АН-ын таван араншин ба амлалт

Нийтлэл

Мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажлынхаа талд нь ороод байна

Эв нэгдлийг эрхэмлэсэн Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй таван нэр дэвшигч эхний уулзалтаасаа л эвдрэлцэж эхэлсэн. Өмнө нь зохион байгуулсан хоёр удаагийн дотоод сонгуулийн дараа Ардчилсан нам золтой л тарчихаагүй учир энэ удаад эв нэгдлийг эрхэмлэх ёстойг ийнхүү намын дарга нь хатуу захиж, эв эеийг хичээхийн бэлгэдэл болсон багцалсан таван сум өгсөн юм. Гэвч нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах нэрийдлээр нэгнээ намнаж, дотоод сонгуулийн “цаг уур”-ыг зориудаар өөрчлөв. Товчхондоо, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, намынхаа гишүүдээс оноо цуглуулах ёстой дотоод сунгааны өнгө төрх, үндсэн зорилго нь алдагдахад хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар сунгаанд өрсөлдөж буй таван нэр дэвшигч дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажлынхаа талд нь ороод буй. Тодруулбал, Хэнтийгээс эхэлсэн сонгуулийн сурталчилгаа Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт үргэлжлээд нэр дэвшигчид өчигдөр Улаанбаатар хотноо ирëýý . Үүнээс гадна нийслэлийн есөн дүүргээс зөвхөн Багануур, Багахангай дүүрэгт л таван нэр дэвшигч буугаад мордсон. Ингэхдээ нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын шинэчлэл гэхээсээ илүүтэйгээр гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэх, алдаа дутагдлаа дүгнэх хэрэгтэйг онцолж байна. Мөрийн хөтөлбөртөө ч ардчилсан төрийн удирдлага зөвхөн эрх баригчдаар биш иргэдийн шууд оролцоотой удирдлага дээр тогтох ёстойг тусгажээ. Үүнээс гадна улс төрийн хариуцлага тооцохгүй өнгөрдөг хөшүүн тогтолцоог өөрчилж, улс төрийн чадавхын үнэлгээ нэвтрүүлэхээр тэрбээр зорьж байгаа аж.

» Мөрийн хөтөлбөрөө танилцуулж, намынхаа гишүүдээс оноо цуглуулах ёстой дотоод сунгааны өнгө төрх, үндсэн зорилго нь алдагдахад хүрээд байна.
» Н.Алтанхуяг намын даргаар сонгогдсон даруйдаа өнгөрсөн дөрвөн жилийн намын үйл ажиллагаа, бодлого шийдвэрт дүгнэлт хийнэ гэдгээ уулзалтын үеэр амлажээ.
» Орон нутаг төвтэй нам болохын төлөө ажиллана.
Алдаа дутагдлаа дүгнэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа нэр дэвшигч үүгээр дуусахгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намын даргаар сонгогдсон даруйдаа өнгөрсөн дөрвөн жилийн намын үйл ажиллагаа, бодлого шийдвэрт дүгнэлт хийнэ гэдгээ уулзалтын үеэр амлажээ. Тэрбээр орон нутгийн намыг бэхжүүлж, хүчирхэгжүүлэн, намын бодлогыг орон нутагт чиглүүлж, гишүүдийнхээ шууд оролцоог хангана гэдгээ мөрийн хөтөлбөртөө дурдсан байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан нам дамнасан бүлэглэл, фракцаас Ардчилсан намыг салгах нь шинэчлэлийн суурь ажил хэмээн тодорхойлжээ. Үүнээс гадна өөрт нь үе үе тулгардаг ужиг “өвчин”-өөс салахыг хүссэн бололтой. Мөрийн хөтөлбөртөө намын гишүүдээ хөөдөг, ялгаварладаг хоцрогдсон тогтолцоог халж, дүрмийн зөрчил гаргасан гишүүдийг улс төрийн сонгуульд оролцох, сонгуульт албан тушаал хаших эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэхийг чухалчилсан байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийн хувьд намаа санхүүжилтийн хувьд хэн нэгэн болон хэсэг бүлгээс хараат бус байлгахыг мөрийн хөтөлбөртөө онцолжээ. Товчхондоо, санхүүгийн хувьд бие даасан байх ёстой хэмээн үзэж байгаа аж. Мөн орон нутаг төвтэй нам болохын төлөө ажиллана гэдэг заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Нэр дэвшигч Л.Гантөмөрийн хувьд мөрийн хөтөлбөртөө мэдлэг боловсролыг чухалчилсан байна. Тодруулбал, намын хүний нөөцийн бодлогод мерит буюу мэдлэг, ур чадвар, туршлагыг эрхэмлэж, оролцоо манлайллыг чухалчилдаг зарчим баримтална гэх заалтыг тусгажээ. Мөн намын дэргэд улс төрийн боловсролын сургалтын бүтэц үүсгэнэ гэдгээ ч онцолсон байна.

Ямартай ч, сонгогчдын хувьд намын эв нэгдлийг бататгаж, шинэчлэл хийхийг хамгийн ихээр хүлээж буй. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт ижил төстэй заалтууд ч харагдсан. Гэхдээ хэн нь олон санал авч ялалт байгуулна бусад нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг багцалж, хамтран хэрэгжүүлэхээ албан ёсоор амласан юм.
САНАЛ БОЛГОХ