Дональд Трампын ялалт хүчин төгөлдөр боллоо

Мэдээ

АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөлөгчдийн саналыг баталгаажуулснаар Дональд Трампын ялалт хүчин төгөлдөр боллоо. Өнгөрсөн баасан гарагт Конгрессын нэгдсэн хуралдааны үеэр саналыг тоолж баталгаажуулсан байна. Эцсийн дүнгээр Дональд Трамп 304 төлөөлөгчийн санал, Хиллари Клинтон 227 төлөөлөгчийн саналыг авчээ. Харин долоон төлөөлөгч өөр нэр дэвшигчид санал өгсөн байна. Үүнээс гадна энэ сарын 20-нд тангараг өргөх гэж байгаа Дональд Трамптай холбоотой үйл явдлууд анхаарлын төвд байсаар байна. Тухайлбал, түүний хүргэн Жаред Кушнер Дональд Трампын засаг захиргааны гол зөвлөхийн албан тушаалд очих хүлээлттэй байгаа аж. Тиймээс тэрбээр өөрийн гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн компанийн Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгөхөөр бэлдэж байгаа талаар түүний хуульч Жами Горелик мэдээлжээ.

Түүнчлэн "Tesla"-ийн Гүйцэтгэх захирал Элон Маск "Trump Tower"-т Дональд Трампын хүргэн Жаред Кушнер, ахлах зөвлөх Стив Бэннонтой баасан гарагт уулзсан байна. Уулзалтаар ажлын байр шинээр бий болгох зэрэг эдийн засгийн асуудлуудыг хэлэлцжээ. Энэхүү уулзалтын үеэр тэрбээр хэвлэлийнхний асуултад ямар нэгэн хариулт өгөхөөс татгалзсан байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “ABC News”-д ярилцлага өгөх үедээ “ОХУ-ын зүгээс дахин цахим халдлага үйлдэж магадгүй. Мөн Дональд Трамп бид хоёр зарим талаараа эсрэг хүмүүс” гэдгийг онцолсон байна.

Барак Обама “Дональд Трамптай харилцан яриа найрсаг, дулаан уур амьсгалтай байгаа. Тэр зөвлөгөөг найрсгаар хүлээн авсан. Сонгуулийн кампанит ажил явуулах болон улсыг удирдах нь асар их ялгаа байгаа гэдгийг би түүнд онцгойлон захисан. Тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авснаар дэлхийд тэргүүлэгч улсыг удирдах болно гэдгийг тэр ойлгох ёстой. Гэр бүлийн бизнесээ удирддаг шигээ улс орноо удирдаж чадахгүй" хэмээн онцолжээ.



САНАЛ БОЛГОХ