“Хоёр Мөнх”-ийн өрсөлдөөний өнөө цагийн хувилбар

Спорт

Тэд сүүлийн есөн жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг бусдад алдсангүй

Жигжидийн Мөнхбат, Хорлоогийн Баянмөнх гэсэн хоёр агуу бөх нэгэн үе зүлэг ногоон дэвжээг эзэгнэж байлаа. Тэд бусдаас хол тасархай болохоор зөвхөн өөр хоорондоо өрсөлдөнө. Тиймдээ ч ард олноос “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” гэсэн алдрыг авсан юм.

Жар, далаад оны үед үндэсний бөхөд өрнөж байсан энэхүү өрсөлдөөнийг өнөө цагийн хөлбөмбөгийн нөхцөл байдалтай зүйрлүүлж болмоор. Бүр тодруулбал, Лионель Месси, Криштиану Роналду гэсэн хоёр агуу тамирчны өрсөлдөөн хөлбөмбөгийн ертөнцийг чимсээр удлаа. Энэ байдал өдгөө ч үргэлжилсээр. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг сүүлийн есөн жил зөвхөн энэ хоёр тамирчин хуваан авсан нь үүний илэрхийлэл.

Өнгөрсөн даваа гарагийн үдэш Швейцарийн Цюрих хотноо дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах ёслолын ажиллагаа болоход португал залуу Роналду өнгөлж, гол өрсөлдөгч Месси удаалав. Францын шигшээгийн довтлогч Антуан Гризман гуравлажээ. Уламжлал ёсоор хөлбөмбөгөөр дагнан бичдэг спортын сэтгүүлчид, шигшээ багуудын ахлагч, дасгалжуулагч нарын саналаар шилдгүүдийг тодруулсан юм. Роналдугийн хувьд нийт саналын 34.54 хувийг авсан бол Месси 26.42, Гризман 7.53 хувийн саналаар удаалжээ. Тэдний араас Неймар 6.23, Л.Суарес 5.11, Г.Бейл 4.62, Р.Махрез 2.20 хувиар бичигдсэн юм.


Дэлхийн шилдгийг тодруулахад монголчууд ч хувь нэмрээ оруулдаг. Энэ жилийн тухайд шигшээ багийн ахлагч Д.Төрбат Л.Суарес, П.Погба, К.Роналду гэсэн дарааллаар саналаа илгээжээ. Харин шигшээгийн дасгалжуулагч З.Баттулга А.Гризман, К.Роналду, П.Погба нарыг сонгосон байна.

Сонирхуулахад, Роналду өөрөө санал өгөхдөө “Реал”- ын хамтрагчид болох Г.Бейл, Л.Модрич, С.Рамос нарыг шилдэг гэж үзсэн бол Мессигийн хувьд Л.Суарес, Неймар, А.Иньеста гэсэн “Барса”-гийн гурвалыг сонгожээ. Үнэндээ Роналду шилдгээр тодорсон нь шударга явдал байв. Түүний хүчин зүтгэдэг “Реал Мадрид” клуб өнгөрсөн улиралд лигтээ аман хүзүүдэж, Аваргуудын лигт түрүүлсэн. Роналду энэ тэмцээнд багаа аваргалахад гол үүрэг гүйцэтгэж, 16 гоолтойгоор мэргэн бууч болсон юм. Улмаар зун нь Францад зохиогдсон Европын АШТ-д багаа ахлан оролцож, аваргын цомд хүргэсэн билээ. Чухам Европын аваргад түрүүлсэн нь түүний шилдэг болох магадлалыг эрс нэмэгдүүлсэн гэж болно. Роналду өмнө нь дэлхийн шилдгээр гурвантаа шалгарч байв. Гэхдээ энэ удаагийн шагналыг онцгойлон үзэж буйгаа илэрхийлжээ. “2016 он миний карьерийн хамгийн оргил жил байлаа” гэсэн үгнээс нь үүнийг ойлгож болно.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулахад монголчууд ч хувь нэмрээ оруулав
Энэ өдөр шагнал гардуулах ёслолд “Барса”-гийн нэг ч тоглогч ирээгүй нь шүүмжлэлийн үндэс болов. Уг нь Месси эхний гуравт тунан үлдээд байсан. Мөн тус багийн дөрвөн ч тамирчин оны бэлгэдлийн шигшээд багтсан юм. Тиймээс хэвлэл мэдээллээр тэднийг шагналын арга хэмжээнд хүндэтгэлгүй хандлаа, өөрсдөө дэлхийн шилдгээр тодорсон үедээ л ирдэг гэж шүүмжлэв. Харин “Барса”-гийн дасгалжуулагч Л.Энрике тамирчдаа өмөөрч, багийнханд нь амралт хэрэгтэй байсан тул явуулаагүй гэдгийг тайлбарлажээ.

Оны шилдэг дасгалжуулагчаар “Лестер”-ийн К.Раньери шалгарсанд олон хүн баярласан биз ээ. Түүнтэй энэ алдрын төлөө өрсөлдсөн Зидан, Сантуш нар мөн л мундаг амжилт гаргасан. Тухайлбал, Зидан улирлын дундуур “Реал”-ын жолоог атгаснаас хойш уналтад ороод байсан багийг богино хугацаанд босгож чадсан. Аваргуудын лигийн хүнд хэцүү тоглолтод гайхалтай ялалт олныг байгуулсан нь түүний ямар мундаг дасгалжуулагч болохыг илтгэнэ. Сантушийн хувьд Португалын шигшээг Европын аваргад анх удаа түрүүлүүлж, түүхэнд бичигдсэн. Харин Раньери гялтайх од тоглогчгүй даруухан “Лестер”-ийг өрсөлдөөн ширүүн Английн Премьер лигийн аварга болгож, дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн билээ. Тиймдээ ч 65 насандаа дэлхийн шилдэг дасгалжуулагчаар анх удаа тодорлоо. Тэрбээр шагнал гардсаны дараа “Миний дасгалжуулагчийн карьер дөнгөж эхэлж байна” хэмээн ярьжээ.

САНАЛ БОЛГОХ