Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд зарим өөрчлөлтүүдийг тусгах шаардлагатай байна гэв

Мэдээ

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар тусгасны дагуу УИХ-ын зарим гишүүд гадаадын банкны салбарыг дотоодод нээн ажиллуулах хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өргөн мэдүүлээд байгаа юм. Гаднын банкны салбарыг дотоодод хууль эрхзүйн боловсронгуй зохицуулалттайгаар нээн ажиллуулах нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олон улсын санхүүгийн зах зээлийн интеграцид нэвтрэх боломж олгох боловч өргөн мэдүүлээд байгаа хуулийн төслийг эргэн харж, зарим өөрчлөлтүүдийг тусгах шаардлагатай байгааг салбарынхан онцолж байна. Мөн хууль нь гадаадын банканд зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөхөд чиглэгдэж байгаа ч эрхлэх үйл ажиллагааны хүрээ нь хэт өргөн байна гэж үзэж байна.

Хуулийн төслийн VI зүйлд зааснаар, гадаадын банк зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах худалдан авах, зээл болон санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах эрхтэй байхаар байгаа юм. Мөн Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, даатгалын зуучлагч, андеррайтер, кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар байгаа нь хөрөнгийн зах зээл хангалттай хөгжөөгүй Монгол Улсын хувьд эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна.

Монгол Улсад гадаадын банк санхүүгийн байгууллагууд дотоодын банканд хөрөнгө оруулж, хувь эзэмших хэлбэрээр нэвтэрсэн юм. Одоогийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкнаас найман банк гадаадын хөрөнгө оруулалттай, эдгээрээс гурван банк гадаад банкны хувьцаа эзэмшилтэй байна.



САНАЛ БОЛГОХ