Гэр хорооллын эко шийдэл
Технологийн цаг
Доод тал нь 100 мянган төгрөгөөр өнтэй өвөлжих боломж бий
Нүүрс түлэхгүй, түлсэн ч хар утаа суунаглуулж, орчноо бохирдуулалгүй сайхан амьдрах олон боломж байгааг технологийн буландаа онцоллоо. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” үзэсгэлэнд Улаанбаатарын утааг бууруулахад чиглэсэн 13 төрлийн технологийг 50 гаруй байгууллага дэлгэн тавьж, олон нийтэнд сонирхуулж байна.
Үзэсгэлэнд 10 гаруй төрлийн цахилгаан халаагуур дэлгэжээ. Ийм төхөөрөмж хайж яваа хүний санхүүгийн боломж нь байвал хэмнэлт, үзэмж, үр ашгийг нь бодолцож, хүссэнээ сонгож болно. Цахилгаан халаагуурын үнэ 100 мянган төгрөгөөс дээш. Хуучнаар Оросын гэгдэх ширмэн паарны таван секц суурилуулаад, хоёр талыг нь сантехникийн хоолойгоор холбож, тогонд залгахад таны дулаан өвөлжих боломж бүрдэнэ. “Мянган лан” хэмээх уг төхөөрөмж зөвхөн уураар халдаг бөгөөд температур, цахилгаан зарцуулалтаа тохируулах электрон удирдлагатай юм. Үүнээс гадна хэт ягаан туяа, хий, цахилгаанаар халдаг маш олон төрлийн цахилгаан халаагуур ч бий. Тэр ч бүүхэл, хананы зурган халаалт хүртэл байдаг аж. Үүнээс гадна, гэрийн болон барилгын төрөл бүрийн дулаалгын материалаас ч хүссэнээрээ сонгох боломжтой. Орон байр, өрөө тасалгаандаа өнтэй өвөлжих боломжийг алдалгүй уг үзэсгэлэнг зориорой.
ШҮҮЛТҮҮРТЭЙ ЯНДАН
Ямар ч төрлийн зууханд шууд суурилуулах боломжтой, түлшний зарцуулалтыг 50, хорт утааны хэмжээг 90 хувь бууруулдаг янданг Японы инженерүүд Монголын нөхцөлд туршсан нь амжилттай болжээ. Одоогоор тус янданг Японд захиалгаар үйлдвэрлэж буй бөгөөд нэг бүрийн үнэ нь 2.5 сая төгрөг юм байна. Гэхдээ энэ янданг 20 жил ашиглах боломжтой аж. Дотооддоо олноор үйлдвэрлэх боломжийг судалж буйг “Japan Flare” төслийн менежер тайлбарлав. Дотооддоо үйлдвэрлэвэл нэгжийн үнэ нь хямдарч, илүү олон айл худалдан авах боломжтой болох юм.
ШАЛНЫ ХАЛААЛТ
Монгол гэр, хувийн сууц, эмнэлэг, орон сууц, хаус, албан контор гээд бүхий л төрлийн обьектод тохиромжтой хэт ягаан туяаны хальсан халаалт нь дулаанаа утаагүй шийдэх оновчтой гарцуудын нэг юм. Уг халаалтаас нэг ам метрийг 36-65 мянган төгрөгөөр худалдан авч, 2.5 ам метрийг халаах боломжтой. Бүх төрлийн хулдаасан болон паркетан шал, хивс, хивсэнцрийн доор дэвсэж хэрэглэх зориулалттай эдгээр халаалт нь ихэнхдээ БНСУ, БНХАУ-ын импортын бүтээгдэхүүн юм. Мэдээж ус нэвтрэхгүйн дээр автомат удирдлагатай тул температур, цахилгааны хэрэглээгээ хүссэнээрээ тохируулах боломжтой. Цахилгааны зардал нь цагт 30-60 төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.
НОГООН НҮҮРС
Багануурын нүүрсний үнийг 140, Налайхын нүүрснийхийг 540 мянган төгрөгөөр жилд хэмнэх боломжтой ногоон нүүрсийг хэрэглэж заншвал утааг 60 хувь бууруулах боломж байна. Барьцалдуулах чадвар гойд сайн уг бүтээгдэхүүн жирийн нүүрснээс шаталтын хугацаа нь 1.8 дахин урт байдаг аж. Өөрөөр хэлбэл, 28 ам метр талбайтай гэрийг хоногт 20-25 кг түүхий нүүрсээр дулаацуулдаг байсан бол 11-13 кг болж буурах юм.
Шалны халаалтын дийлэнх нь БНСУ, БНХАУ-ын бүтээгдэхүүн
ОЗОН ЯЛГАРУУЛАГЧ САЛИР
Зөвхөн гэр хороолол төдийгүй орон сууцны иргэдэд зориулсан хамгийн дэвшилтэт төхөөрөмж. Япон эрдэмтдийн 40 жилийн хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон озон ялгаруулагч Салир хэмээх бяцхан төхөөрөмж 3.1 сая төгрөгийн үнэтэй. 1.8 кг жинтэй, 25 ам метр талбайн агаарыг цэвэршүүлж, ионжуулах үйлчилгээтэй юм байна. 7500 вольт хүчдэлийн тусламжтай корона цахилгаан үүсгэснээр хасах цэнэгээс цахилгаан салхи бий болдог аж. Үүний тусламжтай хангалттай хэмжээний хасах ион үүсгэхийн зэрэгцээ агаарт буй хорт бодисыг устгаж, төрөл бүрийн бактерийг үгүй хийнэ. Байгалийн салхи үүсгэдэг тул унтлагын өрөөнд ч ашиглах боломжтой. Мөн агаар шүүгчийг нь солих шаардлагагүй тул цэвэр усанд булхахад л хангалттай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй