Минимализм эрчээ авсан Цагаан сар

Зөвлөгөө

Гарын зүүлт, алтлаг шанх, хатгамалтай цамц трэнд боллоо

Нэг үеэ бодвол монголчууд Цагаан сарын хувцаслалтад ихээхэн анхаарч, ноёд, хатад шиг л гоёх болж. Ингэхдээ гэр бүлээрээ ижилсэж, нэг хэв загварын дээл, цамц өмсөхийг илүүд үзэж байгаа юм. Цагаан сар гэхээр зарим хүнд хол сонсогдож байж мэдэх ч Монголын хувцас загварыг эрхэмлэгч “нийгэмлэгийнхэн” одооноос догдолж эхэлжээ. Баяраар өмсөх гоёлоо оёулах нэг нь төсөөлж, авах нэг нь хайж, зарим нь бартердахаар төлөвлөж буйтай олон таарлаа. Тиймээс загвар сонирхогчдод Гал тахиа жилийн үндэсний хувцасны трэнд хаашаа эргэснийг толилуулж байна.

ГОЁЛ
Энэ жилийн трэнд гоёл бол сутаж буюу эрдэнийн шигтгээ, чулууг нарийн сүлжсэн утсаар тойруулж оёсон чимэг юм. Сутаж гоёлыг анхлан оруулж ирсэн томоохон төлөөлөгч бол Сийлэн Гоо брэнд. Харин сүүлийн үед бүсгүйчүүд гараар урлаж зарах болжээ. Сутаж гоёлын дундаж үнийг танилцуулбал, зүүлт 60, ээмэг 30, бөгж 25 мянган төгрөг. Түүнчлэн алт, мөнгө шиг харагддаг энгийн материалтай ээмэг, шанх, гарын зүүлт эрэлттэй байх төлөвтэйг “MsGuaaMaral” брэндийн дизайнер Г.Марал хэллээ.

ХУВЦАС
Хэдхэн жилийн өмнө хүмүүс хурган дээл, хантааз, монгол гутал гэхчлэн иж бүрэн хувцасладаг байв. Харин сүүлийн үед илүү минималист маягийг эрхэмлэж, европ болон үндэсний хэв загварыг хослуулж өмсөх болсон. Хувцас захиалгын газруудын хийсэн хурган дээл хамгийн багадаа 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Нарантуул худалдааны төвд ээтэн гутал 80-120, монгол гутал 150-300, мөнгөн тоногтой ширэн бүс 30-120 мянган төгрөгөөр худалдаж байна. Харин дөрвөн тал нь буудаг малгай 125-350 мянга гэж бодвол Цагаан сараар иж бүрэн хувцаслахад хамгийн багадаа 650 орчим мянган төгрөг болно.

Гэхдээ одоо дэлгэрч буй шинэ хандлага бол хэмнэлттэй, ухаалаг худалдан авалтыг илүүд үздэг. Товчхондоо шинэ жилээр нэг удаа өмсөх даашинз, цагаан сараар нэг өмсөх дээлэнд хэдэн зуун мянган төгрөг үрэх хэрэггүй гэсэн үг юм. Түүний оронд төрөл бүрийн өмд, банзалтай хослуулах боломжтой, өдөр тутамдаа ч өмсөхүйц, үндэсний хэв загвартай цамц 55-110 мянган төгрөгт авч болно. Хувцас захиалгын газарт энгийн монгол цамц 40, загварлаг, нарийн хийцтэй бол 60-80 мянган төгрөгийн үнэ ханшаар хийдэг.

Цагаан сараар хөнгөн, нимгэн, хямд хувцаслахыг зорьж байна
“Go-Go Clothing” үндэсний хувцасны брэндийг үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Б.Урангоо “Үндэсний хувцсыг өдөр тутамдаа өмсөхөд хэт нүсэр байдгаас болж зөвхөн баяр ёслолоор өмсдөг байлаа. Харин одоо үед залуучууд үндэсний хувцас өмсөх хүсэлтэй болсон нь ажиглагдсан. Бидний хувьд өдөр тутам болон тэмдэглэлт баяраар гээд хэдийд ч өмсөх боломжтой загварлаг, биед эвтэйхэн, үндэсний хэв шинжийг шингээсэн хувцас гаргахыг зорьдог. Энэ жил монгол захтай, энгэртээ хатгамалтай, ханцуйтай, ханцуйгүй цамцнууд илүү эрэлттэй байна. Материалын тухайд таар, даавуунаас илүү гоёмсог пүүсүү болон чисчүүг сонирхох болжээ. Мөн хатгамал оруулж өгснөөр илүү тансаг харагдуулж байгаа юм” гэв.

“Жаран” төвийн “Чамин” хувцас захиалгын газрын дизайнер, оёдолчин Н.Цэндсүрэн “Хүмүүс сүүлийн үед нимгэн, хөнгөн юм өмсөх хүсэлтэй болжээ. Хуучных шиг хурган дээл өмсчихөөд л хөлрөөд суух хүсэл алга гэх юм. Цэвэрхэн өнгө, хийцтэй хэрнээ эрхэмсэг зүйл сонирхдог болж. Өнгийн оруулга гэхээс биш хэтэрхий эрээн алаг хээтэй хувцас моодноос гарчихлаа. Түүнчлэн энгийн монгол зах, монгол энгэртэй цамц, дээл хүмүүс их захиалж байна” хэмээлээ.


Тус захиалгын газарт эмэгтэй энгийн дээл 100-120, загварлаг бол 120-180 мянган төгрөгөөр оёдог аж. Гэхдээ энэ бол материал ороогүй үнэ гэдгийг санаарай. Дашрамд дуулгахад, Нарантуул худалдааны төвд торго, үйтэн хуар 25-40 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Харин эрэгтэй энгийн дээл 120-150, загварлаг нь 140-200 мянган төгрөгийн үнэтэй. Эцэст нь хэлэхэд, та моод дагадаг хүн биш гэхнээ цагаан сараар үндэсний хувцсаараа гоёхыг хүсдэг бол дээлнээс өөр олон сонголт бий болсныг дуулгахад таатай байна.

Үндэсний хувцасны хэрэглээ хувьсаж, ууж, хантааз хоцрогдчихоод буйг салбарынхан өөрсдөө ч хэлдэг. Гэхдээ та улнаасаа зулай хүртлээ нүнжигтэй сайхан гоёхыг хүсэж байж мэдэх юм. Үнийн хувьд хантаазыг дунджаар 140-200, уужийг 140-160 мянган төгрөгөөр оёж байгаа аж.
"Siilen Goo" брэндийн сутаж хийцийн гоёл.
Гоёл чимэглэлийн "MsGuaaMaral" брэндийн гарын зүүлт.

"Go-Go Clothing" брэндийн цамц, банзал.

САНАЛ БОЛГОХ