бол бейсболын тамирчин Жак Кларк. Ховор чамин машинд дуртай түүний цуглуулгад тансаг зэрэглэлийн 17 төмөр хүлэг байсан гэдэг. Гэвч зодог тайлсны дараахан дампуурлаа зарласан юм. Өндөр үнэтэй машинуудаа эргээд хэдээр зарсан нь тодорхойгүй.

NBA-гийн оддын 60 хувь нь зодог тайлснаас хойш таван жилийн дотор дампуурдаг
NBA-гийн сагсчид бусад мэргэжлийн лигийн тамирчдаас хавьгүй өндөр цалин авдаг. Талбай дээр ганц хоёрхон минут гардаг, сэлгээнээс хамгийн сүүлд тоглолтод оролцдог “гоожуур” л гэхэд жилд 800 мянгыг халаасална. Харин супер одод нь ихэвчлэн 20 сая гаргаад авна. Гэвч NBA-гийн оддын 60 хувь нь зодог тайлснаасаа хойш таван жилийн дотор дампуурдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тун харамсалтай тоо байгаа биз. Дампуурсан шалтгааныг нь сонирхоод үзвэл янз бүр. Жишээ нь, лигт 14 жил тоглохдоо нийт 63 сая ам.долларын цалин авсан Кенни Андерсон таван өөр эмэгтэйгээс гарсан долоон хүүхдэдээ сар бүр 40 мянган “ногоон”-ы тэтгэмж төлдөг. Эцэст нь зодог тайлсан даруйдаа дампуурлаа зарласан нь зүйн хэрэг.

Энтуан Уолкерыг сагсны хорхойтнууд андахгүй. 12 жилийн тамирчны замналдаа 108 сая ам.долларын цалин авсан тэрбээр зодог тайлсан даруйдаа ор мөнгөгүй болсноо мэдэгдсэн нь олон хүнийг гайхшруулж байв. Гэтэл мань эр үл хөдлөх хөрөнгийн компанид хамаг мөнгөө оруулсан нь буруудаж, ядуурахад хүрчээ. Мөн тансаг машин, үнэт эдлэлийн зүйлд хайр гамгүй зарцуулж байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь мэдээж.

Бейсболын тамирчин Альфонсо Сорианог автомашины хамгийн тааруухан худалдан авагч гэж нэрлэхэд буруудахгүй. Тэрбээр өөртөө зориулж Hummer H2 машиныг 50 мянган ам.доллараар худалдан авчээ. Дараа нь машинаа өөрийн хүслээр янзалж сайжруулахад үүнээс хоёр дахин ихийг зарцуулсан юм. Эцэст нь түүний сонирхол буурсан бололтой, eBay сайтад машинаа 36 мянгаар зарна гэсэн зар оруулсан байжээ.

Олсон мөнгөө хамаагүй үрж, эцэст нь модоо барьсан жишээ олон хэдий ч байгаа хэдээ зөв зүйтэй зарцуулж, өсгөсөн сайн түүх ч бий. Ийм сайн жишээний гол төлөөлөгч нь домогт сагсчин Майкл Жордан. Тэрбээр хувийн бизнесээ амжилттай эрхлэхийн зэрэгцээ NBA-гийн “Шарлотт” багийг худалдан авсан. Улмаар түүний хөрөнгө нэмэгдсээр 2015 онд спортоос төрсөн анхны тэрбумтан болж байв. Өнөө цагийн супер од Леброн Жеймс удаах тэрбумтан болоход ойрхон ирээд байна. Nike компанитай байгуулах насан туршийн аварга гэрээ нь түүнд ийм боломж олгожээ.
САНАЛ БОЛГОХ