Юанийн ханш тогтворжих хэлцэл

Валют

Своп хэлцлийн гэрээг шинэчлэх ажил эрчимжинэ

ОХУ болон Япон улсын төв банкинд своп хэлцлийн гэрээ байгуулахаар Монголбанк хандаад буй. Энэ онд төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хойд хөршид айлчлах ба дээрх асуудалд тодорхой ахиц гарна хэмээн зарим эдийн засагч үзэж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг манай улс БНХАУ-тай 2011 онд анх байгуулсан. Энэхүү своп хэлцлийн хэмжээг гурван жилийн өмнө 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх шинэ гэрээг албажуулсан билээ.

Тэгвэл БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн гэрээг дахин шинэчлэн байгуулахаар Монголбанк төлөвлөж байна. Энэ тохиолдолд гурван жилийн өмнө байгуулсан 15 тэрбум юанийн дүнтэй “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ” хүчингүй болж, шинэ гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн гэрээний хугацааг гурван жилээр сунгах, хэмжээг нь 10 тэрбум юанаар нэмэгдүүлэхээр ярилцаж байна” хэмээн мэдэгдсэн. Энэ нь дунд хугацаанд юанийн ханш тогтворжиход нөлөөлөх бөгөөд цаашид төгрөгийн эсрэг юанийн ханш огцом чангарах эрсдэлийг хаах давуу талтай аж.

Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захын тогтвортой байдлыг хангахад оршдог. Тиймээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, улмаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилгоор өмнө нь своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлж байсан удаатай. Олон улсын валютын сан /ОУВС/-гийн зээлжих тусгай эрхийн сагс буюу нөөц валютын сагсанд өмнөд хөршийн үндэсний мөнгөн тэмдэгт болох юань багтсан.

» ОХУ болон Япон улсын төв банкинд своп хэлцлийн гэрээ байгуулахаар Монголбанк хандаад буй.

» Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захын тогтвортой байдлыг хангахад оршдог.
» Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг манай улс БНХАУ-тай 2011 онд анх байгуулсан.

Гэхдээ дэлхийн төлбөр тооцоонд юанийн эзлэх хэмжээ ердөө 1.8 хувь байна. Шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд, олон улсад юанийн хөрвөх чадвар нэмэгдэж, урт хугацаанд БНХАУ-ын эдийн засаг илүү нээлттэй болох таамгийг дэвшүүлжээ. Ийм нөхцөлд юанийн эрэлт нэмэгдсэнээр дэлхийн төв банкууд гадаад валютын нөөцөө юаниар бүрдүүлэх нэмэлт боломжтой болох талаар зарим судлаач тодотгосон нь бий. Манай улсын хувьд БНХАУ худалдааны гол түнш. Энэ нь своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэхэд жин дарж байгааг үгүйсгэхгүй. Своп хэлцлийн гэрээг шинэчлэлээ гэхэд эерэг нөлөө нь давамгайлна гэж зарим эдийн засагч үзэж байна.

“Юань ОУВС-гийн нөөц валютын сагсанд орсон нь түнш орнуудын худалдаа, үйлчилгээний салбарт томоохон дэмжлэг болно” гэж Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн эдийн засагч Б.Мөнхзул тэмдэглэсэн юм. Төв банкны Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн эх үүсвэрийн хэмжээ өнгөрсөн хугацаанд тэлж ирсэн. Үүнийг дахин 10 тэрбумаар нэмэгдүүлэхээр Монголбанк зорьж, хоёр тал гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлсэн байна.

Төгрөгийн эсрэг юанийн ханш аажим чангарсаар. Монголбанкны зарласан албан ханшаар юань 360.38 төгрөгтэй тэнцлээ. Төгрөгийн нэрлэсэн ханш юанийн эсрэг 9.2 хувиар сулараад буй. БНХАУ-ын Ардын банктай байгуулсан мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг гурван жилээр сунгах, улмаар хэмжээг нь 10 тэрбум юанаар нэмэгдүүлэх яриа, хэлэлцээ үргэлжилж байна.

САНАЛ БОЛГОХ