Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй

Мэдээ

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ажил олгогчдын анхаарлыг татаж байна. Учир нь "Цагийн ажил", "туршилтын хугацаа" гэхчлэн шинэ заалтуудыг оруулж, ажил олгогчийн хүлээх зарим хариуцлагыг нэмэгдүүлжээ. Монгол Улсад Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор "цагийн ажил" гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байгаа юм. Тийм учраас "цагаар ажиллах" гэсэн шинэ зүйл шинээр нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэхдээ тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар заасан байна. Мөн цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар төсөлд оруулжээ. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.

Хуулийн төсөлд тусгаснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөхөөр байна. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500 мянгаас нэг сая төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5-10 сая төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл одоо мөрдөгдөж байгаа хуулиар хүлээх торгуулийг 100 дахин өсгөхөөр заасан байна. Үүнээс гадна "Туршилтын хугацаа, дагалдан ажиллах хугацаа" гэсэн зүйл шинээр нэмж, туршилтын хугацааг гурван сараас илүүгүй байхаар зохицуулжээ. Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй гэж хууль санаачлагч мэдээлж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ