Б.Долгион: Өндөр барилга хөгжлийн чиг хандлага биш

Ярилцлага

Биднийг албан тушаалтнууд биш, Монголын оюунлаг залуус анхаараасай

“Утаанаас болоод ханиадгүй айл гэж алга даа. Эхнэр хүртэл ханиадтай хэвтэж байгаа” хэмээн ая зохиогч, продюссер Б.Долгион зовнингүй өгүүлэв. Сайн сайхан Улаанбаатарын төлөө ярилцах бидний төлөвлөгөө түүнийг редакцид орж ирсэн даруйд хүйтний эрч чангарах тусам улам өндрөө авдаг халуун сэдэв рүү ийн оруулчихав.

Тэрбээр нийслэлийн унаган төрхийг авч үлдэх, энд амьдарч буй иргэн бүр тав тухтай, сайн сайхан амьдрах ёстой гэсэн итгэл үнэмшлээр оны өмнөхөн байгуулагдсан “Улаанбаатар иргэний форум” ТББ-ын тэргүүнээр ажиллаж эхэлж буйгаа дуулгалаа.

-Танай байгууллага ямар зорилготой вэ?

-Өнөөдөр Улаанбаатар төдийгүй, бусад суурин газар ахуй, нийгэм, улс төр, соёлын гээд бүх салбарын хувьд уналтад орчихлоо. Манай төрийн бус байгууллага Улаанбаатар хотыг хөгжүүлэх нийслэл, дүүргийн урт болон дунд хугацааны төлөвлөгөөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хотынхоо унаган төрхийг авч үлдэх, урбанистикийг дэлхийн жишигтэй уялдуулах зорилготой.

-Та бүхэн өөрсдийнхөө оролцоог яг тодорхой болгосон уу?

-Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарлалаа. Энэ завшааныг ашиглан бидэнтэй адил бодож, бухимдаж буй ч үүнээсээ хэтэрч чадахгүй байгаа иргэдэд хонх бас гүүр болно. Зорилго нэгтнүүдтэйгээ нийлмээр байна. Гэхдээ биднийг албан тушаалтнууд биш, Монголын оюунлаг залуус нь анхаараасай, нэгдээсэй гэж хүсэж байна. Ямар ч байсан чадал чансаа хүрэх ажлаасаа эхэлнэ.

-Хаанаас эхэлье гэж төлөвлөж байна вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүсийг соён гэгээрүүлэхээс эхэлнэ. Юуны өмнө, Улаанбаатар хотын түүх хүүрнэсэн дурсгалт, уран барилгуудыг авч үлдэх, нурааж, хулгайд алдахаас сэргийлэх зорилгоор тодорхой саналууд гаргаж, олон нийтээр хэлэлцүүлнэ. Өнөөдөр Монголд архитектурын хувьд хамгийн хоцрогдсон буюу шил, толин барилгууд сүндэрлэж байна. Гэтэл дэлхийд өнөөдөр Улаанбаатарт байгаа Солонгосын ЭСЯ-ны барилга шиг давтагдашгүй, ориг уран барилгын үе эхлээд байна. Өнгөрсөн оны тавдугаар сард ОХУ-д дэлхийн урбанистикуудын том чуулган болсон. Тэнд оролцсон төлөөлөгчид мега хотуудын өндөр, том шилэн барилга, метро зэрэг нь хөгжлийн чиг биш гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Хүн байгальдаа ойр, хот жижиг байх тусмаа илүү тайван амьдардаг.

Харин бид ийм хойно хоцрогдсон нь мэдэхгүйн шалтгаан их байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр үйл ажиллагаагаа маш идэвхтэй явуулна. Хамгийн анх танай сонинд ярилцлага өгч байна.

-Иргэдийн оролцоог ямар байдлаар идэвхжүүлэх вэ?

-Жилдээ нэг удаа Улаанбаатар хотын иргэн бүрт нээлттэй чуулга уулзалт зохион байгуулдаг болно. Үүнийг “Улаанбаатар иргэний форум” ТББ-ын оргил арга хэмжээ гэж ойлгоорой. Өнөөдөр дэлхийн хотууд аль чиглэлд явж байна. Бидний сүүлийн 26 жилд явж байгаа замнал ер нь зөв үү, буруу юу гэдэгт иргэдийн дуу хоолойг идэвхжүүлэх юм. Манай байгууллагад Европын хотын захиргаа, хот төлөвлөлтийн мэргэжлийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай монгол экспертүүд бий. Хүмүүсийн анхаарлыг татахуйц үйл ажиллагаа явуулж, санал зөвлөмж гаргана. Телевизийн сувгаар иргэдтэй нээлттэй ярилцах цуврал нэвтрүүлэг санаачилж байна.

-Хот төлөвлөлтийг юун түрүүнд онилоод байгаа юм байна гэж ойлголоо?

-Бидний ажлын нэг хэсэг бол яалт ч үгүй хотын хуучин барилгуудыг хамгаалах. Энэ маань Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг хадгалж үлдэх зорилготой. Аливаа хотын амин сүнс нь хуучин байшин барилга, гудамж талбай, булан тохойд явдаг юм.

-Яагаад?

-40 мянгатын дөрвөн давхруудыг Сибирийн нэг хотод байдаг л гэж ярьдаг. Гэхдээ архитектураас илүү, түүнд амьдарч байсан хүмүүсийн сүнсийг бид устгаж болохгүй. Монголын бүхэл бүтэн нэг үеийн түүхтэй холбоотой амьдралыг яагаад үлдээж болохгүй гэж.

Ийм барилгуудаа нураачихаад Хятадын захын нэг хотод л байдаг шилэн барилга босгочихоод байна шүү дээ. Өөр барих газар олдохгүй байгаа хэрэг үү. Хүүхдийн ордныг нурааж яах гэсэн юм. Тэндээс Монголын олон мянган авьяаслаг хүүхэд урлагийн ертөнцөд хөл тавьсан. Лениний хөшөө гэхэд л урлагийн бүтээл, Монголын түүхийн нэг хэсэг болохоос бус хүүхдийг коммунист болгодог эд биш л дээ.

-Төвлөрлийн улмаас бидэнд тулгамдаад байгаа олон асуудал бий. Гэхдээ нэн түрүүнд анхаарах ёстой нь аль вэ?

-Агаарын бохирдолтой адил бидний хоолойд тулчихсан дахиад 10-аад хүндрэл байна. Замын түгжрэл, хөрсний бохирдол, усны нөөц, үнийн өсөлт, гэмт хэрэг, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. Манай нийслэлийг дэлхийн аялал жуулчлал, өрсөлдөх чадварын тайланд хамгийн зочломтгой бус 10 хотын тоонд багтаасан байна.

Бас нэг судалгаа. АНУ-ын “Тайм” сэтгүүл дэлхийн 112 улсын иргэдийн амьжиргааны өртөгт судалгаа хийж, чансааг гаргасан. Нийт дөрвөн үзүүлэлтээр гаргасан энэ судалгаагаар Монгол хамгийн өндөр өртөгтэй 10 улсын жагсаалтанд оржээ. Хамгийн хоржоонтой нь манай нийслэлийн өрхийн дундаж орлого 2015 оны байдлаар 600 ам.доллар. Харин бидэнтэй адил амьдралын өртөгтэй гээд байгаа орнуудын өрхийн дундаж орлого нь сард 2000-3100 ам.доллар.

-Хэт их төвлөрөл гэж юу юм бэ. Хор уршиг нь юу вэ?

-Өмнө нь бид олон хүн амтай бол зах зээл томтой, эдийн засгийн хувьд өгөөжтэй гэж андуурдаг байж. Үүнийг хуурамч хотжил гэдэг. Ядуу буурай орон бүрт гарч ирдэг үзэгдэл. Орон нутаг хөгжилгүй болоход иргэд нь амьжиргаагаа залгуулахын тулд том хот суурин бараадаж байгаа хэрэг шүү дээ. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хүн амын тал нь ингэж нэг цэгт төвлөрснөөс үндэсний хэмжээний гамшиг тохиох эрсдэлтэй. Үүний тод илрэл өнгөрсөн жилийн улаанбурхан өвчний дэгдэлт. Өвчний гол тархалт хотод байсан.

Налайхад сайхан байшин барьсан ч оюутнууд очих нь юу л бол

-Одоо тэгвэл яг юунаас эхлэх ёстой юм бэ?

-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх концепцийг боловсруулахдаа бид хөгжлөө буруу тодорхойлж, алдаатай тусгасан. Тэрхүү баримт бичигт Улаанбаатар хотыг Монгол Улсын засаг захиргаа, соёл урлаг, аялал жуулчлал, спорт, аж үйлдвэрийн гээд олон салбарын төв болгоод заачихсан. Цаасан дээр хүртэл хөгжлийн гарцаа зөв тодорхойлж чадаагүй гэсэн үг. Гэтэл дэлхийн улс орнуудын нийслэл ихэнхдээ жижигхэн, засаг захиргааныхаа төв байх нь нийтлэг. Австрали гэхэд Сидней, Мельбурн гэсэн хоёр том хотын дунд Канберра гээд нийслэлтэй. ОХУ-д бас Москва, Санкт-Петербург гээд тусдаа байна. Канадын хамгийн жижиг хот нь Оттава. Вашингтон ч ялгаагүй.

-Налайхыг оюутны хот болгоно гээд төвлөрлийг сааруулах төлөвлөгөө уг нь бий?
-Хүн ам зүйн бодлогын хувьд авч үзвэл Налайх бол уурхайчдын хот. Тэнд хэчнээн сайхан байшин барьсан ч оюутнууд очих нь юу л бол. Багануурыг бас дагуул хот гээд нэрлэчихсэн. Уг нь Улаанбаатараас 50-60 км-ийн радиус дотор байж дагуул хот гэж хэлэх ёстой шүү дээ. Үүний зэрэгцээ үйлдвэрүүдээ ч дагуул хот болгож тусдаа байлгах ёстой.

Гэхдээ бид аливаа хотыг өөрөө өөрийгөө авч явах боломжийг нь бүрдүүлж байгуулах ёстой. Түүнээс биш баахан орон сууц барьчихаад хүн очиж суулгана гэвэл бүтэхгүй санаа.

-Утааг арилгах шийдэл нь юу вэ?

-Нэн түрүүнд гэр хорооллын асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ их гэр хороолол яаж бий болсон бэ гэхээр хөдөө орон нутагт амьдрал хөгжилгүй болоод л хот бараадсан гэж түрүүн хэлсэн. Тиймээс энэ нягтралыг бууруулах ёстой. 1-т үйлдвэрүүдээ хотоос нүүлгэх, үйлдвэрийн дагуул хоттой болох. 2-т оюутнууд, эрдэмтэн мэргэддээ тусдаа эрдмийн хот байгуулж өгч, Улаанбаатараас гаргах хэрэгтэй. 3-т 50-60 сая малаасаа орон нутгаас ирсэн иргэдэд худалдаж авч өгөөд, фермерийн аж ахуй эрхлүүлэх гээд зөв зохион байгуулалттай ажил хийж болно. 4-т орон нутгийг хөгжүүлэх, улсын хэмжээнд суурин бүх газар л хотын соёлтой болох ёстой. Хотын хөгжил хөдөө орон нутгаас эхлэнэ гэсэн парадокс гаргалгаа гарч ирж байгаа юм.

-Баярлалаа.

Сэтгэгдэл
Зочин
202.131.226.194
Хотоо нийслэл чигээр нь үлдээх хэрэгтэй. Харин үйлдвэрлэлийн хот, эрдмийн хот, уурхайчдын хот гэх зэрэг нийслэлээ тойруулан дагуул хотуудыг төлөвлөгөөтэйгээр барьж байгуулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна, маш зөв зүйтэй санаачлага байнаа. Бас орон нутагтаа хүмүүсээ сайхан амьдруулах нөхцөл бололцоогоор нь сайн хангаад өгвөл, хэн ч ийшээ тийшээ нүүгээд байхгүй шүү дээ.
САНАЛ БОЛГОХ