Б.Тамир: Шинэ бүтээгдэхүүн нийлүүлэхээр зорьж байна

Хөрөнгийн зах зээл

Компанийн үнэлгээ 2.7 тэрбум төгрөгтэй тэнцэж байна

“Хөрөнгө оруулагч үндэстэн” компани Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа тун удахгүй арилжаалах гэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад ямар боломж нээж өгөх талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Тамиртай ярилцлаа.

-Танай компани энэ оны эхний улиралд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа. Нээлттэй компани болох бэлтгэлээ хэр хангаж байна?

-Бид “Хөрөнгө оруулагч үндэстэн” хувьцаат компаниа үүсгэн байгуулаад нэг жил болж байна. Хоёр хоногийн өмнө манай компани нэг нас хүрсэн. Хувьцаагаа олон нийтэд гаргахын тулд холбогдох байгууллагуудад хандаж, шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, улмаар хуулийн хүрээнд бэлтгэл ажил жигдрэх шатандаа явж байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хамааралтай ажлууд үндсэндээ цэгцрээд байгаа. Удахгүй Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид албан ёсоор хүсэлтээ хүргүүлнэ.

-Манай улсын эдийн засгийн нөхцөл амаргүй байна. Ийм үед дээрх алхмыг хийх нь хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөх магадлалтай. Үүсч болох эрсдэл болон боломжийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Хувьцаагаа Цагаан сараас өмнө Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар төлөвлөж байгаа. Хэдийгээр манай улс эдийн засгийн хямралтай ч хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ асар их байна. Энэхүү хэрэгцээ, шаардлагад нийцэх бүтээгдэхүүний нэг нь манай компанийн хувьцаа байх болно. Эрсдэл мэдээж бий. Үүнийг тооцож үзсэн. Энэ оны эдийн засгийн дунд хугацааны төлөвийг өөдрөгөөр харж байгаа. Өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн уналт тогтворжиж, хямралаас энэ онд аажмаар гарах найдвар бий. Төгрөгийн үнэ цэнэ буурч байна. Иргэдийн хувьд бэлэн мөнгөө хадгаламж хэлбэрээр байршуулахаас илүү хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдсэн. Цаашид хөрөнгийн зах зээлийн оролцогчид улам тэлнэ гэж харж байна. Эдийн засгийн хүндрэл нь сорилт гэхээс илүү боломж.

-Хэдэн ширхэг хувьцаа гаргаж, нэгж хувьцаагаа хэдэн төгрөгөөр үнэлэх вэ?

-Манай компанийн нэгж хувьцаа жилийн өмнө 1000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Энэ бол анхны үнэ. Үүнээс хойш үйл ажиллагаа идэвхжиж, хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж, өгөөж авчрах сайн менежментийг нэвтрүүлсэн. Ингэснээр хувьцааны үнэлгээ өсөж, үнэлгээнд бодит өөрчлөлт орж, хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөж нь нэмэгдэж эхэлсэн. Манай хувьцааны үнэлгээ 70 орчим хувиар өсөж, одоогоор 1696 төгрөг болоод байна. Тэгэхээр манай компанийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд 70 хувийн өгөөж хүртсэн гэсэн үг. Тодруулбал, нэг сая төгрөгийг бид 1.7 сая төгрөг болгож чаджээ. Одоогийн байдлаар “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани нийт 800 гаруй хувьцаа эзэмшигчтэй болоод байгаа.

-Хувьцааны үнэлгээ эрс өсчээ. Танай компани удахгүй Хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаална. Ингэснээр хөрөнгө оруулагчдад ямар боломж нээгдэх вэ?

-Хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын хөрвөх чадвар нэмэгдэнэ. Компанийн хувьд ч хөрөнгө оруулагчдаа тэлэх боломж шинээр нээгдэнэ. Энэ бүхэн нэгж хувьцааны үнэлгээнд эерэг өөрчлөлт дагуулна гэж харж байгаа. Түүнчлэн иргэдээс татсан мөнгөө хөрөнгө оруулалт болгож хувиргасан нь манай орлогын тайлангаас харагдана. Зарим нь урт хугацааны хөрөнгө оруулалт болж, цаашид өсөн дэвжих боломжтой компаниудын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж буй. “Хөрөнгө оруулагч үндэстэн” компанийн хувьд өнгөрсөн хугацаанд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын өгөөжтэй ажилласан. Энэ нь бидний хөрөнгө оруулалтын үнэлгээ өссөнтэй холбоотой.

-Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг гэж тараах уу?

-Урт хугацааны хөрөнгө оруулалт гэж иргэдээс мөнгөн хөрөнгө татаж, хувьцаагаар баталгаажуулсан. Ногдол ашиг гэж богино, дунд хугацаандаа тараахгүй. Үүнийг анхнаасаа хэлж байсан учраас энэ мөнгөө үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт болгоод явна. Үр дүнд нэгж хувьцааны үнэлгээ өснө. Дунд болон урт хугацаанд нэгж хувьцааны өгөөж илүү нэмэгдэнэ. Хөрөнгийн биржээр арилжаалах нэгж хувьцааны үнэлгээг эцэслэн тогтоогоогүй байгаа.

Бидний хувьд шинээр нэмж хувьцаа гаргаагүй, байгаа хувьцаануудаа бирж дээр гаргахаар төлөвлөж байна. Нийтдээ 1.6 сая ширхэг хувьцаа аж ахуйн нэгж, иргэдийн гар дээр бий. Энэ хувьцаа маань бирж дээр бүртгэлтэй болно гэсэн үг. Хүмүүс хоорондоо хувьцаагаа өгч, авалцах нь нээлттэй. Шинээр орж ирэх хүмүүст зориулж тодорхой хэмжээний хувьцааг тусгаарлаж, халаасны хувьцаа байдлаар гаргана. Энэ нь 300 мянга орчим хувьцаа байх юм. Үүнээс борлуулалт хийх боломжтой болно. Компанийн үнэлгээ 2.7 тэрбум төгрөгтэй тэнцэж буй. Нийт төвлөрүүлсэн мөнгө 1.8 тэрбум орчим байгаа.

Хөрөнгийн зах зээлийг урьд урьдынхаас илүү сонирхох болсон

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж ажиллана гэдэг амаргүй. Хувьцаат компаниас хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэр рүү шилжиж ирсэн сүүлийн 20 жилийн хандлагыг та бүхэн сөрж алхах нь...?

-Бид хөгжиж буй хөрөнгийн зах зээлд шинэ жишиг тогтоон ажиллахаар зорьж байгаа. Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч болох боломжийг бүрдүүлэх нь чухал. Манай компани зах зээлд шинэ стандартуудыг нэвтрүүлж, бусдадаа боломж нээж байгаа гэж ойлгож болно. Бид иргэдээс хөрөнгө төвлөрүүлээд тодорхой зорилгын төлөө явж болж байна. Бусад компанид ч ийм гарц нээлттэй. Хөрөнгийн зах зээлд мөнгө босгох боломж байгааг бид хүмүүст харуулахын төлөө ажиллаж байна. Цаашдаа ч ажиллах болно. Иргэн бүр хөрөнгө оруулагч байх тэр боломж, бололцоог манай компани бүрдүүлэх зорилготой. Бид улирал тутам үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигч нартаа танилцуулж ирсэн. Манай компанийн хувьцааг сонирхож байгаа хүн болгонд энэ мэдээлэл нээлттэй. Энэ нь компанийн засаглал ямар түвшинд хөгжиж байгааг илтгэх болов уу. Бид өөрсдийн чадлаар хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөж, замдаа гараад байна.

-Хөрөнгийн зах зээл, тэр тусмаа хувьцааны талаарх иргэдийн ойлголт тийм ч өндөр түвшинд хүрч амжаагүй байна. Та бүхний зүгээс энэ байдлыг өөрчлөхөд хэрхэн анхаарах вэ?

-Хувьцааны талаарх иргэдийн ойлголт харилцан адилгүй. Иргэд сүүлийн үед хувьцаа болон хөрөнгийн зах зээлийг урьд урьдынхаас илүү сонирхох болсон. Хөрөнгө оруулах сонирхол иргэдэд маш их байна. Харин зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллээр дутмаг байгааг үгүйсгэхгүй. Тиймээс манайх иргэдэд зориулсан анхан шатны сургалтыг сард хоёр удаа зохион байгуулж, тогтмол уулзалт хийж эхэлсэн.

САНАЛ БОЛГОХ